“Ээжид минь нас хайрла…”

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

“Ээжид минь нас хайрла…”

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Ээжийг маань эрүүл болгоод өгөөч. Бидэнтэй тоглодог, дандаа хамт амьдардаг болгож өгөөч гэж бид хоёр өглөө болгон бурханд залбирдаг…” хэмээн хацраа бөмбийлгөн өгүүлэх жаал долоохон настай хэдий ч хоёрдугаар ангийн сурагч “том залуу”. Гэхдээ тэр элэгний церроз хэмээх хүнд өвчинд нэрвэгдэж, эмнэлгийн орон дээр хүнд өвчинтэйгээ тэмцэж, “эрүүл болно оо” хэмээн итгэн хүлээж байгаа хүү охин хоёртоо болон дээшээ тэнгэр, доошоо газар хатуу болоод байгаа цаг зуурын зовлонг сөрж ядсан ханьдаа эргэж очих гэж тэмүүлэх 29-хөн настай бүсгүйн халуун амь нь юм. Сүүлийн үед 2.6-хан сая монголчуудын маань цөөнгүй хувь илт өвчлөх болсон энэ өвчин энэхүү халуун голомттой залуухан гэр бүлийг дайрсан нь харамсал. Юугаа ч мэдэхгүй, инээснийг даган инээж, уйлсан нэгнийг түгшин царайчлах гурван настай охин нь Эрдэнэбурмаа бүсгүйд  “миний ээж” хэмээн хошуу цорвойлгон үе үехэн эрхлэх нь сэтгэл өвтгөнө.

    Монголчууд нэгдвэл хүч нэг, дуугарвал дуу нэгтэй ард түмэн. Тиймдээ ч тэнүүн явахад тэмээгээр туслахаар тэвдэж явахад нь тэвнээр тусла хэмээдэг энгийн атлаа их ухаантай түмэн. Энэ л ард түмнээсээ өнөөдөр хошуу дэвсэн бүлтэлзэх балчирхан үрсээ өнчрүүлчих вий гэсэндээ хүнд өвчнөө сөрөн байж хөл дээрээ хэсэгхэн өндийсөн бүсгүй тусламж эрж байна. Дөнгөж 29 настай Эрдэнэбурмаа бүсгүйд 2.6 сая монголчуудын маань өчүүхэн гэлтгүй тус хэрэгтэй байгааг дуулгах юун. Учир нь сэтгэл гаргасан сая иргэний маань сэтгэлээсээ өгсөн 100 төгрөг ч энэ удаа багадахгүй юм. Эрдэнэбурмаа бүсгүй  бага байхдаа хоёр удаа шар өвчин тусч   байсан ч бие нь өвдөөд зовоогоод байдаггүй байсан болохоор даанч нэг тоохгүй явсан гэнэ. Гэтэл 2008 оноос  бүсгүйн биеийн эсэргүүцэл суларч, үе үехэн өвдөх болсон учир эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгтөл элэгний церроз хэмээх өвчин тусч, хүндэрснийг мэджээ. Шинжилгээний хариутай зэрэгцэх шахам түүний биеийн байдал эрс муудаж, Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлэгт хүргэгдэх үеэр бие нь бүхэлдээ ногоон туяатай болж, шокын байдалд удаа дараа орж байсан ч хоёр хүүхдийнхээ төлөө л амьдралд тэмүүлж байна хэмээн хадам ээж нь хоолой зангируулан өгүүлсэн.

    Эрдэнэбурмааг арван жилийн ангийн болон багын найзууд нь эмнэлэгт ээлжлэн сахиж байна. Биднийг очих үеэр түүний хадам ээж болон аав, эгч, нөхөр, хүүхдүүд нь эргэж ирсэн байлаа. Монголчууд үхтэл үр харам гэж зүгээр нэг ярьдаггүй билээ. Өндөр насыг үүрч яваа ч өөрийгөө үл тоон, охиноо хөл дээр нь босгож, бяцхан зээ нарынхаа элгийг дэвтээхсэн хэмээн чин сэтгэлээсээ хүсч буйгаа  хоолой зангируулан өчих түүний аав “охиныг маань эрүүл болоход тус дэм болооч” хэмээн ард түмнээсээ гуйсныг энэ дашрамд дамжуулъя. Биднийг очиход Эрдэнэбумаа бүсгүй нэлээд өөдрөг байсан. Гэтэл “ээж ээ” гэсээр гүйж ирсэн хүүхдүүдээ хараад хэсэгхэн зуур хямраад авсан. Бүр асгартал уйлах түүнийг харсан хэний ч сэтгэл огшихгүй байхын аргагүй байсан юм. Ээжийнхээ хөнжлийн захад нүүрээ нуун чимээгүйхэн уйлахыг харсан хүүхдүүд нь мөн л уйлж, том хүү нь “ээжийн минь өвчнийг эдгээж, эрүүл саруул болгож өгөөч хэмээн бурханд өглөө болгон залбирдаг” хэмээн өгүүлэхэд эмнэлгийн давчуухан өрөөнд тэртэй тэргүй давчдаж байсан сэтгэл маань бүр атирах ч зайгүй болчих шиг санагдсаныг яана. Эрдэнэбурмаагийн нөхрийг Бямбаа гэдэг, уул уурхайн компанид ажилладаг юм байна. Ханиа хөл дээр нь босгохын тулд чадах бүхнээрээ зүтгэж байгаа тэрбээр сүүлийн үед шоконд ороод байгааг эхнэрийнх нь найзууд өвөр зуураа өгүүлснийг чихний гадуур өнгөрөөж даанч нэг чадсангүй…

    Бидний монгол угсаатан даяарчлагдсан дэлхийд дэндүү цөөхүүлээ. Гэхдээ ямарваа зүйлийг олноороо биш эв нэгдлээрээ ялан дийлдэг гэдэг шүү дээ. Эрхэм монголчууд маань эвлэвэл бүтээдэг эгэл зангаараа энэ гэр бүлд хандаж, элэг бүтэн амьдрахад нь тусалья. Эрдэнэбурмаа бүсгүйд туслахыг хүссэн хүн Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн 499181591, ам.долларын 499181592 данс  руу сэтгэлийн хандив өргөхөд хангалттай юм байна.  Мөн  99837716  гэсэн утас руу залгаж төрсөн эгч Баясаатай нь холбогдож болно. Харин 99204098 утас руу залгаж арван жилийн найз Дулмаатай нь холбоо барьж болох юм.


    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж