
Оюутолгойн ордыг тойрсон маргаан Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар дуусгавар болно хэмээн итгэж найдаж суусан олон хүнд тэрхүү итгэлд нь ямар ч баталгаа байхгүй гэдгийг юун түрүүнд хэлэх ёстой санагдана. Учир нь уг ордыг тойрсон зөв, буруугийн аль нь ч мэдэгдэхгүй уртаас урт маргаан цаашид ч үргэлжилсээр байх нь тодорхой. Монгол Улсын эдийн засгийн ирээдүйн баталгаа болсон уг орд газрын тухайд хөрөнгө оруулагчид аль хэдийнэ бүтээн байгуулалтаа эхлүүлсэн байгаа. Гэхдээ “Рио Тинто” болон “Айвенхоу майнз”-ын хооронд өрнөсөн мэтгэлцээнд ч тодорхой хариулт олдоогүй гэж болно. “Айвенхоу майнз” компани анх “Рио Тинто”-д 46.6 хүртэлх хувиа шилжүүлэхээ амласан ч Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан даруйд уг тохиролцоогоо боломжгүй хэмээн мэдэгдсэн. Улмаар энэхүү шийдвэрээ жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд гэдэг тайлбараар хаацайлсан. Харин үүнийг нь “Рио Тинто” гэрээгээ зөрчсөн гэж үзээд олон улсын арбитрын шүүх дээр Оюутолгойн хөрөнгө оруулагчид маргаж, мэтгэлцэнхэн сууж буй.
Харин энэ удаад тэдний эл маргаан өөрийн гэсэн монгол хувилбартай болж, УИХ-ын гишүүн Н.Батбаяр тэргүүтэй улстөрчид “Хөрөнгө оруулалтын гэрээний цаадах хувь нийлүүлэгчдийн гэрээ нь цэвэр луйвар болсон” хэмээн эсэргүүцэх болсон. Тэдний хувьд Засгийн газрын зүгээс нууцын ангилалд анх оруулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээг олж үзээгүй байсан учраас ийн 30 жилийн турш хүчин төгөлдөр үйлчлэх хатуу гэрээний араас хэл ам таталж суугаа нь энэ. Харамсалтай нь, тэдний дээрх маргаанд албан ёсны тайлбар өгч буй Засгийн газрын гишүүд хийгээд хөрөнгө оруулагч гэж алга. Гагцхүү Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын зүгээс л “Давуу эрхийн хувьцаа гаргаснаар Монголын эзэмшлийн 34 хувь буурахгүй” гэдэг богинохон агаад тодорхой тайлбаргүй хариулт өгсөн байгаа.
Тэгвэл дээрх хоёр талын аль нэгнийх нь байр суурийг дэмжиж, тэдний улс төрд хутгалдахаас илүү бодит гаргалгаа нь юу болохыг тайлбарлах нь илүү оновчтой бололтой. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын Засгийн газрын хувийг энгийн хувьцааны 34 хувь хэмээн тодорхойлсон байгаа. Ингэхдээ давуу хувьцаа эзэмшигчийн тухай асуудлыг уг гэрээнд огт дурьдаагүй. Харин Хувь нийлүүлэгчдийн гэрээнд давуу эрхийн хувьцаа гаргах замаар олон улсын хөрөнгийн биржээс санхүүжилт босгож болно гээд заачихсан. Гол нь УИХ-ын гишүүд анх “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшинэ гэж хөөрцөглөснөөс бус хэн нь ч тухайн үед “Энгийн хувьцаа байх уу, давуу эрхийн хувьцаа байх уу” гэдгийг лавлаагүй байдаг. Дээр нь Монголын талаас өгөх нэг ч төгрөгийн санхүүжилт байхгүйгээр барахгүй ирээдүйн орлогоосоо нэмэлт зээл авчихсан. Үнэндээ энэхүү сул тал нь өөрөө хөрөнгө оруулагчдад давуу эрхийн хувьцаа гаргах бодит нөхцөлийг бүрдүүлээд өгчихсөн гэж ойлгож болно. Ийн өөрсдийн хариуцлагагүй байдлаас болсон алдаагаа өнөөдөр улстөржүүлж, гэнэт ухаан орсон мэтээр аяглах нь хэр зохимжтойг мэдэхгүй ч хөндөх ёстой сэдэв нь мөн үү гэвэл мөн байх нь ойлгомжтой. Цаг алдсаныг нь эс тооцвол шүү дээ. Яг өнөөдөр давуу эрхийн хувьцааны үнэлэмж тодорхой бус. Нийт хувьцааны хэдэн хувийг давуу эрхийн хувьцаа руу шилжүүлэв гэдэг нь бүрхэг байгаа учраас Монголын эзэмших хувь хэмжээ буурсан гэдэг хатуу бөгөөд эцсийн дүгнэлтийг хийх боломжгүй. Түүнчлэн Монголын талын эрх ашгийг давуу эрхийн хувьцаа гаргасан тохиолдолд хэрхэн хамгаалж авч үлдэх вэ гэдэг хувилбарыг ч өнөөдөр хэн хэн нь мэдээлээгүй байгаа. Нэг ёсондоо Хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд “Оюутолгой” ХХК-ийг тойрсон нууцлал бүхий мэдээ, баримт нь өөрөө ийн улстөржихөд хүргэж буй.
Үнэт цаасны зах зээл хийгээд компанийн хувь эзэмшлийн тухай орчин цагийн сонгодог тодорхойлолтууд энэ асуудалд дараах тайлбарыг өгнө. Энэ бол хөдөлшгүй тайлбар гэдэгтэй мөрийцөхөд ч алдахгүй. Учир нь энгийн хувьцаа нь ямагт давуу эрхийн хувьцааны ард эрэмбэлэгддэг. Хэдийгээр Монголын тал “Оюутолгой” ХХК-ийн энгийн хувьцааны 34 хувийг эзэмшигчийнхээ хувьд ТУЗ-д төлөөллөө оруулж, үйл ажиллагааг нь хянаж, санал өгөх эрхтэй ч хөрөнгийн зах зээлийн талбарт хоёрдугаарт бичигддэг хувь эзэмшигч гэдгийг хүлээн зөвшөөрөх хүн хангалттай олон.
Оюутолгой төсөл дээр давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн эрх авсан хэн ч энгийн хувьцаа эзэмшигчээс өөрийгөө илүүд үзэх эрхтэй гэсэн үг. Наад зах нь түүний хувьцаа бүр нь “Би бол хөрөнгө оруулагч” гэдэг тэрхүү том эрхийг баталгаажуулж байдаг. Нэг эсвэл 100 хувьцаа эзэмшинэ үү тэр нь хамаагүй. Эрх ашиг нь ямагт энгийн хувьцаа эзэмшигчийнхээс дээгүүрт тавигддаг. Тухайлбал, ноогдол ашгийг энгийн хувьцаа эзэмшигчээс түрүүлж авна, компанийг татан буулгах үед хамгийн түрүүнд өөрийн оруулсан хөрөнгийг авч, хэрэгтэй гэж үзвэл энгийн хувьцаа руу хувьцааны хэлбэрээ хөрвүүлж, саналын эрхтэй болж болно. Энэ бол давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн энгийн хувьцаа эзэмшигчээс илүүрхэх эрх. Оюутолгойд Монголын эзэмшлийн 34 хувийн энгийн хувьцааг хүчинтэй үлдээж болох ч хөрөнгө оруулагч тал давуу эрхийн хувьцааг зах зээлд гаргавал манай тал бэлгэдлийн буюу зөвхөн ашиг хүртэх эрхтэйгээр үлдэнэ гэсэн үг. Дээр нь энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаа руу шилжүүлэх боломжгүй учраас ямар ч тохиолдолд манай эрх ашиг хоёрдугаарт эрэмбэлэгдэнэ. Бодит үнэн дүгнэлт бол энэ. Гол нь ийм нөхцөл байдалд хүргэсэн улстөрчид нь өнөөгийн УИХ-ын гишүүд. Тэд энэ замыг сонгосон. Харин дараагийн хувилбарыг хэрхэн дэвшүүлэх нь тодорхой бус. Зөвхөн хэн нь илүү хурдан ухаарсан бэ гэдэг уралдааны оролцогч төдийхөн л харагдаж байна. “Рио Тинто”-ийн хувьд өнөөдөр өөрсдөө хувь эзэмшлийн асуудлаа эцэслэн шийдүүлж чадаагүй байгаа учраас маргааныг алсаас харахыг чухалчилж байж болох. Ямартай ч хөрөнгө оруулагч талаас давуу эрхийн хувьцаа гаргаж, түүнийгээ хэрхэн үнэлж, энгийн хувьцааны нийт хувьцаанд эзлэх хувийг хэдээр тогтоох вэ гэх мэт олон асуултын хариу тодорхой болох цагт энэ маргаан өөрийн гэсэн бодит хариулттай болно. Түүнчлэн Монголын төр давуу эрхийн хувьцаа худалдаж авах боломжгүй гэдгээ өрийн бичгээрээ баталчихсан байхад хариултыг нь зөвхөн хөрөнгө оруулагч тал л өгөх эрхтэй үлдсэн гэхэд ч нэг их буруудахгүй биз ээ.
1. ХНХ-д саналын эрхтэй
2. Ноогдол ашиг олгох шийдвэр гарсан тохиолдолд авна
3. II ээлжинд ногдол ашгаа авна
4. Ноогдол ашиг олгоогүй үед компани нөхөн олгох үүрэг хүлээхгүй
5. Хөрөнгө хуваарилахад зээлдүүлэгчид, давуу эрхийн
хувьцаа эзэмшигчдийн дараа III ээлжинд авна
6. Компанийн үйл ажиллагааны ашиг, алдагдал шууд нөлөөлнө
7. Хувьцааны ханшийн өсөлт бууралт хувьцаа эзэмшигчдийн орлогод шууд нөлөөлнө
8. Хөрвөх чадваргүй
9. Эргүүлэн дуудах чадвар багатай
ДАВУУ ЭРХИЙН ХУВЬЦАА
1. ХНХ-д саналын эрхгүй
2. Тогтмол хэмжээний ноогдол ашиг олгоно
3. Эхний ээлжинд ноогдол ашиг авна
4. Олгоогүй ноогдол ашиг компанийн хувьд өр хэлбэрээр байдаг учир заавал нөхөн олгоно
5. Хөрөнгө хуваарилахад зээлдүүлэгчдийн дараа II ээлжинд авна
6. Компанийн үйл ажиллагааны ашиг, алдагдал бараг нөлөөлөлгүй
7. Энгийн хувьцааны ханшийн өөрчлөлт давуу эрхийн хувьцаа эзэмшигчдэд нөлөөлөхгүй
8. Хөрвөх чадвартай
Г.ОТГОНЖАРГАЛ

"Улс төрийн тойм" сонин