ХБНГУ Монголд үзүүлэх тусламжийн хүрээгээ бууруулахгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

ХБНГУ Монголд үзүүлэх тусламжийн хүрээгээ бууруулахгүй

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх тэргүүтэй Монголын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт ХБНГУ-ын Франкфурт, Бонн, Берлин хотноо ажлын айлчлал хийгээд ирсэн билээ. Айлчлалын үеэр дэлхий нийтээр нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тандан судалж, түүнд дасан зохицох стратегийг тодорхойлох, хариу арга хэмжээ авах, нөлөөллийг нь аль болох бага байлгахын тулд ойн зохистой менежмент явуулах зэрэг цогц асуудлаар өргөн хүрээтэй уулзалтуудыг хийжээ. Ялангуяа хууль эрх зүйн орчин, бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, иргэдэд суурилсан ойн хамтын менежментийг үр ашигтай явуулах, ойн үндэсний парк, мэдээллийн төв ажиллуулах талаар Герман улсын туршлагыг Монголд нэвтрүүлэхэд бодлого зохицуулалтын тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж айлчлалын багийнхан үзжээ.

Учир нь Герман улс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар үр дүнтэй судалгаануудыг хийж, загварчлал гарган ойн тогтвортой менежмент явуулж буй олон жилийн туршлагатай орон. Засгийн газар нь дэлхий дахинаа ойн сан болон экосистемийг хамгаалах үйл ажиллагаанд 2012 он хүртэл 500 сая еврогийн санхүүжилт хийж, түүнээс цааш жилд 100 сая евро зарцуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Айлчлалын эхний өдрүүдэд төлөөлөгчид Германы техник, хамтын ажиллагааны нийгэмлэг/GTZ/-ийн үйл ажиллагаа, Монголд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, цаашид үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх талаар санал солилцжээ. Нийгэмлэгийн ерөнхий захирал ноён Кристоф Бэйер “ХБНГУ дэлхийн бусад орны нэг адил санхүүгийн хямралд өртсөн ч цаашид Монголд үзүүлэх техник, хамтын ажиллагааны тусламжийн хүрээгээ бууруулахгүй үргэлжлүүлэхийг зорино” гэдгийг онцлон тэмдэглэж, БОАЖ-ын сайд Л.Гансүх тус нийгэмлэгээс Монголд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг болон биологийн төрөл зүйлийг хамгаалах төслүүд ихээхэн үр дүнтэй байгаад талархал илэрхийлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж