Бувайсар Сайтиев: Олимпоос хойш амьдрал уйтгартай болж байна

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Бувайсар Сайтиев: Олимпоос хойш амьдрал уйтгартай болж байна

Бувайсар Сайтиев өнгөрсөн жилийн тавдугаар сард гурван хүүхдийн аав болсон юм. Харин үүнээс гурван сарын дараа буюу наймдугаар сард нь Сайтиев олимпийн аварга хэмээх эрхэм цолыг гурав дахиа хүртсэн. Олимпийн гурав, дэлхийн болон европын зургаан удаагийн аварга, бөхийн чөлөөт барилдааны домог болсон энэ агуу тамирчин Бээжингийн олимпийн дараагаас ирээдүйн төлөвлөгөөнд нь ямар чухал өөрчлөлт гарсныг “SportWeek” хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байлаа. Түүний өнгөрсөн тавдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэе.

 

-Бувайсар Хамидович, Бээ­­жин­гийн олимпийн наа­дамд байгуулсан таны түүхэн ялал­таас хойш олон сар өнгөр­лөө. Та олимпийн тухай нэгд нэгэн­гүй тунгаан бодож, ямар нэгэн дүгнэлт хийчихсэн байгаа байх?

-Харин ч үгүй. Би ямар ч дүгнэлт хийгээгүй. Спортын бэлтгэлийн оргил үеэсээ ааж­маар гарах ёстой гэдгийг ч мөрдсөнгүй. Магадгүй энэ нь би цаашид барилдахгүй гэж шийд­сэнтэй холбоотой байх л даа. Бээжингээс буцаж ирсний дараа баяр ёслолын арга хэмжээ үргэл­жилж, товчхондоо бол ердийн амьдрал хөвөрч байна. Миний хувьд энэ бүхэн хүсэн хүлээж байсан үе гэх үү дээ. Ачаалал­гүй, улайран зүтгээд байх зүйл­гүй, амар жимэр амьдралыг би их үгүйлдэг байсан. Олон жилийн ухамсарт амьдралаа гэх үү дээ, би ихэнх цаг хугацааг гэр бүлээ­сээ хол өнгөрүүлж, тэдний төлөө цаг бараг гаргадаггүй байлаа. Одоо тэр үед сул үлдээсэн орон зайгаа нөхөх гэж оролдож байна. Сүүлийн олимп миний ард хоцор­лоо. Бөх ч ялгаагүй. Одоо бэлтгэл сургуулилт хийх цаг хугацаа миний амьдралд алга.

-Тэмцээнийг зочны сууд­лаас үзээд дотор чинь буцлах­гүй байна уу?

-Огт үгүй. Тэгээд ч олимпиос хойш тийм ч их хугацаа өнгөрөөгүй байна.

-Бувайсар Сайтиевын ер­дийн амьдралын хэмнэлийг сонирхож болох уу?

-Гэртээ байхад цаг барих зүйл алга. Нарийн хуваарьгүй. Сэртлээ унтаад л…

-Таны хөвгүүд /Абдурахим, Алихан, Дени/ гүйж ирээд сэрээчихгүй байна уу?

-Эхнэр тэднийг өглөө цэцэр­лэгт нь хүргээд өгчихдөг учир би өөрийнхөөрөө тайван амарч бай­на. Өдрийн цагаар гэр бүлийн­хээ ажилд тусалж байна. Өмнө нь бол хадаас хадах ч юм уу, эсвэл ахуйн чанартай ямар нэгэн зүйлд оролцох боломж байдаггүй бай­сан. Би ч өөрөө хүсдэггүй байсан байх. Би бөхөөс өөр юм боддоггүй байлаа шүү дээ. Харин одоо бол гэр бүл, хамаатан садантайгаа ойр байх дотоод шаардлага урган гарч ирж байна. Манай энд чинь уламжлал да­вам­гайлсан огт өөр амьдралын хэм­нэл­тэй гэх үү дээ. Хэрэв би гэртээ удаан байгаа­гүй бол ирэнгүүтээ хамаатан садан, найз нөхдийнхөө гэрээр заавал орно. Манай том хотуудын амьдралд хүмүүсийн тэр сайхан харьцаа бараг байхаа больсон шиг санагддаг.

-Танай байр их сайхан сэтгэгдэл төрүүлмээр юм?

-Хасавюртад ийм байшинтай байхдаа яадаг юм, Москвад бариулаач гэж надад олон хүн хэлж байлаа. Энэ бол миний гэр орон, эх орон. Хашаандаа ороод ирэхээр л бодож санах зүйлгүй ёстой нэг сэтгэл амар байдаг. Одоо зун болж байгаа болохоор мод бут суулгах, ногоогоо тарих гээд өдөр хоног юу ч мэдэгдэлгүй өнгөрнө шүү дээ.  

-Танай гэр бүлийнхэн үр­гэлж уулздаг уу?

-Манайд бараг л өдөр бүр бүгдээрээ цугладаг. Миний том ах барилгачин. Сүүлийн  2-3 жилд зөвхөн манай гэр, байртай ноцол­дож байна. Өөр ажилд гаргах цаг зав түүнд байхгүй. Хашаан дот­роо байгуулсан мужааны болон тоосгоны бичил  үйлдвэрт ах, дүү нар маань ажиллаж байна. Бүгд нэг дор. Бидэнд хэцүү үе байсан. Таван жилийн дотор миний аав, өвөө болон аавын маань ах, дүү нар нас барсан юм. Гэр бүлийн маань бүх асуудал ээжийн ну­руун дээр ирсэн дээ. Миний дээр хоёр ах бий. Тэд юу хэлнэ, би гүйцэтгэдэг байлаа. Харин манай гэр бүлийн тэргүүн нь ээж шүү дээ. Бүх асуудлаа л ээжтэйгээ ярилцаж, шийддэг байсан. Гэр бүл бол миний хувьд хамгийн чухал. Миний амьдралд, спортын алдар хүнд байсан ч би заримдаа төөрч, спортыг орхимоор үе санагддаг байлаа. Тийм үед гэр бүл маань л миний сэтгэл санаа болоод амжилтыг өргөдөг байсан.

-Харин та одоо өөрийнхөө гэр бүл төдийгүй Оросын үл­гэр дууриал болсон, агуу тамирчин шүү дээ?

-Миний гол үүрэг бол бүгдийг зохион байгуулалттай, тохь тухтай, тайван амгалан байлгах. Манай Хасавюртад байдал их ноцтой. Гудамжинд танктай цэр­гүүд эргүүл хийж байна. Бараг өдөр бүр л тусгай ажиллагаа болдог. Манай эндхийн нэг оршин суугчид нэг цагдаа ноогддог. Манай энд байдал харьцангуй аюултай, бүр маш аюултай… Ийм нөхцөлд залууст анхаарал тавьж, замд нь оруулахгүй бол гэр бүлдээ буруугаар нөлөөлж ч магадгүй. Тиймээс ямар ч санал ирсэн би Москвад тайван амьд­раад байж чадахгүй.

-Та өөрийн эхнэр Инд­рагаа хулгайлж авсан гэдэг үнэн үү?

-Би тийм тэнэг зүйл хийхээр­гүй нас намбатай болсон хойноо эхнэр авсан хүн шүү. Тиймэрхүү зэрлэг явдал байдаг ч манай шашинтай огт холбоогүй. Хүнийг хулгайлна гэж байх уу?! Гэхдээ нэг удаа би тийм үйлдэлд оролц­сон ч надад огт таалагдаагүй. Азаар надад тэгэх шаардлага ч гараагүй.

-Индратай та анх хэрхэн танилцаж, сэтгэлээ илэр­хийл­сэн тухайгаа хуучлаач?

-Манай уламжлалаар бол энэ асуудлыг эмэгтэйчүүд л эхлээд ярьдаг гэх үү дээ. Залуу хүн нас бие гүйцээд ирэхээр эгч, бэргэн нар чинь тэнд нэг тийм аятайхан бүсгүй байна гэх мэтээр үг хэлж эхэлдэг дээ. Удалгүй та хэнтэй, ямар айлын охинтой суух гэж байгаагаа мэддэг. Ёс горимтой айлын охинтой суух гэж байгаа хүнд сүйт бүсгүйтэйгээ хоёулаа уулзахыг ч зөвшөөрдөггүй. Тэд ердийнхөөр бол сүйт бүсгүйн найзынд юм уу, хамаатан садных нь дэргэд уулздаг. Хоёр метрийн цаана суугаад л хамт амьдарч болох нь уу гэдгээ ойлгох хэм­жээнд хүртэл ярилцах жишээтэй.

-Таны хувьд?

-Үүнийг би ярихгүй. Зүгээр уламжлал ямар байдгийг танд ярьж байна. Минийх ч уламж­лалын дагуу л болсон хэрэг.

-Та хүүхдүүдийнхээ хүмүү­жилд анхаарал хэр тавьж байна?

-Харамсалтай нь, би тэр болгонд оролцож чадахгүй байна. Бусад эцэг, эхчүүд шиг л худлаа ярьж болохгүй, хов ярьж болох­гүй, айх хэрэггүй гэх мэтийн энгийн зан чанарын тухай тайл­барлаж хэлдэг.  Туршлага­гүй­тээд, том хүүдээ бага зэрэг хатуу ханддаг байсан байж ма­гад­гүй. Одоо бол бүгдийг тайван замаар шийдэж, учрыг нь тайл­барлаж өгөхийг оролддог юм. Ер нь бол гурван эрэгтэй хүүхэд ямар ч тайван эцэг, эхийг тэв­чээр алдуулахаар шүү. Ээж нь тэдэнд жавтий хүртээнэ. Хөвгүүд намайг гэртээ байхад дуртай. Яагаад гэвэл, ээж нь намайг байхад загнадаггүй юм. /инээв/ Гэхдээ харин эхнэр намайг тэднийг эрхлүүллээ гэж үглээд байдаг талтай.

-Хүүхдүүдээ спортоор хи­чээл­­лээсэй гэж бодож байна уу?

-Мэдээж. Ялангуяа энэ цаг үед залуус спортоор хичээллэх хэрэгтэй гэж би боддог. Том хотод амьдарч, биеийн хөдөлмөр эрхлэхгүй байгаа хүнд спортын ямар нэгэн дугуйланд явах нь хамгийн зөв арга. Харин жинхэнэ тамирчин болох, аварга болох гэдэг бол хоёрдугаар асуудал.

-Та спортоос хэсэг хуга­цаанд хөндийрсний дараа бэлтгэлээ сэргээж, дэвжээнд гарсныг тань бид мэднэ. Яа­гаад их спортдоо эргэж ирэх болсон юм бэ?

-Бага зэрэг ядрах гэж. Надад хэт их эрч хүч хуримтлагдсан байсан. Тэмцээнд оролцохгүй учраас тэр эрч хүч надаас гарах гарцгүй болчихсон байсан гэх үү дээ. Би өөрийгөө ядраах дуртай хүн юм шиг байна.

-Харин одоо та бөхөө бүр мөсөн орхисон уу?

-Та мэдэж байна уу? Бээ­жин­гийн олимпоос хойш хэдий чинээ хугацаа өнгөрнө надад төдий чинээ уйтгартай болж байна. Барилдаан бол өөрөө сонирхолтой үйлдэл юм л даа. Гэхдээ одоо надад тэр талаар шинэ төвшин нээгээд байх сонир­хол огт алга. Байн байн теле­визээр гараад байх хүсэл бүр ч алга. Намайг анх 1996 онд олим­пийн аварга болсны дараа хү­мүүс “Чи дандаа олимпийн аварга болно гэж байхгүй” гэж хэлдэг байсан. Магадгүй, тэгээд л миний спортын карьер дуусч байгаа юм шиг зарим нэгэнд нь санагдсан байж болох. Зарим хүмүүс тэгдэг л байх. Би л лав тэгж чадахгүй. Би өөрийгөө удаан хугацаанд барилдана гэдгийг мэдэж байсан гэж арай ч хэлж болохгүй байх. Ямар ч байсан өөртөө найдаж байсан. Би өөрийнхөө дотоод мэдрэмжид итгээд сурчихсан юм шиг байгаа юм. Бөхөөс салж байгаа гэдгээ би өөрөө одоо хүртэл ойлгоогүй ч байж болно шүү дээ. Эсвэл түүнээс салаа­гүй байхыг ч үгүйсгэхгүй.

-Хэрэв та үнэхээр л бөхөө орхиж байгаа бол өмсгөлөө өлгөх хэрэгтэй юм биш үү?

-Яалаа гэж. Би явлаа гэж зарлаж байгаагаа үзүүлэх гэж үү… Би явж байгаа нь сонир­холтой биш. Харин тэмцээнд барилдахаар орж ирвэл сонин байж болох юм. Спортоос бууна гэдэг нэг төрлийн пи-ар байж болох. Та намайг одоо ямар ирээдүй хүлээж байгаа бол гэдгийг их сонирхож байх шиг байна. Надад олон хувилбар байна. Одоогоор бодож байна. Ямар ч байсан сургуулиа  янзлах хэрэгтэй байна. Дараа, дараа­гийн төлөвлөгөө аажимдаа болох бик.

-Та тэгээд барилдах уу, үгүй юу?

-Миний найз Алихан Харсиев энэ жил намайг ямар нэгэн тэм­цээнд ор гээд байгаа. Зун амжих­гүй байх. Арванхоёрдугаар сард Красноярскийн тэмцээнд орол­цож магадгүй. Том тэмцээн шүү дээ. Би тэндээс л Бээжингийн олимпийн бэлтгэлдээ гарч бай­лаа. Нэгдүгээр сарын эхээр Красноярскт спортын дээд зэрэг­лэлийн сургуулиудын аваргын уламжлалт тэмцээнээр Ярыгины нэрэмжит барилдааны сонгон шалгаруулалт болдог. Ер нь энэ талаар одоо надаас асуух хэрэг­гүй байх. Би юу ч хэлэхгүй.  

-Тэгвэл одоогийн мөрөөд­лөөсөө хуваалцаж болох уу?

-”Мөрөөдөл” гэх зэрэглэлд оруулахаар хувийн ямар нэгэн зорилго алга байна. Миний хам­гийн том мөрөөдөл их тодорхой. Энэ дэлхий, эх орон маань дайн дажингүй, хүмүүс амар амгалан, эрүүл саруул амьдраасай гэж би хүсдэг. Хүн бүхэн уур уцааргүй, үргэлж инээмсэглэж амьдраасай гэж мөрөөддөг.

-Би таныг охинтой боло­хийг хүсч байна гэж хэлэх болов уу гэж бодсон. Гурван хүүтэй хүнд одоо охин хэрэг­тэй биз дээ?

-Бурхан хайрлавал, охинтой болно. Хөвгүүд маань өсч байна. Амьдрал баян шүү дээ.

Орчуулсан Ш.МЯГМАР /2009 оны 6 сарын 16/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж