Түүхий эдийн биржийн тухай төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Түүхий эдийн биржийн тухай төсөл өргөн барив

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр үдээс хойш Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  сайд Т.Бадамжунай бараалхаж, Засгийн газрыг төлөөлөн  хуулийн төсөл өргөн барилаа.

    Тэрбээр УИХ-ын даргад хандан  хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт  шаардлагатай олон чухал  хуулийн төслийг хэлэлцэн баталсанд энэ удаагийн УИХ-д талархаж буйгаа илэрхийлж, тэдгээр хуулиудтай холбогдуулан мөн зарим хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж байгааг дуулгав.

    Тухайлбал, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай”  хуулийн төслийг эрхэм сайд УИХ-ын даргад эхлээд өргөн барьсан юм.

    Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа хэдий ч бэлтгэн нийлүүлэлт, худалдах, худалдан авалт нь ченжүүдийн сүлжээгээр зохицуулагдаж, малчид тариаланчид  боловсруулах үйлдвэрүүдтэйгээ шууд харьцах боломж бүрдэхгүй байгаа аж.  Иймд өөрийн орны онцлогт тохирсон түүхий эдийн биржийн үйл ажиллагааг иргэд, хувийн хэвшлийн санаачлага, үйл ажиллагаанд тулгуурлан явуулах бодит шаардлага тулгарсан хэмээн сайд хэллээ. Энэ зорилгоор  дээрх хуулийн төслийг өргөн барьжээ. Уг хуулийн төсөл өмнө нь Засгийн газраас мөн өргөн мэдүүлэгдэж,  УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны тавдугаар сарын 26-ны хуралдаанаар хэлэлцүүлэн, гишүүдээс гаргасан саналыг тусгахаар буцаан татаж авч байсан юм.

    Т.Бадамжунай сайд дараа нь,  Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцээд шийдвэрлэсний дагуу УИХ-д өнөөдөр өргөн мэдүүлж буйг дуулгав.
    Тэрээр мөн “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөрийн зээл, “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн тухай ч дурдаад УИХ-ын даргад өргөн барилаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж