Англичууд Монголын хөрөнгийн биржийг удирдана

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Англичууд Монголын хөрөнгийн биржийг удирдана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нэг хөл дээрээ тогтож ядан яваа Монголын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхээр Монголын хөрөнгийн биржийн удирдлагыг гадаадын чадварлаг багт шилжүүлэх болсон билээ. Монгол Улс хөгжлийн цоо шинэ шатанд гарахаар зэхэж нэлээд чухал шийдвэрүүдийг гаргаж буйн нэг нь энэ. Хөрөнгийн биржийн удирдлагыг олон улсын менежментийн чадварлаг багт шилжүүлэх тухай өнгөрсөн намар эрчимтэй яригдаж байсан ч энэ асуудал гацаанд оров уу гэмээр түүнийг тойрсон мэдээлэл нуувчинд байх болсон юм.

    Уг нь Төрийн өмчийн хороо энэ ажлыг гардан гүйцэтгэхээр олон улсын тендер зарласан ч хүчингүй болсон. Дэлхийн нэр хүнд бүхий 10 гаруй хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийг удирдах саналаа ирүүлсэн боловч шаардлагад нийцсэн материал байгаагүй тул тендерийг хүчингүй болгох шийдвэрийг үнэлгээний хороо гаргасан. Улмаар Засгийн газар дараачийн арга хэмжээ буюу шууд гэрээ байгуулах зарчмаар ажиллахаар ханцуй шамдан ажилдаа орсон гэх. Гэхдээ энэ тухай мэдээлэл төдийлөн ил тод бус сураг ажиг төдий.

    Өнгөрсөн жилээс Монголд хөл тавьж хөрөнгийн зах зээлд дүн шинжилгээ хийж эхэлсэн Лондонгийн биржийнхэн тендерт ялаагүй ч хамтарч ажиллах саналаа ТӨХ-нд тавьснаар эл асуудлын ноён нуруу гарч ирсэн юм. Тус биржийн судалгааны баг Монголын хөрөнгийн бирж дээр ажиллаж улам нарийн мэдээлэл цуглуулж аваад буцсан. Мөн тэд үүнээс өмнө Монголд хөрөнгийн зах зээлийн бага хурлыг хоёр ч удаа зохион байгуулсныг энд дурдъя. Англичууд аль эртнээс Монголыг онилсон нь үүнээс харагдаж байгаа бол Монголын Засгийн газрын тэргүүн ч мөн Лондонгийн биржийг дотроо тээж яваа гэдэг. Барууны стандартыг Монголд нутагшуулах тухай ярих дуртай Ерөнхий сайдын таашаалд ч энэ бирж нийцдэг, хамтарч ажиллахыг хүсдэг тухай салбарынхан нь ярьдаг юм билээ. Тэгэхээр манайх Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Цаасан дээр буусан албан бичиг байхгүй ч ерөнхийдөө тийм гэсэн хариултыг албаныхан өгч байна. Гэрээ хэлцэл байгуулах арай болоогүй, наана нь хэлэлцэх зөвшилцөх олон асуудал байгаа гэж эх сурвалж өгүүлж байна.

    Уг нь өнгөрсөн сарын 27-нд Ерөнхий сайд С.Батболдын Их Британид хийх гэж байсан айлчлалаар Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээг үзэглэж магадгүй тухай хэвлэлүүд бичсэн. Айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшилчихсон. Улмаар Монголын хөрөнгийн биржийн асуудал гацаанд орж, хоёр улсын улс төр, эдийн засгийн ашиг сонирхлын дунд хавчуулагджээ. Дэлхийд данстай Лондонгийн хөрөнгийн биржийнхэн Монголын хөрөнгийн биржийг гартаа авахаар бүх зүйлийг амжилттай хийж “ок” болгодгийн даваан дээр хоёр улсын хооронд улс төрийн асуудал үүссэн билээ. Тэд Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг баривчилчихсан, хүн хулгайлсан хэргээр яллахаар зэхэж буй. Үүнээс улбаалж хоёр улсын харилцаанд сэв сууж, энэ асуудал гацаанд оржээ. Юутай ч Монголын Хөрөнгийн биржийг англичууд удирдах нь нэгэнт тодорхой болсон бололтой. Харин гэрээ үзэглэх хугацаа асуултын тэмдэг хэвээр үлдлээ. Оны эцэс гэхэд нэлээд асуудал тодорхой болох сурагтай.

     Б.БЯМБАА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж