
Уул уурхайн салбар үндэсний нийт бүтээгдэхүүний 30, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үйлдвэрлэж, экспортын орлогын 85 орчим хувийг бүрдүүлж байна.
Энэ салбаргүйгээр маргааш гэж байхгүй гэдэг ойлголтоор тархи толгойг дүүртэл угаасан улстөрчид Тавантолгой, Оюутолгойгоо “таваглаж” авчихаад өнөөдөр сэтгэл нь цадчихжээ. Учир нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа дотоодын 2000 гаруй компанийн ихэнхийнх нь лицензийг цуцлах арга хэмжээг Засгийн газар саяхнаас эхлүүлээд байна. Эхний ээлжинд 254 компанийн лицензийг цуцалж, дараагийн ээлжинд 1700 лицензийг цуцлахаа мэдэгдчихлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 16.7 хувьд нь 4197 лиценз олгогдсоны 2970-ыг нь дотоодын аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа бөгөөд Засгийн газраас цуцлах лицензүүдийн ихэнх нь тэднийг хамарч байна.
Тэгэхээр хайгуулын болон ашиглалтын лиценз бүхий дотоодын аж ахуйн нэгжүүд бүгдээрээ шахам тусгай зөвшөөрлөө хураалгаж, дампуурах ёстой боллоо. Ийм үр дагавар авчирсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг УИХ 2009 онд баталж, уг хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар гаргасан юм.
Өнөөдөр уул уурхайн салбарт ажиллаж байгаа 47 мянган хүний эрх ашиг, уул уурхайн компаниудад бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлдэг өдий төдий бэлтгэн нийлүүлэгчдийн ашиг сонирхолд аюул учраад байгаа нь энэ.
Гол мөрөн ширгэж, цөлжилт эрчимжиж, Монгол оронд гамшиг нүүрлэсний шалтгаан нь уул уурхайнхан гэж үзэж, тэдний үйл ажиллагааг зогсоох эх оронч санаачилгаар дээрх хуулийг УИХ баталсан юм. Яг энэ тайлбараар авч үзэх юм бол олон хүн энэ хуулийг дэмжиж байна. “Усгүй бол алтаар яах юм бэ” гээд босоод ирэх хүн дэндүү олон. Чухамдаа ийм сэтгэл зүй дээр тулгуурлан популистууд уг хуулийг хийсэн. Гэхдээ уг хуулийг гаргасан үндэслэл нь дэндүү явцуу, тооцоо судалгаа муутай байсанд л асуудлын гол байгаа юм.
Улсын хэмжээнд нийт олгогдсон 4197 лицензийн 3048 нь хайгуулынх. Хайгуулын ба ашиглалтын лиценз олгогдсон талбай нийт нутаг дэвсгэрийн 16.7 хувь.
Тэгэхээр цөлжилтийн шалтгааны хэдэн хувь нь уул уурхайн лиценз эзэмшигчдээс, хэдэн хувь нь дэлхийн дулаарлаас, мөн хэчнээн хувь нь бэлчээрийн зохисгүй ашиглалтаас үүдэж байгааг эхлээд тогтоох ёстой. Нөгөө талаар ойн сан бүхий газар, усан сан бүхий хамгаалалтын бүсийн хил хязгаарыг нарийвчлан тогтоож, лицензийн талбай чухам хаана давхардаж байгааг тогтоох ёстой байх. Хуулиар хамгаалах ёстой бүс нутагтай талбай нь давхцаж байгаа лицензүүдийг цуцлах, лицензэт талбайнх нь хэмжээг багасгах, давхцаагүй хэсэгт нь үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх зэрэг уян хатан байдлаар хандаж болох л байсан. Харин Засгийн газар чингэсэнгүй. Зүгээр л бүгдийг нь нийгэмчлэн хураах байдлаар асуудлыг шийдэж эхэллээ. Засгийн газрын эл алхам нь эргээд уул уурхайнхныг “улстөржсөн” байр суурь баримтлахад хүргэж байна. Тавантолгойн нүүрсний бүлэг ордын лицензүүдийг хувийнхнаас хурааж авсны дараа нөөцийн 20 хувь, ордын талбайн 4 хувь болох Ухаахудагийг ардаа улс төрийн татаастай “MCS” компанид үлдээсэн байсныг тэд юу гэж мартах вэ? Дээрх урт нэртэй хуульд заагдсан ойн сан, гол мөрний эх урсац бүрэлдэх газар нь мэдээж Монгол орны газар нутгийн хойд хэсэгт голчлон багтаж байгаа. Тэгэхээр энэ хэсэгт уул уурхайг хориглох нь нутгийн өмнөд бүсэд лиценз эзэмшиж байгаа “Монгол алт”, “Энержи Ресурс” зэрэг дотоод, гадаадын нэр бүхий хэдхэн компани, цөөн хэдэн гэр бүлийн эрх ашгийг төрийн бодлого, хуулиар хамгаалж үлдсэн хэрэг болж харагдана.
Угаасаа төрийн бодлого нь тодорхой, тууштай байдаг бол, хууль журам нь түүндээ нийцэж гардаг бол асуудал ингэж тавигдахгүй байх байлаа. Гэтэл нэг парламент, нэг Засгийн газар гарч ирээд л тодорхой бүлэглэл, тодорхой нам хүчинд үйлчилсэн хууль, журам гаргадаг нь асуудлыг эрхгүй улстөржүүлэхэд хүргэдэг. Улстөржүүлэх нь нэг хэрэг. Хамгийн гол нь ард нь эдийн засаг, бизнесийн эрх ашиг хохирч, ард түмэн чирэгддэг. Өнөөдөр л гэхэд урт нэртэй хуулийн үйлчлэлээр лиценз нь цуцлагдаж байгаа аж ахуйн нэгжүүдэд өгөх нөхөн төлбөр болох дор 4-8 их наяд төгрөгийг төсвөөс буюу татвар төлөгчдийн халааснаас гаргах асуудал яригдаж байна. Энэ нь дарамт биш гэж үү?
Ус мөрөнтэйгээ үлдэх нь гарцаагүй чухал ч гэлээ ганц өнцгөөр асуудалд хандаж болохгүй л дээ. Эрх биш хуулийн этгээдийн нэр дор үйл ажиллагаа явуулж байгаа тэдгээр компаниудаас энэ удаад лицензийг нь хураагаад авчихья гэж бодьё. Тэдний хаяад явсан талбай дээр хууль бус олборлогчид болох нинжа нар давхиад очно. Тэд татвар төлөхгүй, нөхөн сэргээлт хийхгүй… Энэ тохиолдолд дараагийн арга хэмжээ нь юу байхыг бодож үзэх л ёстой. Асуудлыг цогцоор нь, ухаалгаар шийдэхгүй бол зүгээр нэг сэтгэл хөөрлөөр, эсвэл улс төрийн хонжоо хайх байдлаар авч үзэж болохгүй. Ийм байр суурийг эрх ашиг нь хөндөгдсөн компаниуд илэрхийлэхийг хүсч байгаа ч өнөөхөндөө тэд төрөөс, төрийн нэрийн өмнөөс ирэх дарамтаас айж байна.