
БНХАУ-ын шүүхээс Л.Байгальмаа хэмээх монгол эмэгтэй насаараа хоригдох ял сонсоод байгаа. Түүнийг хар тамхи зөөвөрлөхөд уруу татаж, ашигласан гэх хэрэгт холбогдсон хүмүүсийн шүүх хурал өмнө нь хойшлогдсон. Мансууруулах төрлийн бодис тээвэрлэсэн, хадгалсан, зөөвөрлөсөн хэргээр Улсын мөрдөн байцаах газарт Эрүүгийн хэрэгт татагдан шалгуулсан Ё.Оюунбилэг, Л.Гантуул нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно. Олон нийт тэднийг Л.Байгальмааг золиос болгон уг хэрэгт уруу татсан гэсэн ойлголттой байгаа. Тэгвэл тэдний эгч мөн энэ хэрэгт сэжигтнээр татагдаж байсан эгч Л.Гантуяа өөр зүйл ярьж байна. Тэрбээр дүү нараа хилс хэрэгт гүтгэгдэж байгаа гэж үзжээ. Л.Байгальмаа хар тамхи зөөсөн хэрэгт холбогдохоосоо өмнө дүү нарынх нь дэлгүүрт ажиллаж байсан, энэ үеэр нөхөр нь эхнэрээ сураг чимээгүй алга боллоо гэж цагдаад хандсаны дагуу дүү нарыг нь баривчилсан, харин сүүлдээ хар тамхины хэрэг болон хувирсан гэж Л.Гантуяа ярьж байна. Ингээд Л.Гантуяагийн яриаг хүргэж байна.
-Таны төрсөн дүү Л.Гантуул хар тамхи тээвэрлэсэн хэрэгт яагаад холбогдсон юм бэ?
-Одоо энэ хэрэгт хамт яллагдагчаар татагдсан Ё.Оюунбилэг бид хоёр оюутны байранд хамт амьдардаг байсан.. Миний дүү энэ хэрэгт холбогдохоос өмнө БНХАУ-ын Гуанжу хотод фермийн гоо сайхны барааны дэлгүүр ажиллуулдаг байсан. Тэгээд дэлгүүртээ худалдагч авах болж “ Нас тогтсон сайн хүн олж өгөөч” гэж Ё.Оюунбилэгт хэлсэн юм билээ. Ингээд Л.Байгальмааг миний дүүтэй танилцуулсан гэнэ лээ. Тэгээд Л.Байгальмаа Гуанжу дахь дүүгийн дэлгүүрт нэг сар ажиллаад нутаг буцсан гэсэн. Тухайн үед нөхөр Батсуурь нь эхнэрээ хүний наймаанд өртчихлөө гэж Улсын мөрдөн байцаах газарт өргөдөл гаргасан байгаа. Тэр мэдээллийн дагуу дүүг цагдаагийн ажилтнууд хятадаас дуудаж авчран хүн худалдаалсан гэдгээр байцаалт авч байх тэр үеэр Л.Байгальмаа Хятадад хар тамхины хэргээр баригдсан. Гэтэл цагдаагийнхан дүүг “Энэ нөхөр тань хүн наймаалаагүй. Тамхи зөөвөрлүүлэхэд бусдыг золиосолсон байна” гээд Ганцхудагт хорьчихсон.
-Хятад, Англи хэл мэдэхгүй Л.Байгальмааг яагаад Гуанжоу руу худалдагчийн ажил хийлгэхээр авч явсан юм бол оо?
-Л.Байгальмааг хэл мэдэхгүй болохоор нь 200 ам.доллар өгч нутаг буцаасан гэсэн л дээ. Гэтэл тэр эмэгтэй замаасаа өөр тийшээ явж хар тамхины хэрэгт холбогдсон юм шиг байгаа юм. Нэг сар гаруй хугацаанд суухдаа цалин мөнгөө голж басхүү мөнгөнөөс нь дутаасан юм шиг байна лээ. Дүүг урд байхад нь Л.Байгальмаагийн нөхөр Эрүүгийн цагдаагийн газарт хандан “Миний эхнэрийг хүмүүс хил гаргаад зарчихлаа” гэж өргөдөл гаргасан байдаг. Гэтэл цагдаагийн газраас дуудахад нь дүү дэлгүүрээ хаагаад хүрч ирсэн байгаа юм. Энд нэг сар гаруй асуугдах хугацаанд Л.Байгальмаа хар тамхины хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл Монголд ирсэн юм билээ.
-Одоо хар тамхины хэрэгт хамт шалгуулж байгаа Ё.Оюунбилэгтэй та өмнө нь танил байсан гэлээ. Дүү тань хэдийнээс таних уу?
-Тэр хоёр урагшаа галт тэргээр явж байгаад танилцсан юм гэсэн. Би тэр хоёрыг танил гэдгийг хэрэгт холбогдсоны дараа мэдсэн шүү дээ.
-Тэгээд Ё.Оюунбилэгтэй дүү тань ямар харилцаатай байсан бэ?
-Тэдний тухай би сайн мэдэхгүй, Ё.Оюунбилэг бол маш олон орноор явсан байдаг юм. Харин миний дүү Хятадаас гарч үзээгүй.
-Хар тамхи зөөвөрлөсөн гэх баримт байгаа учраас хэргийг нь шүүхэд шилжүүлсэн юм биш үү, танд гэм буруугүйг нотлох баримт бий юу?
-Миний дүүг хар тамхи зөөвөрлөсөн гэх нэг ч нотлох баримт байхгүй. Хэргийг мөрдөн байцаах явцад хэрэгтнүүдийг таниулах ажиллагаа, нотлох баримт цуглуулах гээд хууль зөрчсөн олон үйлдэл гарсан байдаг. Тухайлбал, хэрэгтнийг зөвхөн зургаар таниулах ажиллагаа хийлгэсэн байсан. Би мөн энэ хэрэгт татагдан шалгуулж Ганцхудагт нэг сар хоригдсны эцэст цагаатаж суллагдсан. Миний төрсөн дүү Л. Гандаваад мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэрэгт бүлэг байгуулан толгойлж хар тамхи зөөвөрлөсөн гэдгээр дүүг буруутгаад байна. Өмнө нь шүүхээс энэ хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж гурван удаа буцаасан байдаг. Шүүх хурал нь хоёр удаа хойшилсон. Уг хэрэгт ажиллаж байгаа мөрдөн байцаагчид анхнаасаа бүлэг дээрэмчид барьсан гэж сүржигнэсэн учраас хэрэгт холбогдсон хүмүүсийг хилсээр яллах гээд байна.
-Таны дүү Л.Гандаваа яагаад дээрх хэрэгт холбогдох болов?
-Тухайн үед 1000 ам.долларыг Л.Байгальмаад аваачиж өг гэж эмэгтэй дүү Л.Гандаваад хэлсэн байгаа юм. Гэтэл тэр мөнгийг аваачиж өгсний төлөө Л.Гандаваад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл хүнд мөнгө аваачиж өгсний төлөө хүнд харицлага тооцож болохгүй биздээ
-Л.Байгальмаад яах гэж 1000 доллар дүү тань өгсөн бэ?
-Миний дүүгээс Л.Байгальмаа 1000 ам.доллар зээлсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг юм билээ. Яг ямар учиртай мөнгө зээлдүүлснийг би мэдэхгүй л дээ. Ямар ч байсан энэ хэрэгт миний дүү нар хилсээр гүтгэгдэж байна гэдгийг сонин хэвлэлээр дамжуулж хэлмээр байна. Тэр Батсуурь гэдэг хүн эхнэрээ баригдсанаас хойш гэр бүлийнхэнд маш их дарамт үзүүлэх болсон. Эгчийн 16 настай хүүг машинаар дайрч амь насанд нь халдах гэсэн оролдлого ч хийж байсан. Гэтэл хэвлэл мэдээллээр нэг л хохирсон хүн болж жүжиг тавиад байх юм. Хэрэв миний дүүг тэрбум төгрөг өгчихвөл чимээгүй болно гэж элдвийн юм их ярьдаг хүн.
-Тэгэхээр Л.Байгальмааг дэлгүүртээ худалдагчаар ажлуулахаас өмнө мөнгө зээлсэн болж таарч байна уу?
-Тийм байх. Нөхөр нь миний дүүг хоригдохоос өмнө гар утас руу нь цахим захидал илгээж мөнгө нэхсэн байдаг. Хэрэв нэг тэрбум төгрөг өгчихвөл энэ хэргийг дуусгана гэж хүртэл бичсэн байна лээ.