Зөвшөөрөлгүй эмнэлэгт үр хөндөлт хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй эмнэлэгт үр хөндөлт хийж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн Баянзүрх дүүрэг Жуковын музейн замын урд талд гурван давхар тоосгон байшингийн гадаа Шүдний эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Дотор мэдрэлийн эмнэлэг, Эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх мэт хэд хэдэн хаяг хаджээ. Хоёр давхарт гарвал….. эмэгтэйчүүдийн эмнэлэг  гэх хаягтай хоёр хаалга байх аж. Хонгилын төгсгөлд цонхны хажуугийн ханан дээр “Өнөөдөр 2010 оны наймдугаар сарын 27-ны өдөр. Би одоо хүүхдээ авахуулах гэж байна.  Над шиг залуус дахиж битгий энд ирээсэй. Ээжийгээ уучлаарай, дахин сайн хүн болж төрөөд ирээрэй ” гэх мэт бүдэг бадаг үгс үлджээ. Хэдхэн хоногийн өмнө энд ирэхэд хананд нь нэлээд олон эрээчиж бичсэн зүйл байсан ч бүгдийг нь баллаж, юу гэж бичсэн нь танигдах аргагүй болгосон байв. Үр хөндөлт хийлгэхийн өмнө бичсэн охид, эмэгтэйчүүдийн айдас түгшүүр, сэтгэлийн шаналлыг илэрхийлэх үгс дээрх хоёр эмнэлгийг үр хөндөлт хийдэг болохыг гэрчлэх учир  зориудаар арилгасан нь илт байв. Гэвч зарим нэгийг нь санаандгүй үлдээж орхисон бололтой. Эмнэлгийн хаалганы хажууд 3-4 хүн багтах сандал дээр хоёр эмэгтэй  нэг эрэгтэй сууж харагдана. Хоёр нь гэр бүлийн хүмүүс бололтой дотночлон ярилцана. Удалгүй  нэг эмэгтэй гарч явахад сандал дээр сууж байсан 20-22 насны эмэгтэй зөрж оров. Энэ хооронд хажууд суух эмэгтэйтэй ярилцав. 

    -Энэ эмнэлэг үр хөндөлт хийдэг юм болов уу?

    -Хийдэг  байх аа. Манай найз энд хийлгэж байсан юм. Эмч нь эх баригч болохоор өвдөлт багатай хийдэг гэж сонссон. Чи хүүхдээ авахуулах гэж байгаа юм уу?

    -Шийдээгүй ээ. Эргэлзээд  л явж байна. Та үр хөндөлт хийлгэх гэж ирсэн юм уу?

    -Тийм ээ. Сар гаруй болж байгаа юм. Бид хоёр нэг хүүхэдтэй. Энэ удаа хүүхдээ төрүүлэхэд асуудалтай болоод авахуулах гэж явна хэмээн ярьж ээлж нь болж бидний яриа өндөрлөлөө.

    Ойролцоогоор 10 минутын дараа тэр эмэгтэй гарч ирээд “Хийхгүй л гээд байна. Гэхдээ ЭХО-д харуулчихаад ир гэнэ. Хажуугийн эмнэлэгт долоон мянган төгрөгөөр, харин замын хойно 5000-аар ЭХО-д  хардаг гэж байна” хэмээн ярилцаад явж одлоо. Түүнийг эргэж ирэхийг хүлээх зуур 10-аад эмэгтэй, найз залуу, найз охидоо дагуулан орж гарах нь үйлчлүүлэгч тасардаггүйг харуулах аж. Өөрөө орж зөвлөгөө авангаа хэдэн үг унагахыг бодсон ч холбогдох байгууллагаас шалгаж байх вий хэмээн болгоомжилж  “манайх үр хөндөлт хийдэггүй” эсвэл “ЭХО-д харуулсны дараа шийднэ” гэх үгээр амаа таглуулах нь тодорхой байв. Тиймээс түүгээр үйлчлүүлэх эмэгтэйчүүдээс үг унагаахаар шийдсэн юм. Гаднаас орж ирсэн  22-24 орчим насны эмэгтэй анх удаа жирэмсэлсэн ч найз залуу нь хүүхдээ төрүүлэхийг хүсээгүй учир үр хөндүүлэхээр явж байгаа аж. Түүнийг дотогш орсны дараа хаалганы гаднаас чих тавихад Эмэгтэйчүүдийн эх барих тэргүүлэх зэргийн эмч гэх эмэгтэй утсаар ярьж байна. “Түгшүүртэй  байна аа. Хүмүүс ороод л ирэх юм. Аль нь шалгаж яваа аль нь  үнэн сэтгэлээсээ явааг  таньж мэдэх юм алга” гэх мэт үгс сонсогдох нь зөвшөөрөлгүй хэрнээ үр хөндөлт хийж, холбогдох байгууллагын хүмүүсээс ихэд болгоомжилж байгаа юм болов уу гэсэн хардлагыг баталгаажуулмаар. ЭХО-д харуулж үнэхээр жирэмсэлсэн эсэхийг мэдсэний дараа үр хөндөлт хийх тухай ярьдаг бололтой. Энэ тэрийг эргэцүүлж суух зуур найз залуутайгаа ирсэн эмэгтэй ЭХО-д харуулсан бичгээ барьсаар эргэж ирэв. ЭХО-д хүртэл харуулсан болохоор үнэнээсээ үр хөндүүлэх гэж яваа хүн гэж итгэв бололтой өрөөндөө дахин  оруулсан юм. Нэлээд удсаны эцэст /30 орчим минут/ тэр эмэгтэй хар цагаан дуугүй гарч одов. Магадгүй үр хөндүүлсэн тухайгаа ярихгүй байхыг сануулсан ч  байх мэдэх юм. Нийслэлд эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх тодотголтой 150 гаруй эмнэлэг байдгийн дөнгөж 21 нь үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй аж. Зөвшөөрөлгүй ч үр хөндөлт хийж байгаа эмнэлэг үүгээр тогтохгүй олон ч байж болох.

    Нийслэлийн  Эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар жилд дунджаар 15-16 мянган эх үр хөндөлт хийлгэдэг гэх тооцоо гарчээ. Энэ нь зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй 21 эмнэлгээр эмчлүүлсэн хүмүүсийн тоо. Үүний цаана дээрх хоёр эмнэлгийн адил түрээсийн байранд, эмэгтэйчүүдийн эмнэлэг нэрийн дор хэд хэчнээн нь үр хөндөлт хийж байгааг чөтгөр бүү мэд. Эрүүл ахуйн стандарт хангаагүй нөхцөлд мэргэжлийн бус хүмүүс үр хөндөлт хийж, хүний аминд хүрч, эрүүгийн хэрэгт татагдсан жишээ бий. Тухайлбал, жилийн өмнө “Ачит эх” эмэгтэйчүүдийн эмнэлэгт үр хөндөлт хийлгэсэн бүсгүй амиа алдсан бол хэдхэн сарын өмнө “Сутай” дээд сургуулийн түрээсийн байранд хууль бусаар үр хөндөж байсан бас нэгэн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож, эмчид нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ийм аюултай үзэгдэл болоод байхад холбогдох яам, эрүүл мэндийн байгууллагууд яагаад таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна вэ. Үр хөндүүлж нас барсан эмэгтэйн талаарх мэдээлэл олон нийтэд тархаж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өнгөрөгч дөрөвдүгээр сард “Үр хөндөлтийг зөвхөн магадлан итгэмжлэлтэй эмнэлэгт, мэргэжлийн эмч хийнэ. Хожуу үеийн үр хөндөлтийг зөвхөн төрийн мэдлийн амаржих газруудад хийнэ” гэх хатуухан тушаал гаргасан. Гэтэл энэ тушаал хэрэгжиж байна уу. Салбарын  сайдын тушаал бодит  амьдралд хэрэгждэг бол үр хөндөлтийн  мөнгөөр үйл ажиллагаагаа зогоох эмэгтэйчүүдийн эмнэлэг борооны дараах мөөг шиг олшрохгүй байсан  болов уу. Гэр хороолол, хотын зах хэсгээр нурж унах гэж байгаа байшин, орон сууцны хонгилд хүртэл Эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх хаяг харагддаг. Тэдний олонх нь үр хөндөлт хийж хэдэн төгрөг илүү олохыг хичээж байгаа ч юм билүү. Үүнд тавих хяналт байна уу, Эрүүл мэндийн сайд аа.

    О.Сэргэлэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж