Тэгвэл мах бэлтгэлийн үед хямд үнээр худалдан аваад ховордоход эргүүлэн өндөр үнээр борлуулдаг ашигтай амархан бизнес хятадууд хүч түрэн орсон талаар бид өмнө мэдээлж байсан. Хятад иргэд их хэмжээгээр мах бэлтгэж, хилээр гаргахыг завдсан хэрэг гараад удаагүй байтал буюу өчигдөр иргэдээс мэдээлэл ирсний дагуу их хэмжээний ямааны махыг нууцаар бэлтгээд байсныг илрүүлсэн байна.
Энэ сарын 3-нд Баянгол дүүргийн арванхоёрдугаар хорооны XXI байрны ард баригдаж байгаа барилгын хонгилд их хэмжээний мах буулгалаа гэдэг мэдээллийн дагуу шалгахад БНХАУ-ын иргэн 41 настай Shen Yajun гэгч монгол иргэдтэй хамтран мах бэлтгэж урд хилээр гаргахаар завдаж байжээ. Тэдгээр иргэдийн хувьд гарал үүслийн болон бусад зөвшөөрөлгүй 30 орчим тонн ямааны мах бэлтгэсэн байсан. Энэ хэрэг намжаагүй байтал өчигдөр дахин Сонгинохайрхан дүүргийн хорьдугаар хороо “Экопэтс фүүд ХХК-ний хашаанд хятадууд их хэмжээний ямааны мах бэлтгэж байгаа талаар иргэдээс мэдээлэл ирүүлжээ. Мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн алба хаагчид шалгаснаар тус компанийн агуулахыг түрээслэгч Сонгинохайрхан дүүргийн арваннаймдугаар хорооны иргэн 36 настай эрэгтэй Б гэгч 2061 ширхэг ямааны гулууз мах бэлтгэн 840 граммаар бэлтгэн жижиглэн савласныг илрүүлсэн байна. Сүүлийн үед махны үнийг хууль бусаар нэмдэг. Монгол иргэд хөдөөгийн малчдын хотноос нь мал, махыг хямд үнээр аваад хятад иргэдэд өндөр үнээр борлуулж байгаа юм. Энэ нь махны үнийг хиймлээр хөөрөгдөх нөхцөл байдал үүсгэхийг ч үгүйсгэх аргагүй. Тиймээс иргэд, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг цагдаагийн газраас уриалж байна.