Нийслэлийн айл өрхүүдийг усны тоолуураар хангах тендер зарлана

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Нийслэлийн айл өрхүүдийг усны тоолуураар хангах тендер зарлана

Нийслэлийн орон сууцанд амьдардаг 70 шахам мянган айл өрхийн 28,5 хувь нь л усны тоолууртай. Айл өрхийг тоолууржуулах ажлыг 1999 оноос эхлүүлсэн ч  явц нь сайнгүй байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд тоолууржуулах  төслийг хэрэгжүүлэхээр болжээ.  Хэрэглээний усанд тоолуур тавиулах нь улс орны тухайд төдийгүй тухайн айл өрхөд эдийн засгийн хэмнэлттэй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Задгайгаар усны төлбөрөө төлдөг тохиолдолд нэг хүн өдөрт 450 литр ус хэрэглэдэг бол тоолууртай болсноор 272 литр ус ашигладаг болж хэрэглээний хувьд хэмнэлт гарч байгаа ажээ. Өнөөдөр орон сууцанд амьдардаг 49800 өрх усны тоолуургүй байгаа юм. Нэг айлд наад зах нь дөрвөн тоолуур суурилуулна гэхэд 190 орчим мянган тоолуурын хэрэгцээ  байгаа. Хэдийгээр хотын хүн ам хурдацтай өсч байгаа ч хэрэглээ буурч байгаа нь усны тоолуур иргэдийг зохистой хэрэглээнд сургаж байгаагийн нэг илэрхийлэл гэж ойлгож болох юм. Нийслэлийн айл өрхийг тоолууржуулах төслийн хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 12,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендер зарлах юм. Айлуудад тоолуурыг нь эхний ээлжинд ямар нэгэн урьдчилгаа төлбөргүй тавьж өгнө. Тухайн өрх ийм төхөөрөмж тавиулснаар усанд төлдөг байсан мөнгөө хэмнэж түүгээрээ хоёр жилийн хугацаанд тоолуурынхаа үнийг төлөх боломжтой болох юм. Чанартай тоолуураар айлуудыг хангах, иргэдэд ямар нэгэн хүндрэл, дарамт үзүүлэхгүйгээр энэ ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд нийслэлийн удирдлагууд үүрэг болгожээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж