“Монгол тээвэр нэгдэл”-ийн цуваа хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

“Монгол тээвэр нэгдэл”-ийн цуваа хөдөллөө

Одоогоос сар гаруйн өмнө Монголын тээврийн салбарын манлайлагч болох нэр хүнд бүхий тээврийн компаниуд нэгдэж “Монгол тээвэр нэгдэл” корпораци байгуулан анхныхаа хүнд даацын 40 машинтай цувааг Говь-Алтай аймгийн “Алтайн хүдэр” компанийн уурхайд ачилт хийлгэхээр хөдөлж байсан билээ. Тэгвэл тус нэгдлийн үүсгэн байгуулагчийн нэг “Туушин” компаниас дараагийн ээлжийн 40 хүнд даацийн тээврийн хэрэгслийг Оюутолгой, Тавантолгой, Хөшөөт зэрэг томоохон ордуудад ачаа тээвэрлэхээр илгээв. Ингэснээр “Монгол тээвэр нэгдэл” ХХК-ийн ачаа тээврийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, шинээр 100 гаруй жолооч ажлын байртай болж байна. Жолооч нарын хувьд хөдөлмөрийн орчин нөхцөл дээшилж, аюулгүй орчинд ажиллах боломж нөхцөл бүрдэж байгаагаараа онцог аж. Хамгийн гол нь уул уурхайн салбарт монголчуудын оролцоо, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр улс орондоо үлдэх үр ашиг дээшилж байгаагаараа онцгой ач холбогдолтой гэж тэд үзэж байна. Ачаа тээврийн анхны аянд мордож буй жолооч тээвэрчиддээ "Туушин" компанийн ерөнхий захирал Н.Зоригт, дэд захирал Б.Пүрэвчулуун, тээврийн хэлтсийн дарга, техникийн ухааны доктор Л.Түдэв болон "Монгол тээвэр" корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Түмэндэлгэр нар ажлын амжилт хүсч, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл дэвшүүлж үдлээ.

Дашрамд дуулгахад, “Монгол тээвэр нэгдэл” корпорацийг Туушин ХХК,  Монтрансавто ХХК, Эс би ложистикс ХХК, Эс би транс ХХК, Монгол экспресс ХХК, Тав ХК, Монголтрак ХХК, Ногоон гэрэгэ ХХК, Автобустав ХХК гэсэн есөн компани хамтран байгуулсан юм.

Н.Дэлгэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж