УИХ-ын дарга Буриадын зочидтой уулзав

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Буриадын зочидтой уулзав

   УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн
урилгаар манай улсад зочилж байгаа ОХУ-ын БНБуриад улсын Хүн ам,
нийгмийн хамгааллын сайд Хамаганова Наталъя Николаевна тэргүүтэй
төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

     Орос, Монголын дээд түвшний уулзалт, харилцан айлчлал тогтмолжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад сэтгэл өндөр байдгаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглээд хоёр орны энэхүү уламжлалт харилцаанд Монгол, Буриадын хамтын ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэсээр ирснийг онцлов. Одоогоос яг нэг жилийн өмнө Төрийн Думын урилгаар ОХУ-д хийсэн УИХ-ын даргын албан ёсны айлчлал нь хоёр орны парламент хоорондын хамтын ажилллагааг өргөжүүлэхэд чухал алхам болсныг тэрбээр онцлоод ирэх оны нэгдүгээр сард Улаанбаатар хотноо болох Ази, Номхон далайн парламентчдын чуулганд ОХУ-ын парламентын төлөөлөгчид оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэхийн  сацуу  ОХУ-ын Төрийн Думын дарга эрхэмсэг ноён В.Б.Грызловыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хэвээр байгааг дахин нотлов.

     Мөн хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдийн уулзалт тогтмолжиж ажлын арга туршлага, санал бодлоо байнга солилцдог болж идэвхтэй хамтран ажиллаж байгаа, түүнчлэн хил орчмын бүс нутгийн худалдаа, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа, тэр дундаа Монгол, Буриадын ард түмний уламжлалт нөхөрсөг харилцаа шинэ агуулга, арга хэлбэрээр баяжиж буйг тэмдэглээд Буриадын чиглэлд аялал жуулчлалын бүс байгуулахаар ирэх оны улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө тусгаад байгааг дурьдав.

     УИХ-ын дарга цаг завгүй их ажлынхаа хажуугаар Буриадын зочдыг хүндэтгэн хүлээн авч уулзаж байгаа нь элэг нэгтэй хөрш түмэндээ үзүүлж буй дотно сэтгэлийн хүндлэл хэмээн баяртай байгаагаа хатагтай Хамаганова Наталъя Николаевна илэрхийлээд дөнгөж сая хоёр орны улс төр, эрүүл мэнд, боловсрол, соёл, урлаг, бизнесийн салбарын болон төрийн бус байгууллагын ажил хэрэгч, манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл  уулзаж харилцан  санал солилцож  туршлагаасаа хуваалцсан нь ихээхэн үр нөлөөтэй арга хэмжээ болсныг онцлон дурьдав. Мөн түүх, соёл, ёс заншлын адил өвтэй, угсаа гарвал нэгтэй манай хоёр улсын тухайд зөвхөн эмэгтэйчүүдийн уулзалт гэлтгүй жирийн иргэдийн харилцаа, хүүхэд, залуучууд, ахмадуудын солилцоог дэмжих нь нийгэмд хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход аль аль талдаа ач холбогдолтой юм гэлээ. Энэ чиглэлээр тодорхой салбаруудын хооронд гэрээ хэлэлцээрүүд байгуулж ажиллахаар төлөвлөж буйгаа нэмж хэлэв.

      УИХ-ын дарга уулзалтын хэлэхдээ, төгсгөлд ирэх онд тэмдэглэх Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд ихээхэн ач холбогдол өгч өргөн хүрээтэй ажил зохион байгуулах учиртай, энэ ойн хүрээнд залуучууд, ахмадуудын уулзалт, аялал гээд хоёр талаас олон хэлбэрийн ажил өрнүүлэх боломжтой, энэ бүхэнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.

    Уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Д.Арвин, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Батбаяр, албаны бусад хүн байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.             

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж