Европын холбооны шийдвэр зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Европын холбооны шийдвэр зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ

Европын холбооны Сангийн сайд нар даваа гаригт уулзаж, өрийн хямралын талаар шинэ арга хэмжээ авахгүй байх шийдвэрт хүрсэн байна. Үүний нөлөө зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар сайд нар мягмар гаригт уулзаж хэлэлцсэн байна. Таван цаг үргэлжилсэн даваа гаригийн хурлын дараа Еврозоны 16 орны сайд нар одоо байгаа эрсдлийн сан тулгараад буй асуудлыг цэгцлэхэд хангалттай тул өөр алхам хийх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан юм. Хурлын дараа Еврогруппын тэргүүн Жан Клауд Жанкер сэтгүүлчдэд хандан “Та бүхэнд мэдээлэх ямар нэг шинэ шийдвэр гаргасангүй” хэмээн хэлсэн байна.

Сайд нарын уулзалтын гол сэдэв нь Испани, Португалийн эдийн засгийн байдал байсан байна. Түүнчлэн Олон улсын валютын сангийн захирал Доминик Штраусс Кантай үзэл бодлоо солилцож, Европын эдийн засгийн талаар ерөнхийд нь авч хэлэлцжээ.

Мягмар гаригийн хурлын талаарх мэдээлэл одоогоор гараагүй байгаа юм. Энэ хуралд Европын холбооны 27 гишүүн орны сайд нар оролцож, өрийн асуудлыг дахин сөхөх бөгөөд энэ нь хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар болон Европын холбооны төсөв, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болон нэмүү өртгийн албан татварын талаар ярилцах аж.

Санхүүгийн зах зээлийн хувьд байдал эгзэгтэй байгаа нь Грек болон Ирланд улсад зээл олгосны дараа Испани болон Португальд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай болж буй гэх айдас Европын хөрөнгө оруулагчдыг хөдөлгөөнд оруулж байгаа юм. Даваа гаригийн уулзалтын өмнө Штраусс Кан сайд нарыг эрсдлийн санг нэмэгдүүлэхийг уриалж байсан юм. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчдын зүгээс Европын холбоо санхүүгийн асуудлын эсрэг шинэ алхам хийнэ гэсэн хүлээлт үүсээд байсан ч энэ нь бүтэлгүй болсноор хувьцааны үнэ, цаашлаад бараа бүтээгдэхүүний арилжаанд ч хүчтэй нөлөө гарах нь бараг тодорхой болжээ.

Мөнгөний бодлого хариуцсан Европын коммиссар Олли Рехн Европын сайд нар болон Штраусс Кан нарын уулзалт нааштай болсон ба тус бүсийн эдийн засгийн ирээдүйн талаар нийтлэг байр суурь олонтой байсан талаар хэлжээ.

Германы канцлер Ангела Меркель энэ шийдвэрт голлох үүрэг гүйцэтгэсэн байна. “Санг нэмэгдүүлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Энэ санд байгаа мөнгөний маш багахан хэсгийг л хэрэглээд байгаа шүү дээ” гэж тэрбээр хэлжээ. Түүний үгийг Голландын Сангийн сайд Жан Киис де Жагер дэмжжээ.
Европын холбооны төрийн тэргүүд энэ сарын 16-17-ны хооронд оны эцсийн уулзалтаа хийх юм.

Хурлын дараахан хөрөнгийн бирж дээрх үнэт металлын арилжаа огцом нэмэгдсэн байна. Тэд санхүүгийн хямралаас дархлаат бараа болох алт, мөнгийг ихээр худалдаж авчээ. Түүнчлэн еврогийн ханш ч буурчээ. Алтны үнэ л гэхэд 1429,40 ам.доллар болж, рекорд тогтоогоод байгаа бол АНУ-д мөнгөний үнэ 1980 оноос хойш анх удаагаа 30 ам.доллараас давсан байна. Даваа гаригийн арилжаа АНУ-д хаагдах үед “Dow Jones” болон “S&P” биржийн индексүүд бага зэрэг буурсан байв. Мөн Нью Йоркийн бирж дээр газрын тосны үнэ ч хоёр жилийн өндөрлөгөөс давж, 90 ам.доллар болсон байна.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж