П.Лхамдэгд: Жингийнхээ бөхчүүдийг сайн судалж байгаа

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

П.Лхамдэгд: Жингийнхээ бөхчүүдийг сайн судалж байгаа

П.Лхамдэгдтэй ярилцлаа.

-Юуны өмнө Универ­сиад наадамд амжилттай орол­цож, Монголын тамирч­дынхаа салхийг хагалан, мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Өрсөлдөгч нар ямар байв?

-Баярлалаа. Дэлхийн оюут­ны Универсиад наадамд анх удаагаа оролцлоо. Бага олимп гэж нэрлэгддэг ийм том наад­маас мөнгөн медаль хүртсэн­дээ баяртай байна. Жүдо бө­хийн төрөлд, ер нь энэ удаагийн наадамд оролцож байгаа та­мирч­дын 80 орчим хувь нь дараагийн олимпод өрсөл­дөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байгаа тамирчид бай­даг юм байна. Судалгаагаар ч тэр, бусад орны тамирчин, дасгалжуулагчдын хэлж бай­гаа­гаар ч тэр энэ удаагийн наадамд өнгөрсөн Бээжингийн олимпийн наадамд амжилттай оролцсон болон ирэх 2012 оны Лондонгийн олимпод оролцох шилдэг залуу тамирчид ирсэн байна. Наадам маш өргөн цар хүрээтэй, сайхан боллоо.

-Тойргийн барил­даа­нуудад хаанахын бөхчүүд­тэй таарав?

-Эхний тойрогтоо Слове­нийн Миржанич Бранкатай барилдаж, цэвэр ялсан. Хоёр­дугаар тойргийн барилдаанд Ливаны бөх Боу Рачид Лоуй­сыг, дараагийн тойрогт Казахс­таны бөх Аманбелдиеваг тус тус ялсан. Харин зооны авар­гын төлөө Английн Гиббон Жемматай барилдаж, улмаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон.

-Аваргын төлөө өрсөлд­сөн Японы бөхтэй өмнө нь барилдаж байсан уу?

-Японы Кунихара Ёрикотой өмнө нь “Canoe cup”-т барил­даж байсан.

-Кунихара ямар амжилт­тай бөх бол?

-Дэлхийн цомын алтан медальтай, “Универсиад”-ын хоёр удаагийн аварга бөх.

-Жингийн бөхчүү­дийн­ талаар хэр судалгаа хийв?

-Жингийнхээ бөхчүүдийн барилдааны бичлэгийг бичиж авлаа. Гол өрсөлдөгчдийнхөө мэхэнд судалгаа хийх зорил­гоор бичлэг болон зарим мэ­дээл­лийг олж авлаа. Дэлхийн аваргад өрсөлдөх бөхчүүдээ нэлээд судалж байгаа. Ер нь явсан тэмцээн бүрээсээ бич­лэг хийж ирдэг.

-Лхамаагийн хувьд энэ жил олон улсын тэмцээ­нүү­дэд ямар амжилт гаргаад байгаа вэ?

-Дэлхийн цомын тэмцээнд шагналт тавдугаар байрт ор­сон. Мөн өнгөрсөн тавдугаар сард болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан.

-Хэдэн оноос шигшээ багт харьяалагдаж байгаа вэ?

-Шигшээ багийн тамирчин болоод гурван жил орчим болж байна. Жүдо бөхөөр 1999 оноос эхлэн хичээллэж бай­гаа.­

-Өнгөрсөн Бээжингийн олимпод өөрийг чинь сайн барилдсан гэж боддог?

-Бээжингийн олимпод дол­дугаар байрт шалгарсан. Олим­­­пийн наадам, энэ удаа­гийн Универсиад гээд тэмцээн бү­рээ­сээ туршлага хурим­т­луулж байна. Тиймээс дараа дараа­гийн тэмцээнүүддээ амжилттай оролцож, сайн жүдоч болохын төлөө хичээнэ. Энэ дашрамд би өөрийн клу­бын багш Ш.Цэвэл­маа болон Х.Баттулга захирал­тай “Женко” клубын хамт олон­доо баярлаж явдгаа илэр­хий­лэхийг хүсч байна. Мон­голын жүдо бөхийн тамирчдад үргэлж сэтгэл санаа болоод хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлж байдаг холбооны ерөн­хийлөгч Х.Баттулгадаа чин сэтгэлээсээ баярлаж явдгаа танай со­ниноор дамжуулан улам­жилъя. Энэ удаагийн наа­дамд оролцож байгаа жүдо бөхийн шигшээ багийн тамирч­дын зардлыг манай захирал 100 хувь даасан. Тэгэхээр бидний амжилт энэ хүний ач тустай салшгүй холбоотой юм.

Б.Бадмаа /2009.07.15/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж