Шар өвчнөөр хүүхдүүд өвчилж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Шар өвчнөөр хүүхдүүд өвчилж байна

Сүүлийн гурван сард Баянхонгор аймагт  халдварт шар өвчин дэгдэлт хэлбэрээр тархаж, бага насны хүүхдүүд халдварлаж байна. Анхны тохиолдол есдүгээр сард бүртгэгдсэнээс хойш өвчлөлийн тоо нэмэгдсээр байгаа юм. Эрүүл мэндийн байгууллага төдийгүй орон нутгийн төвшинд шар өвчний дэгдэлтийг бууруулах арга хэмжээ авч байгаа аж. Аймгийн Засаг даргын зөвлөл “А” вирусын халдварын дэгдэлтийг бууруулах арга хэмжээний тухай зургаан удаа хуралджээ. Халдварт шар өвчний одоогийн байдал болон бууруулахаар хийж байгаа ажлын тухай аймгийн ЗДТГ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн В.Нарантуяагаас тодрууллаа.  

– Энэ оны байдлаар халдварт өвчнүүдийн гаралт аймгийн хэмжээнд ямар байна. Тэр дундаа “А” вируст гепатит буюу халдварт шар өвчний халдварын дэгдэлт ямар хэмжээнд байгаа вэ?

– Баянхонгор аймгийн хэмжээнд 2010 оны эхний 10 сарын байдлаар 11 төрлийн хурц халдварт өвчний 1439 тохиолдол бүртгэгджээ. Тоон үзүүлэлтээр бол арван мянган  хүн амд 168 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 327 тохиолдлоор цөөн байна. Статистикийн мэдээгээр нийт халдварт өвчний тохиолдол 42,9 промилээр буурч гарсан. Гэхдээ есдүгээр сарын эхээр манай аймагт А вирусын халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, оны эхний 10 сарын байдлаар вируст гепатитын  295 тохиолдол гарсан. Вируст гепатитын А, В, С буюу гурван төрлийн халдварын өвчлөлийн нийт тохиолдол нь 300 шахам гэсэн үг л дээ. Манайхны ярьдгаар элэгний В, С вирусын халдвар 25 бүртгэгдсэн бол үлдсэн 270 нь халдварт А вирусын өвчлөл байгаа юм.

– А вируст гепатитын өвчлөлийн тоо буурахгүй байгааг эрүүл мэндийн салбарынхан мэдээлж байгаа. Өвчлөлийн нийт тоо хэд болоод байгаа вэ?

– Оны эхний 11 сард А вируст гепатитын  551 тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчлөлд бага насны хүүхдүүд өртөж байгаа нь үнэхээр сэтгэл зовоох асуудал. Халдварт шарын өвчлөлийн 90 гаруй хувь нь 9, 10, 11 дүгээр сард тархсан. Тархалтын тавиад хувь нь сургуулийн, 34 хувь нь цэцэрлэгийн хүүхдийг хамарсан байна. Үлдсэн хорин хувийг гэртээ байдаг хүүхдийн өвчлөл эзэлсэн судалгаа гарчээ. Ер нь нийт өвчлөлийн ихэнхи аймгийн төв буюу Баянхонгор суманд бүртгэгдсэн байгаа юм.

– Дэгдэлтийн шалтгааныг тогтоож арилгах, тархалт их газруудын талаарх судалгаа зэрэг олон ажлууд хийгдэж байгаа гэсэн. Тархалт ямар газруудад их байна вэ?

– А вируст гепатитын өвчлөл Баянхонгор сумын 2, 3, 4, 7, 9 дүгээр багуудад өндөр байна. Хөх толгой, Амьчуулын урд хэсэг, 10 мянгат зэрэг гэр хороололд амьдардаг хүүхдүүд ихэвчлэн өвчилж байгаа гэж хэлж болох юм. Ер нь Баянхонгор сумын нэгдүгээр багаас бусад бүх багуудад өвчлөлийн тохиолдол их байгаа.  2, 3, 4, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг өвчлөлд өртсөн хүүхдүүд  3, 4 дүгээр арван жилийн сургуульд олонхи нь  сурч байна. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 20 хүүхдийн байгууллагаас А вируст гепатит өвчний 388 тохиолдол бүртгэгдчихээд байна. Насны ангиллаар авч үзэхэд 9,10,11 сард Баянхонгор суманд бүртгэгдсэн А вируст гепатитын халдварт өртөгсдийн 80 шахам  хувь нь 0-9 насны хүүхдүүд байгаа юм. Үнэхээр сэтгэл хөндүүрлэхээс аргагүй тоо л доо. А вирусын халдварыг бүрэн эдгэрдэг үлдэц багатай гэдэг хэдий ч өвчилсний дараа дэглэм сайн барихгүй бол архагших магадлалтай байдаг.Тухайн вирус элгийг гэмтээдэг учраас хожим элэгний өөрчлөлт, өвчлөл илрэхийг үгүйсгэхгүй. Тиймээс эмчилгээний дэглэм сайн баримтлах шаардлагатай.

    – Өвчний дэгдэлтийг бууруулахад орон нутгийн зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

– 10 дугаар сарын 4-нөөс хойш А вируст гепатитийн өвчлөлийг бууруулах талаар аймгийн Засаг даргын гурван захирамж гарсан байгаа. Аймгийн хэмжээнд орчны бохирдлыг бууруулах, усны хангамж, хүртээмжийг сайжруулах, худаг, усан сан, ус түгээгч нарын усны савыг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг хийж байна. 

Мөн цэцэрлэг, сургуулийн бага ангийн хүүхдүүд энэ өвчнөөр илүүтэй өвчилж байгаад анхаарч, сургууль, цэцэрлэгт түр хугацаагаар хөл хорио тогтоох арга хэмжээг авсан. Гэхдээ 11 сарын 29-ний өдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сургуулиуд хичээллэж эхэлсэн. Урьдчилан сэргийлэх вакцины нөөц дууссан, олдоц муутай байдаг. Гэхдээ аймгийн Засаг дарга Д.Амарсанаа, орон нутагт үүссэн өвчлөл, дэгдэлтийн байдлаас шалтгаалан Эрүүл мэндийн сайдад вакцин олгох хүсэлт тавьсан. Энэ дагуу гепатит А-ийн 700 хүн тун вакцин авахаар болоод байгаа. Халдварт шар буюу гепаптит А-ийн өвчлөлийн байдал, шалтгааныг тодруулах зорилгоор Эрүүл мэндийн яаманд хүсэлт гаргасны дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан судалгааны баг манай аймагт ирээд ажиллаж байна. Өвчний дэгдэлтийн байдлыг бууруулахад зөвхөн эрүүл мэндийн байгууллага төдийгүй боловсрол, хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж өвчнөөс сэргийлэх сургалт, зөвлөмжийг аль болох олон хүнд хүргэж, энэ өвчлөлөөс сэргийлэх, хамгаалах дадал хэвшүүлэхийг зорьж байна.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж