Дээдсүүд “Мон-Атом”-аар хөрөнгөө зузаалав

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Дээдсүүд “Мон-Атом”-аар хөрөнгөө зузаалав

Ихэс дээдсүүд “Мон-Атом”-аар хөрөнгөө зузаалж, хүнсээ базаалаа

Монголын ураны салбар дахь их
гүрнүүдийн далд тулаан эхэлж, Монгол Улс “хадны завсар хавчуулагдсан
халиуны зулзага хөөрхий” гэдэг шиг болоод байна. Өнгөрсөн жил ОХУ-ын
ерөнхийлөгч “Баавгайжав” айлчилсаныг уншигч олон санаж буй. Нөхөр
“Баавгайжав”-ын айлчлалын талаар оросын болон бусад улс орнуудын сайтад
“Монгол дахь ураны айлчлал” хэмээн цохон бичиж байв. Оросын
ерөнхийлөгчийг ураны айлчлал хийж байхад Монгол Улс Канадын
“Ханресурс”-т болон япончуудтай ураны салбарт хамтрах томоохон тохироо
хийчихсэн байсан учраас “Баавгайжав” аятайхан байхыг сануулаад явсан нь
манай эрх баригчдыг баахан тэвдэхэд хүргэсэн. Энэхүү айлчлалын үеэр
“Дорнод уран”  хамтарсан компани байгуулах тухай хоёр улсын Засгийн
газар хоорондын хэлэлцээрт Монголын талыг төлөөлж, Монгол Улсын Засгийн
газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат гарын
үсэг зурсныг ч санаж буй.

Энэ бол манай эрх баригчид их гүрний удирдагчаас айхдаа тулгамдсан арга
хэмжээ авсан хэрэг. Сандралдан гаргасан эрх баригчдын шийдвэрийн дагуу
Оросын талаас “Атомредметзолото”, Монголын талаас “Мон-Атом” гэсэн
компаниуд “Дорнод уран” байгуулах амлалтыг оросын ерөнхийлөгчид өгөөд
хоцорсон. Тиймээс ч манай нөхдүүд хойд хөршийн заналхийллийн дагуу
“Мон-Атом” хэмээх төрийн өмчит компанийг байгуулаад авсан. Гэхдээ тэр нь
зөвхөн Монголд байгаа ураны лицензийг зохицуулах журмаар байгуулагдсан
гэх яриа ч бий. “Мон-Атом”-ын захирал Р.Бадамдамдин шинэ байгууллага
толгойлонгуутаа Канадад очиж гэрээ байгуулчихаад, Японд очиж салбар
компани байгуулаад, монголыг төлөөлөн Японоос төлөөлөгч сонгон “том
толгой” гаргасан нь мөн л эрх баригчдыг сандрахад хүргэсэн.

Энэ талаар дэлхийн цөмийн энергийн газраас ч Р.Бадамдамдинд дургүйцлээ
илэрхийлсэн юм. Р.Бадамдамдинг хоёр улсад өөрийн дур мэдэн гэрээ хэлцэл
хийж явахыг манай эрх баригчдаас өмнө оросууд мэдсэн байж таарна.
Тиймээс ч “танай нэг нөхөр ямар учраас Канад, Японгүй гэрээ хэлцэл
болоод байна. Бидэнд тохирсон зүйл бий байх аа” хэмээн сануулсныг эх
сурвалж хэлж байгаа юм. Юутай ч төрийн өмчит шинэхэн байгууллагад
Японоос 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн мэдээлэл бий.
Р.Бадамдамдингийн дур мэдэн хийсэн гэрээ хэлцэл ямар ч байсан хүчин
төгөлдөр байгааг Японоос ирсэн энэхүү 60 сая ам.доллар нотолж буй. Гэтэл
ойрхны мэдээллээр бол Канадаас шинэ тутам “Мон-Атом”-д ахин хөрөнгө
оруулалт хийхийг хүссэн гэсэн албан бус эх сурвалж бий. Уг нь бол
“Мон-Атом” нь төрийн оролцоог төлөөлөх ёстойгоос биш, шууд төрийг
төлөөлөх байгууллага биш. Гэтэл Монгол Улсын төрийг дэлхийн их гүрнүүдэд
төлөөлж байгаа нь цаанаа ямар ашиг сонирхолтой, ямар хүмүүсийнх вэ
гэдэг нь тодорхой. Нөгөө талд Оросын ерөнхийлөгчийг айлчлаад буцсаны
дараахан “Ханресурс”-тэй хийсэн гэрээгээ цуцлах гэж бөөн зүйл болсноос
харахад Оросын удирдагч багагүй дарамт үзүүлж, айлгасан хэрэг. Харин
“Хан”-ынхан Дорнодод ураны олборлолт хийх бэлтгэл ажилд 21 сая
ам.долларын хөрөнгө оруулчихсан, нэгэнт хийсэн гэрээ хэлцэл учраас
Арбитрын шүүхэд хандана гэж хэсэг яваад сураг алдарсан. Үүнээс өмнө
манай улсын шүүхэд ч хандсан. Харин баттай эх сурвалж сөхөхөд
“Хан”-ынхан Монгол Улсын Засгийн газрыг ялсан. Ялсан хэдий ч цааш зарга
үүсгээгүйг бодоход ямар нэгэн тохироонд хүрсэн хэрэг. Чухам хойд хөршөө
яах гээд байгаа юм бол.

Уг нь бол Дорнодын Мардай Орос-Монголын хамтарсан “Дорнод уран” гэдэг
компанид хоёр улсын Засгийн газар хууль ёсны өөрийн гэсэн хувьцаатай
байгаа, түүнээсээ эхэлж ажиллах ёстойг ч мартаж болохгүй. Тэгэхээр
Р.Бадамдамдин өөрийн талын эзэмшлийн 51 хувиасаа Япон, Канадтай гэрээ
хийчихдэг хэрэг үү. Хойд ах нар лав 49 хувиасаа өгөхгүй “гүрийх” нь
мэдээж. Юун 49 хувиасаа өгөх бүү хэл Оросын талаас “Росатом” компанийн
захирал С.В.Кириенко хоёр тал эн тэнцүү хэмжээгээр эзэмшинэ гэж хэвлэл
мэдээллээр мэдэгдсэн гээд бод. Тэгэхээр “Мон-Атом” гэгч төрийн өмчит
компани нь зөвхөн эрх баригч хэдхэн хүний хоол болж байгаа нь харагдаж
буй. Энэ байгууллага ямар ч чимээ аниргүй байгуулагдсан гэдгийг хэн
бүхэн мэдэж байгаа. Төрийн оролцоот эрдэс баялгийн чухал салбарт
зориулагдсан байгуулагдсан байгууллага олон нийтэд ямар ч мэдээлэлгүй
байгуулагдсан төдийгүй өдгөө ч чимээ анир үл гаргаж байгаа нь учир мэдэх
хүмүүсийг хардахад хүргээд байна.

Дорнод ураны салбарт Орос, Япон, Канад, Хятад гэсэн их гүрнүүд аль
хэдийнээ бууриа засчихсан. Аргагүй юм, уран нь эдийн засгийн ашиг
олохоосоо илүү улс төрийн ашигтай, бодлогын, стратегийн чухал ач
холбогдолтой элемент учраас төрийн хяналтад байдаг. Тиймээс том гүрнүүд
өөрийнхөө нөлөөг ураны салбарт байнга байлгах сонирхолтой байдаг ажээ.
С.Баяр Ерөнхий сайд байхдаа Олон улсын атомын энергийн агентлагт очсон,
төрөөс баримтлах бодлого, Цөмийн энергийн тухай хуулийн бэлэн болчихсон
төслөө ганзаглаж очсон гэдэг. Өөрөөр хэлбэл албан ёсны байгууллагт
шалгуулах гэж очсон хэрэг. Харин тус агентлагийнхан манай боловсруулсан
хуультай танилцаад “Бүрэн нийцэж байна. Харин нэмэлт, өөрчлөлт оруулах
зарим зүйл байна. Танай улс өөрөө шийд” гэсэн хариуны дагуу мань улс
засвар оруулахдаа чухам ямар эрх ашигт нийцүүлснийг бүү мэд. Эндээс
С.Баяр Япон улстай ураны салбарт хамтарч ажиллах санамж бичигт гарын
үсэг зураад буцаж ирсэн байдаг. Гэхдээ энэ санамж бичиг бол хамтарч
ажиллахыг санал болгосон бичиг байж, чухам ямар хэлбэрээр гэдгээ
тооцоолоогүй ирсэн. Харин хуучин Ерөнхий сайдын мөрөөр Р.Бадамдамдин
мөшгиж, эрх баригчдын зүрхийг амаар нь гаргах шахсан нь энэ.

Ураны нөөцөөрөө дэлхийд 18-д, Азид долоод ордог улс орны энэ салбарыг
сонирхохгүй их гүрэн гэж хаа байх билээ. Аль тэртээ социализмын үед орос
ах нар 150 сая ам.доллар зарцуулж, Дорнодын ураны нөөцийг 20.730.00
тонн гэж тогтоосон. Харин “Хан ресурс”-ийнхэн 28.061.75 тонны нөөц бий
гэж тогтоосон. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар тулааны талбарт ил гараад
байгаа нь Орос, Канад хоёр. Хоёр их гүрний далд тэмцэл 2009 зургадугаар
сарын 25-нд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон
цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, долдугаар сарын 16-нд Цөмийн
энергийн тухай хууль батлагдсанаас эхтэй.

Цөмийн энергийн тухай хуульд төсвийн зардлаар хайгуул хийсэн орд газарт
“…хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ
төлбөргүй, шууд эзэмшинэ” гэсэн бодлогыг суулгасан явдал байв. Тиймээс
Мардайн ураны ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Төв Азийн уран” ХХК
дахь Канадын “Хан ресурс” болон “Росатом”-ын “Атомредметзолото”
компаниудын хувь оролцооны хэмжээ өөрчлөгдөхөд хүрсэн нь энэ. Өнөөдөр
тулааны талбарт ил гараад байгаа нь Канад, Орос болохоос биш, Япон бол
ойлгомжтой гэдгийг удаа дараагийн жижиг том гэрээ батлана. Харин Хятадын
хувьд мөн л нааш хараа бэлчээсэн хэвээрээ л байна. Гэхдээ шууд ноцохгүй
байгааг бодоход Канадуудын ар талд хятадууд бий гэсэн эх сурвалж бараг
батлагдаж байх шиг. Канадууд бол хөрөнгийн эх үүсвэр бага, шууд ашгаа
аваад буцах гэдэг улс гэдгийг ч дэлхий нийт мэднэ, анхааруулж ч байгаа.
Тэгэхээр “Мон-Атом” гэж хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлоор
байгуулагдсан компанийн шууд удирдлагаар их гүрнүүдийн дунд “чулуу
шидээд” байх нь манайх шиг буурай оронд ихээхэн халтайг ч сануулж байна.
Нөгөө “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр Боролдой тал еэвэнг яаж бүтэн
байлгах гэж ноёныхоо өмнө хөгөө чирдэг билээ. Түүн лугаа нэгэнт гэрээ
хийчихсэн хойд их гүрэн эзэмшсэн хувьдаа орох гэхэд “бүүр нөгөө тал нь
энэ” гээд зогсч байх уу, эс бол Канадууд эзэмшсэн хувиа гэхэд “тал нь
энэ байна” гээд суух уу. Гэтэл япончууд бас л хувиа хүртэхээр ирнэ.
Эхний ээлжийн 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт дээр ахиад ирэх мөнгө
гэхээр чамгүй хувь эзэмшихээр гэрээ хэлцэлд хүрсэн нь лавтай. Тэгэхээр
Боролдой болоод байгаа Монгол Улс Орос хэмээх зайрангаас нэг сайн жавтий
хүртэхийг ч үгүйсгэх аргагүй. Бид яагаад ч их гүрнийг “Зэрэг нэмэхийн
өмнө” болгож чадахгүй. Бүр анх бол Канад, Монгол, Орос гэсэн гурван
хамтрагч Дорнодын ордыг ашиглалтад оруулахын тулд “Төв Азийн уран”
компанийг байгуулсан. Гэтэл гэнэт салан тусгаарлаж, Канадыг жийхээр
улайрч байгаа нь байдлыг хүндхэн болгоод байна. Хүнд байдал нь манайд л
тусна шүү дээ. Энэ мэт маргаантай асуудлыг хуудуутай шийдүүлэхийн тулд
“Мон-Атом” байгуулагдсан биз. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт их
гүрнүүдээс ямар нэгэн асуудал дэгдвэл, хаацайлуулж, мэдэн будилах гэж
байгуулсан болов уу. Нөгөө талд мэдээж томоос том бялууны нэг бол энэ.
Юутай ч манай ихэс дээдсүүд “Мон-Атом”-аар хөрөнгөө зузаалж, хүнсээ
базаалаа.

С.УУГАНБАЯР

Зохиогчийн эрх:
 "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж