Ажлын хэсэг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг байгууллаа

Хүний эрхийн дэд хороо өнөөдөр хуралдаж, өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн хүний эрхийн зөрчилтэй холбогдуулан гаргасан өргөдөл, мэдээллийн тухай авч хэлэлцээд, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Франц улсад амьдарч байсан Д.Энхбат агсныг С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан, хулгайлж, эх оронд нь авчран улмаар хилсээр гүтгэн, амь насыг нь хохироосон хэрэгтэй холбогдуулж, өмгөөлөгч Л.Санжаасүрэн Хүний эрхийн дэд хороонд өргөдөл гаргажээ. Өргөдлийг хоёр сарын өмнө шахам гаргасан юм байна. Тэрбээр Д.Энхбат агсны өмгөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд үүнээсээ болж, шоронд хүртэл орсон. Түүнчлэн эл хэрэгтэй холбогдуулж, Хүний эрхийн үндэсний комисс нь 2003 онд хууль хяналтын байгууллагад хандан “Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна шүү” гэдэг бичгийг удаа дараа хүргүүлж байсан ч “Нууцын зэрэглэлтэй ажиллагаанд Хүний эрхийн үндэсний комисс оролцох шаардлагагүй” гэсэн утга бүхий хариултыг авч, эрх мэдэл хүчин мөхөсдөж байжээ. Тиймээс Л.Санжаасүрэн өмгөөлөгчийн гаргасан өргөдөлд үндэслэн Монгол Улсад энэ төрлийн хүний эрхийн ноцтой зөрчил байгааг судлах шаардлагатай гэж үзэн, Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд ажиллах болж байна. 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж