
-Дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцох журамдаа өөрчлөлт оруулсан талаараа тодруулахгүй юу?
-Энэ сарын 6-наас эхлэн Замын хөдөлгөөнийг удирдах төвөөс ирсэн мэдээллийн дагуу дүрэм зөрчсөн жолооч нарт газар дээр нь хариуцлага тооцох журмыг хэрэгжүүлж эхэллээ. Тус төвд замын хяналтын камерийг хянаад замын цагдаа нар сууж байдаг. Тэд аль зам дээр хэд дугаартай машин зөрчил гаргасан бэ гэдгийг хамгийн ойр байгаа цагдаад нь мэдээлэх юм. Замын хөдөлгөөнийг камерийн тусламжтайгаар хянах болсон нь цагдаа нарын ажлыг ихээхэн хөнгөвчилж байгаа.
-Замын хөдөлгөөнийг удирдах төвөөс танайд өмнө нь ч хэрэг зөрчлийн талаар мэдээллийг өгдөг байсан. Тэр бүрт арга хэмжээ авдаггүй байсан гэсэн үг үү?
-Хариуцлага тооцдог байсан. Гэхдээ одоо түүнийгээ эрчимжүүлж байгаа гэсэн үг. Өмнө нь цагдаа нар хяналтын камерийн тусламжтайгаар ирсэн мэдээллийн мөрөөр замын хөдөлгөөнийг зохицуулахад илүү анхаарлаа хандуулж байсан юм. Жолооч нарт зохих торгууль, шийтгэлийг оногдуулж байсан ч орхигддог байсан.
-Тухайн жолооч хэрэг, зөрчил гаргалаа гэхэд 10 хоногийн дараа ч гэсэн хариуцлага тооцох уу?
-Тэгнэ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг шийтгэх хуулийн хугацаа нь 14 хоног байдаг. Ирсэн мэдээллийн дагуу энэ хугацаанд заавал олж хариуцлага тооцно.

"Улс төрийн тойм" сонин