Улстөрчид гудамжинд гарах нь

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Улстөрчид гудамжинд гарах нь

Сангийн
дэд сайдын суу­далд таарч тохирох хүн олдохгүй удахын хэрээр ажилгүй
улстөрчид олширч эхэллээ. Энэ албан тушаалын эзнийг хурдан зарлахгүй бол
мэдлэгтэй арвин их туршлагатай улс­төрчид   маань гудамжинд лааз
өшиглөх гээд байгаад олон хүн санаа зовниж байна. Гэхдээ дэд сайдын
суудал зөөлөн бас гоёмсог учир өөрийн албан тушаал, сайхан мэргэжлээ
голоод “ажилгүй улстөрчид” хэмээх шинэ нэр томъёоны эзэд болж байгаа
тэднийг буруутгах аргагүй. Уг нь ч нэрээ зүтгүүлж байгаа хэдийг нь
тандвал бүгдээрээ л энэ суудлын шалгуурыг хангах “толгой”-той улстөрч,
эдийн засагчид байх аж. Хамгийн гол нь ажилгүй  байх ёстой гэдэг
шаардлагыг л хангаж чадахгүй байгаа учир тэнцэхгүй бүдэрсээр ийн удаж
байгаа байх. Ийм учраас л шийдвэр гаргагчид хэнийг сонгохоо мэдэхгүй
мэдэн будилж байх шиг байна.  “Ажилгүй” улстөрч ол­дохгүй болохоор нь
нэг талаар ажилтай байгааг нь нааш цааш хольж сольдог болов. Зүгээр
байсан дэд сайдаа Төмөр замын дарга, Татварын даргаа дэд сайд руу,
Мэргэжлийн хяналтын даргынхаа суудлыг онгорхой үлдээгээд хүнээ нам руу
татаад аваад явчих жишээтэй. Энэ бүхнийх нь ард дандаа дахин томилгоо
хүлээгдэж байна. Тиймээс “толгой”-той хэдий ч ажилгүйчүүдийн эгнээнд
шилжих гээд бай­гаа улстөрчдөө энэхүү зов­лонгоос гэтэлгэх нэг арга
олдов. Сонгуульд нэр дэвшээд ялагдал хүлээсэн нөхдийг иймэрхүү үед
нөөцөнд хадгалчихаж баймаар юм. Төрийн албан хаагчдыг нөө­цөлж болдогтой
адилхан. Иймэрхүү асуудал гарахад орных нь хүн бэлэн амар шүү дээ. 
Хэрэв тэгвэл төрийн албан хаагчдын шалгалтад бүртгүүлдгээс ч хэд дахин
олон хүн бүртгүүлж, шал­галтын хураамж гэж овоо хэдэн төгрөг ч
цуглачихна. Нөгөөтэйгүүр, улстөрчид ч гэсэн яаж ажилтай болох вэ гэж
толгойгоо өвтгөхгүй юм даа.  

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж