“Форбес” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр тэрбээр ирэх оны эхээр цацахаар төлөвлөсөн мэдээллийнхээ талаар “Банкны удирдлагын түвшинд хэрхэн шийдвэр гаргаж, шинэчлэл хийж байсан талаар дэлгэрэнгүй өгүүлэх болно” хэмээн онцолсон байна. Харин үүнээс өмнө өнгөрсөн оны аравдугаар сард тэрбээр “IDG” мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө “Bank of America”-ын гүйцэтгэх захирлын компьютерээс АНУ-ын банк, санхүүгийн зах зээлтэй холбоотой чухал баримт бүхий таван гигабайт хэмжээтэй файл авсан хэмээн мэдэгдэж байжээ. Гэхдээ тухайн үед Ж.Ассанж тэдгээр мэдээллээ хэрхэн олон нийтэд хүргэхээ сайн мэдэхгүй байна гэж байсан юм. “Нью-Йорк Таймс” сонины онцолж буйгаар энэ нь 600 мянга шахам хуудас гэсэн үг юм. Үүнтэй зэрэгцээд “Bank of America”-ын мэдэгдэл гарчээ. Тус банкны төлөөлөгчид “Бид жил гаруйн өмнө Ж.Ассанжийн гаргасан мэдэгдлийн дагуу шалгаж үзсэн. Тэр үед банкны гүйцэтгэх захирлын компьютерээс мэдээлэл авсан гэх ямар ч нотолгоо олдоогүй” гэсэн байна. Ямартай ч үүнээс болж энэ сарын 1-нд “Bank of America”-ын хувьцааны ханш ганцхан өдрийн дотор 3.18 хувиар буурсан юм. Гэхдээ маргаашаас нь эхлэн харьцангуй тогтворжиж, 0.5 хувийн өсөлт ажиглагджээ. “Wikileaks”-ийн шинэ баримтууд банкуудын тухай таагүй мэдээлэл агуулсан байвал энэ нь санхүүгийн зах зээлд томоохон сөрөг нөлөө үзүүлнэ гэж зарим ажиглагч үзэж байна.
“Bank of America”-ын хувьд өнгөрсөн сард моргейжийн зээлтэй холбоотой асуудлаар шүүхэд хэрэг үүсгэн шалгагдсан. Энэ үеэр тус банкны ажилтан “Bank of America”-ын мэдэлд байдаг нэгэн моргейжийн компани үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгохдоо чухал баримтуудаа алдсан тухай мэдэгдэж байв. “Countrywide Financial”-ийн моргейжийн зээл хариуцсан шинжээч асан, “Bank of America”-ын тэргүүн сүүлийн хоёр жил орчмын хугацаанд хоёр сая гаруй харилцагчийнхаа мэдээллийг нууцаар авч, зээлийн компаниудад худалдсан хэрэгтээ хариуцлага хүлээх болоод байгаа. Нийт 20 мянган файл байгаагаас тус бүрт нь 500 ам.долларын торгууль ноогдуулж магадгүй юм. Тиймээс шинжээчид “Wikileaks”-ийн баримтууд моргейжийн зээлтэй холбоотой байж магадгүй гэж таамаглаж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны нөөцийн сан, Европын холбоо, Олон улсын валютын сан хямралын үеэр банк, санхүүгийн байгууллагуудад хэр их хэмжээний зээл олгосноо дэлгэрэнгүй тайлагнасан. Уолл Стритийн пүүсүүд эдгээрийн нэлээд томоохон хувийг эзэлж байгаа юм. Холбооны нөөцийн сангийн улирлын тайланд дурьдсанаар “Bank of America”, “Wells Fargo”, “Citibank”, “JPMorgan Chase” тус бүр 15 тэрбум ам.долларын зээл авсан хэмээн “Bloomberg” мэдээлжээ. Түүнчлэн АНУ-ын төв банк Европын банкуудад ч их хэмжээний зээл олгожээ. Гэтэл тэдгээр нь бас Европын төв банк зэрэг байгууллагуудаас нэлээд их хэмжээний санхүүгийн тусламж хүртсэн билээ. Санхүүгийн хямралын нөлөөгөөр банк, санхүүгийн байгууллагуудтай холбоотой зээлийн хүрээнд түүний цаадах нууц баримтуудыг “Wikileaks” дэлгэн харуулж магадгүй гэж зарим шинжээч үзэж байна.
Банкуудаас гадна “Бритиш Петролиум”-ын байгаль орчинд учруулсан хор хохирлын бодит хэмжээг харуулсан мэдээлэл Ж.Ассанжийн мэдэлд байгаа бололтой. Саяхан тэрбээр Швейцарийн банкинд данстай Хятадын өндөр албан тушаалтнууд болон Ирландын “Kaupthing Bank”-ны талаарх баримтуудыг нийтэд дэлгэсэн юм.
“Wikileaks” АНУ-ын Засгийн газрыг цочроож, дэлхийг сандаргаж байна. Одоо зөвхөн улс төрийн бодлогын хүрээнээс халин гарч, эдийн засгийн талбарыг сонирхох болжээ. Энэ бүхэн кибер ертөнцөд мэдээллийн аюулгүй байдал гээч зүйл байхгүй болсныг батлах том нотолгоо юм. Интернэт гэгч зүйл гарч, олон нийтийн мэдээллийн эргэх холбоог сайжруулснаар нууц гэдэг ойлголт үгүй болох бололтой.
“Wikileaks” саяхан АНУ-ын элчин сайд нарын тухай улс гүрнүүдийн харилцааг хөндсөн олон баримт дэлгэсэн билээ. Үүнээс болж өнгөрсөн долоо хоногт Германы чөлөөт демократ намын төв штабын ажилтан Гельмут Метцнер халагдсан билээ. Харин энэ долоо хоногоос АНУ-ын засаг захиргаа “Wikilieaks”-т нэр дурьдагдсан дипломатуудаа эргүүлэн татаж, өөр албанд томилохоор болжээ. Ж.Ассанжийн дэлгэсэн “Google”-тэй холбоотой нэг баримт нэлээд сонирхол татаж байгаа. Өмнө нь 2009 оны тавдугаар сард “Google”-ийн цахим хуудас хакерын халдлагад өртсөн. Харин энэ ажлыг Хятадын Засгийн газрын төлөөлөгч, нэлээд өндөр албан тушаал хашдаг Ли Чангчун зохион байгуулсан гэдгийг “Wikileaks” онцолжээ. Өөрөөр хэлбэл, Хятадын бодлого боловсруулагчид өөрсдөө “Google” домейноо хааж, тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоохыг хүсч байсан аж.
Ж.Ассанжийг хүчингийн хэрэгт буруутган Интерполоор барихыг Их Британийн хууль сахиулагчдад үүрэг болгосон билээ. Олон улсын хэвлэлүүдээр “Компьютерын суутан” хэмээн нэрлэгдээд байгаа түүний хувьд үүнд хариу мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр хүчингийн хэргийг ор үндэсгүй зүйл гэж няцаагаад хэрэв өөрийг нь баривчлах ямар нэг оролдлого хийх юм бол нэгдүгээр түвшний нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг интернэтээр цацах болно гэсэн юм. Эхний ээлжинд тэдний заримаас код ашиглан нээх боломжтойгоор сайтдаа тавьсан гэжээ. Гэхдээ мэргэжилтнүүд тэрхүү кодыг тайлж чадахгүй байна. Ямартай ч АНУ-ын Засгийн газар уржигдар Ж.Ассанжийн wikileaks.org сайтын домейныг хаасан юм. Үүний хариуд Швейцарийн домэйн нэр авч wikileaks.ch болж, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлж байгаа аж. Энэ бүхэнд Швейцарийн холбогдох албаны хүмүүс тайлбар өгч, “Бидэнд wikileaks.ch-ийг хаах үндэслэл байхгүй” гэсэн байна.
Т.ЭЛИСА
"Улс төрийн тойм" сонин