Авто замын газраас 2001 оноос хойш АНУ-ын 150 орчим стандартыг орчуулан боловсруулж Үндэсний стандарт болгон батлаад байгаа юм. Ингэснээр манай улсын авто замын салбарт 250 орчим стандарт үйлчилдэг болсон байна.
-Манай авто замын салбар нэлээд шүүмжлэлд өртдөг. Энэ юунаас болж байна вэ?
-Бид замын чанар муу, ажлын гүйцэтгэл хангалтгүй гэсэн тэрхүү шүүмжлэл дагуулаад байгаа асуудлыг хөндөж ярих гэж өнөөдөр энд хуралдаж байна. Замын чанар муу байна гэсэн асуудалд олон шалтгаан бий. Авто замын салбарт мөрдөх ёстой стандартуудыг дагахад учир дутагдал байна. Замын эдийн засгийн үр ашиг, дээгүүр нь явах машины тоог бодолцох хэрэгтэй. Ер нь одоо ашиглагдаж байгаа замыг стандартуудтай нь тулгаж үзэхэд тийм ч сайн үр дүн харагдахгүй байна. Яагаад гэхээр бид доод шатны стандартыг мөрддөг улс. Дээд шатны стандартыг мөрдөж эхлэх гэхээр санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг.
-Дээд шатны стандарт гэдэг нь юу билээ. Мөрдөж болдоггүй юм уу?
-Санхүүгийн асуудал гэж сая би хэллээ. Одоо нэг километр замыг 400 сая төгрөгөөр хийж байна. Үүнийг хэтэрхий үнэтэй байна гэж манайхан үздэг. Тэгвэл дээд шатны стандартаа мөрдөөд ажиллана гэвэл энэ 400 сая төгрөг чинь 600, 700 сая төгрөг болоод явчих нь ойлгомжтой байна шүү дээ.
-Гүйцэтгэгч компаниуд аливаа нэг объектыг тендерийн дагуу авч, барьж байгаа. Барихдаа Монголд мөрдөгддөг тэр стандартын дагуу барьдаг. Харамсалтай нь барьсан зам эвдэрч, хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлж байна. Ингээд гүйцэтгэгч компани чанаргүй, муу барьсан гэгддэг. Гэтэл барьсан зам дээгүүр явж байгаа тээврийн хэрэгсэлд нь асуудал байдаг. Үүнийг хянадаг байгууллага нь ажлаа хийхгүй байна. Үүнээс болж л авто замын ажил гүйцэтгэдэг замчдын нэр хүнд унаад байгаа. Бид уг нь авто замын салбарт үйлчилдэг АНУ-ын AASHTO стандартыг мөрдөөд л байгаа шүү дээ.
Хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд чанар стандартыг хангахын тулд үүнийг үнэлдэг хяналтын тогтолцоог сайжруулах хэрэгтэй талаар ярьж байлаа. Тэдний хэлж буйгаар манайд замаа хэрхэн барихаа анхаардаг ч үнэлэлт, сорилтын хувьд сул хөгжилтэй байгаа аж.
-Шинээр ашиглалтад орж байгаа замыг ямар байдлаар шалгадаг вэ. Стандартын мөрдөлт ямар байдалтай байна вэ?
– Зам, барилгыг барьж дууссаны дараа улсын комисс хүлээж авдаг. Бүгд мэдэх байх. Мэргэжлийн хяналтын байцаагчаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гардаг л даа. Энэ хүмүүс шинэ баригдсан зам дээр техник ашиглалтын түвшинг шалгадаг. Энэ шалгалтаар бүх мэдээлэл нь гарч, стандарт мөрдсөн байдал нь ийм байна, алдаа нь тийм байна гэж дүгнэдэг.
-Стандарт мөрдөхгүй байх ямар шалтгаан байна. Хямд өртөгтэй зам хийх гэж улайрдгаас болдог юм уу?
-Ер нь хамгийн чухал нь аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн дотоод хяналтаа сайжруулж, стандартын мөрдөлтөө хийх хэрэгтэй. Ихэнх стандартууд ямар байдаг гэхээр лабораторийн шинжилгээг баталгаажуулах ёстой байдаг. Үүнийг тухай бүрт нь байгууллагууд шинжилгээний лаборторидоо хийх ёстой. Гэтэл энэ нь санхүүгийн асуудалтай шүү дээ. Байгууллага бүрт тийм лаборатори байхгүй.
-Зарим стандартыг шинэчлэх шаардлагатай гэж байна?
-Одоо манайд байгаа стандарт шаардлагууд цаг үетэйгээ уялдах хэрэгтэй байна. Авто зам дахь хөдөлгөөний эрчим, даац нэмэгдсэн. Машины тоо өссөн. Яг өнөөдөр хотын зам ямар болчихоод байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Наад зах нь замын ирмэгээс байшин барилга хэдэн метрийн зайтай байх вэ гээд эргэж харах, дахин нягтлах шаардлагатай зүйл олон бий.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
"Улс төрийн тойм" сонин