П.Сүхбат: Заан цолондоо илүү хайртай | News.MN

П.Сүхбат: Заан цолондоо илүү хайртай

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

П.Сүхбат: Заан цолондоо илүү хайртай

Инээмтгий бөх. Унасан ч давсан ч инээдэг, уначихаад духаа алгадаад инээж л зогсдог түүнд ард түмэн хайртай байдаг. Хэний тухай ярьж байгааг уншигч та шуудхан л мэдэх байх аа. Бөхийн түүхэнд 1964 оныхон хэмээн алдаршсан хүчит "луу"-нуудын нэг, дархан аварга Б.Бат-Эрдэнийг босоо байхад нь унагаж, дараалсан олон түрүүнд нь завсар оруулсан ганц бөх гээд мандаж явсан үе түүнд бий. Улсын гарьд П.Сүхбат нэг үзүүрлэж, хоёр удаа долоо, хоёр зургаалаад, нэг тавласан гээд улсын арслан Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, П.Дагвасүрэн нарын араас эрэмбэлэгдэнэ. Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл, Ази тивийн таван удаагийн аварга гээд гуншин олонтой. Гаргасан амжилтаа хожим үнэлүүлж цолоо гадаадад гардсан анхны бөх. Таван жил наадам өнжсөн "том" Сүхбат өнгөрсөн жил хоёр давж, гурвын даваанд өвдөг шороодсон. Харин улсын наадмаас хойш заал, танхимын барилдаанд хэд хэд зодоглоод амжсан. Наадам ойртсон энэ өдрүүдэд хонгор нутгийн бөхчүүдтэйгээ Төв аймаг дахь "Бугын" САА-н "Нармон тур" амралтад бэлтгэлдээ гарахаар зэхэж байхтай нь таарлаа. Ахалж байгаа галд нь улсын начин Д.Батболд, Б.Сэр-Од, Б.Баянжаргал тэргүүтэй 20 гаруй залуу багтах аж. "Манай галд улсын цолд ойрхон бөх олон бий. Наадам гэдэг аз од байдаг юм. Тэр өдрийн тэнгэр л мэдэх хэрэг" хэмээснээр бидний яриа эхэлсэн юм.

-Наадам дөхлөө. Гарьд хэзээ бэлтгэлдээ гарах гэж байна даа?

-Нутгийн галаа ахлаад энэ сарын 20-ноос бэлтгэлдээ гарна даа. Манайхан сүүлийн жилүүдэд Төв аймгийн Бугын САА-д гардаг болсон. Би хоёр дахь жилдээ гарах гэж байгаа нь энэ Улсын цолд ойрхон, нэлээд найдлага тавьж байгаа хэд хэдэн залуу бий. Аймгийн арслан Р.Дамдин, Д.Батбаяр, Ж.Чулуунбат, Д.Энхбат гээд улсад хоёр ч удаа гурав, дөрөв давсан аймгийн цолтон байгаа. Гэхдээ наадам гэдэг хэн аз, од нь гийсэн нь, хэн илүү бэлтгэл хийсэн нь улсын хэмээх том бүлд багтдаг жамтай. Би нэлээд хэдэн жил нутгаасаа хол байлаа. Энэ хугацаанд манай нутгаас улсын цолтны буухиа тасраагүй. Энэ буухиаг үргэлжлүүлэхийн тулд залуусынхаа бэлтгэлд их анхаарч байна. Нас явж байгаа ч залуусынхаа бэлтгэлийн жорыг тааруулчих санаатай. Тактикийн бэлтгэл хийнэ дээ. Одооны барилдааны дүрэм их өөрчлөгджээ. Залуучууд бүтэн жилийн турш бэлтгэлтэй байгаа. Тиймээс эрүүл агаарт сэргэлтийн бэлтгэл хийлгэнэ.

-Та багагүй хугацаанд АНУ-д ажиллаж амьдарч байгаад ирсэн. Байнгын бэлтгэлтэй байгаад дасчихсан болохоор зүлэг ногоон дэвжээгээ их санасан байх?

-Би өдрийн найман цагийн ажилтай. Америкт байхдаа хөл бөмбөг, сагсан бөмбөгийн "Гарьд" гэдэг багтай байлаа. Монголчууд хоорондын тэмцээнд оролцож багаараа медаль авч байсан. Ер нь байнгын бэлтгэлтэй байсан.

-Хэдэн жилийн дараа дахин зодоглоход ямар мэдрэмж төрж байх юм?

-Миний үеийнхэн бараг барилдахаа больж дээ. Олон шалтгаан байдаг байх. Би гадаадад хэдэн жил болоод ирсэн болохоор бэлтгэл гайгүй, бусдыгаа бодвол арай олон жил барилдчих юм шиг байна. Бэлтгэл сургуулилт, магадгүй дүрэмд өөрчлөлт орсон нь бас нөлөөлдөг байж болох юм. Бөхчүүд их залуужиж. Тэдний хурдыг яаж гүйцэх вэ. Том цолтой хүмүүс гарч ирээд нэгийн даваанд унах нь тийм ч сонин биш болж. Тиймээс зайгаа авч бөхөөс хөндийрч байх шиг байна. Тэгээд ч спорт бол залуу насны ааг омгийн ажил. Миний хувьд өндөр амжилт гаргахаасаа илүү ард түмнээ баясгаж явсны хувьд дэвжээндээ гарч өөрийнхөө хэмжээнд ямар ч байсан гурав давж цолоо дуудуулах зорилго тавиад байгаа.

-Таны үеийнхэн гэхээр Монгол бөхийн түүхэнд 1964 оны луу жилтэнгүүд гэж мөнхөрсөн байдаг байх аа?

-Тийм ээ. 1964 оны луу жилтэй 20 гаруй улсын цолтон бий. Ихэнх нь барилдахгүй байна. Гурав, дөрөв нь бурхан болж дээ. Ихэнх нь их спортоор хичээллэж байсан хүмүүс. Үеийнхнээсээ түрүүлж дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дараа нь Жавхлантөгс гуравт нь би начин цолны босго алхаж байлаа. Миний араас 19 хүн улсын цол авсан.

-Та энэ жилийн наадмын өнгийг хэрхэн таамаглаж байна вэ?

– Залуучууд үнэхээр сайн байна. Битүү морь ч түрүүлж магад. Жилээс жилд шинэ хүн түрүүлэх болж. Хэлэхэд хэцүү юм. Үнэхээр хэн нь түрүүлэхийг таахын аргагүй. Бидний үед таавар зөрөх нь ховор байлаа.

-Олон наадмыг үдэж угтсан хүний хувьд наадмын өнгөний тухайд ямар бодолтой явдаг вэ. Зарим нь цол авах жилээ солонго харсан, халуун хошуутай мал өвөр лүү орсон гээд л бэлгэшээдэг юм билээ…?

-Хүмүүс янз бүр. Би сайжрах үедээ унтаад л байдаг. Сайн байх жилүүдэд хүний хөл ойрхон харагдаад л. Хийсэн хөдөлгөөн бүр хурд, хурд бүхэн мэх болоод байдаг. Одоо бол хурд байхгүй. Мэх хийчихээд дарж унасан хойноо л давлаа гэж бодохгүй бол хэцүү болж. Мэх мэх биш болчихдог юм шиг ээ. Хүч, хурд ир алга болчихдог юм байна. Хүн 30 хүртлээ сайн барилддаг юм байна. Спорт угаасааа залуу насны ажил. Миний залуу насны ааг омог, улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Ж.Бат-Эрдэнэ хоёроос харагдах шиг болдог.

-Баянхонгор аймагт энэ жил Ламын гэгээний 370 жилийн ой болно. Нутагтаа болох том ойд та зодоглоно биз дээ?

-Барилдалгүй яахав ээ. Нутгийн бөхчүүд давхар уяатай орно.

-Таны адил улсад есөн удаа шөвгөрсөн бөх цөөхөн байх аа?

-1988 онд улсын цолтны эгнээнд орж байлаа. Тэрнээс хойш завсаргүй шөвгөрсөн. Улсын өсөх идэр гээд чимэг нэмж явсаар1990 онд заан болсон. Түүнээс хойш 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандиас гарьд цолоо гардсан. Хүний амжилтыг цаг тухайд үнэлж байвал зүгээр юм шиг. Би 1992-93 оны гарьд. Хамгийн сүүлийн гарьд гэж явдаг юм шиг байна лээ. Тэрийг сайн ойлгодоггүй. Би заан цолондоо хайртай. Гарьд цол тухайн үедээ үйлчилж байсан бол сайхан. Намайг барилдахаа больсон хойно өгсөн болохоор тийм сайхан санагддаггүй.

-Бат-Эрдэнэ аваргыг ид байх үед ганцхан завсар оруулсан бөх бол та. Түрүүлчих юмсан гэж бодож байсан биз дээ?

– Залуу ч байж дээ. Аваргыг хаясан, тэр жилээ түрүүлэх боломж байсан. Дараа жил нь түрүүлнэ л гэж бодож явлаа. Одоогийн залуус нэг үзүүрлэж түрүүлээд дараа жилээс нь дөрөвт үлдэхгүй байна. Бидний үед Б.Бат-Эрдэнэ байхгүй бол Д.Мөнх-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ байхгүй бол би. Намайг байхгүй бол Бямбадорж заан гээд л нэгнийгээ нөхөж барилддаг байлаа.

Үндэсний бөх үнэхээр өвөрмөц ёс жаяг, дэг журамтай спорт. Сүмо бөх 360 хоногт 40 барилдаж байхад үндэсний бөх 360 хоногт нэг л удаа барилддаг хариуцлага өндөртэй. Бат-Эрдэнэ аварга 360 хоног хүлээж байж нэг түрүү нэмдэг байлаа. Манай үндэсний бөхөөр гадны бөх ирж барилдаад цол авна гэж байхгүй. Тэгэхээр сүмогоос илүү дэг жаягтай байгаа биз. Сүмод барилдаж байгаа хүүхдүүд үндэсний бөхөөр барилдаад ирэхээр мэдэх байх. Тэр утгаараа Б.Бат-Эрдэнэ аваргыг хайрладаг. Олон жил унаж, давж явлаа. Би нэг ярилцлагадаа "Б.Бат-Эрдэнэ аваргыг цол бүрт нь мялааж явлаа" гэж ярьж байлаа. Жил ирэх бүр үеийнхнээ хайрладаг болдог юм байна. Одоо бие биенээрээ тоглож л суух юм даа.

-Таны нэг ярилцлагадаа Б.Бат-Эрдэнэ аваргыг хаясандаа харамсдаг гэж ярьсныг уншсан юм байна.?

-Тухайн үедээ өөрөө түрүүлж чадаагүй байж энэ хүний гайтуулчих вуу даа гэж боддог байсан. Гэхдээ би тэр хүнийг хаясан нь үнэн. Би хүнийг хаяагүй байж хаях байсан гэж ярьж байгаагүй.

-Та чөлөөт бөхөөр их спортод сууриа тавьсан байх аа. Харин үндэсний бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Анх Д.Адьяатөмөр багшийнхаа удирдлагад 14 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Харин үндэсний бөхийн "А" үсэг заасан хүн бол улсын арслан Ж.Чойжилсүрэн. Аравдугаар ангидаа Дорноговьд аймагт түрүүлж аймгийн арслан болсон. Тэрнээс хойш барилдаагүй байж байгаад хоёр жил барилдаад начин болсон.

Чөлөөт бөхөөр хичээллэх хугацаандаа дэлхийн аваргын хүрэл, дэлхийн цомын мөнгө, Азийн таван удаагийн аварга, Азийн тоглолтын аварга, чөлөөт бөхийн улсын 12 удаагийн аварга болж байлаа. Чөлөөт бөх надад их юм өгсөн дөө. Японд тэмцээнд оролцоод наадмын өмнөх өдөр ирээд заан болж байлаа. Жин хаслаа гээд муудаагүй. Харин Үндэсний бөхөөр барилдаж байгаа залуус самбо, жүдо, чөлөөт гээд их спорт руу орохгүй байна. Энэ нь жинтэй холбоотой байх. Жингээр барилддаг болжээ. Бас богино хугацаанд хурдан барилддаг нь нөлөөлдөг байх.

Ж.Амаржаргал  /2009.6.15/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

onjaw 2010-02-26 127.0.0.1

ene jil shiweestei myyhai haragdaj bn lee zohiogvi yum gedeg demii de baawgai mini

Avatar

алтай. 2010-02-26 127.0.0.1

үнэхээр ч тухайн цаг үед нь арслан цолыгнь олгочихсон бол шал өөр байхгүй юүядаж сэтгэл зүйн талаасаанэгэн үе 5-н залуу заанд арслан өгнө гэж бөхийн холбоо 3-4-н жил тоглолоомонгол бөхийн холбоо хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж