Хамтарсан ЗГ-ын гэрээг өөрчлөх wikileaks ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Хамтарсан ЗГ-ын гэрээг өөрчлөх wikileaks ажиллагаа

УИХ-ын ээлжит сонгууль эхлэхэд хоёр жил ч хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс хамтарсан Засгийн газрыг чиглэсэн WIKILEAKS ажиллагаа улам эрчээ авав. Экс Ерөнхий сайд С.Баяр улс төрийн хоёр том намын энэхүү эвслийг “Стандарт бус” хэмээн тодотгосон нь улстөрчдөд уг “шүхэр”-ээс дүүжлэгдэж, улс төрийн тоглолт хийх томоохон далим өгсөн. Нөгөөтэйгүүр хамтарсан Засгийн газар нь Ардын нам, Ардчилсан намынхны хувьд эдийн засгийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гол объект болсон билээ. Чухам иймээс л ордны болон гудамжны улстөрчдийн арааны шүлсийг асгаруулсан амтат “бялуу” нь С.Батболдын тэргүүлж буй танхим болчихоод байгаа юм.

Тэр тусмаа улс төрийн хоёр том намын эвцэлдээнийг хагалж, сөргөлдөгч хүчнүүдийн уур амьсгалыг дахин сэргээх гол зэвсэг нь бас л С.Батболдын танхим. УИХ-ын 2012 оны сонгуулийн марафон нэгэнт эхэлсэн хойно хоёр намынхан нэг нэгнээ нөлөөт толинд дахин харж эхлэх нь арга ч үгүй биз. Сөргөлдөгч хүчнүүд байтугай нам хэмээгч нэгэн дээвэр дор нэгдсэн хүмүүс өөр зуураа дайсагналцаж байхад үүнийг жам ёсны үзэгдэл гэхээс өөр юу гэх билээ.
Хамтарсан Засгийн газрыг байгуулсан гэрээг барьцаалж, Ардын нам, Ардчилсан намынхны рейтингийг унагах WIKILEAKS ажиллагаа эхэллээ. 2008 оны есдүгээр сарын 12-ны өдөр. Тухайн үеийн МАХН, Ардчилсан нам хамтран ажиллах гэрээг үзэглэх нэрийн дор УИХ-ын 2012 оны сонгууль хүртэл бие биенийхээ эсрэг WIKILEAKS ажиллагаа явуулахгүй байхаар үгсэн тохиролцлоо. Тэд 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний улмаас нэг нэгэндээ хүйтэн дайн зарлачихаад байсан ч Бээжингийн зуны олимпод оролцсон Монголын тамирчид хоёр намын лидерүүдийг эвлэрүүлсэн юм. Харин үүнээс хойш даруй нэг сар орчмын дараа хамтарсан Засгийн газар байгуулах гэрээг МАХН, Ардчилсан намын төлөөллүүд үзэглэсэн билээ. “Орон нутгийн 2008 оны сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд МАХН, Ардчилсан нам дангаараа оролцох бөгөөд сонгуулийн үр дүн нь энэхүү гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зөрчөөгүй нөхцөлд аль нэг тал нь гэрээг дангаар цуцлахыг хориглоно” гэсэн тохиролцоон дор МАХН-ыг төлөөлж Сү.Батболд, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Э.Мөнх-Очир, Ардчилсан намаас Н.Батбаяр, Х.Баттулга, Ц.Баярсайхан, Ч.Сайханбилэг, Ц.Сэдваанчиг нар гарын үсэг зуржээ.

Нийт таван зүйл бүхий энэхүү гэрээг “Улс төрийн хийсвэр сэтгэлгээгээр бүтсэн мөрөөдлийн жагсаалт” хэмээн тодотгогчид улам олширсоор байна. Уг гэрээний гуравдугаар зүйлд “Жилд 60 мянгаас дээш тооны ажлын байр бий болгоно. Өрхийн сарын дундаж орлогыг нэг саяас доошгүй төгрөгт хүргэнэ. Үнэ ханшийн өсөлтийг тухай бүрт нь тооцож, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг одоогийнхоос гурав дахин болон түүнээс доошгүй өсгөнө. Шинээр гэр бүл бологсод, шинэ төрсөн болон нийт хүүхдэд мөнгөн тусламж, тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно. Шинээр гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300 мянган төгрөгийг нэг удаа, ”Алдарт эх” II одонтой эхэд 500 мянга, I одонтой эхэд нэг сая төгрөгийн тэтгэмж жил бүр олгоно” гэхмэтчилэн тусгасан нь өдгөө хийсвэр төсөөлөл бүхий үнэгүйдсэн зорилт болон хувирчээ. Харин хамтарсан Засгийн газрын танхимынхан “Хоёр УИХ, дөрвөн Засгийн газрын нүүр үзсэн Оюутолгой төслийг бид батлуулж чадсан. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг батлуулж, түүхэн үүргээ гүйцэтгэлээ” хэмээж буй ч улстөрчдийн WIKILEAKS ажиллагааны үр дүнд эдгээр нь бас л муу нэртэй, луу данстай баримт бичгүүдийн тоонд орчихоод байна.

Хамтарсан Засгийн газрыг байгуулсан гэрээнд “Хамтын ажиллагааны хүрээнд зарчмын зөрүүтэй асуудлыг зөвшилцөх зорилгоор Зөвлөлдөх хороог байгуулна. Зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүнд намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь намын бүлгийг төлөөлж гурав, Засгийн газрыг төлөөлж гурав, нийт найман хүн нэг талаас оролцоно” гэсэн заалт бий. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уг хороо ажлаа хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, “МАХН ууган нэрээ сэргээж, Ардын нам болсон учраас хамтарсан Засгийн газрыг байгуулсан гэрээ хууль бус боллоо” хэмээх мэдэгдлүүд ар, араасаа цуварч буй энэ цагт Зөвлөлдөх хорооныхон ганц ч удаа хуралдаж, хоёр намынхан энэ талаар зөвшилцсөнгүй. Харин Ардчилсан намынхныг уг гэрээний 1.3 дахь заалтыг “ОК” биелүүлж байна гэхэд болно. Тэд өмнөх парламентын үед сав л хийвэл хуралдааныг орхин гардаг байсан. Гэвч эрх баригчид “Хууль, шийдвэрийн бусад төсөл хэлэлцэх, шийдвэрлэх үед олонхи нь хүсэл зорилгоо тулгахгүй, цөөнх нь хурал хаяхгүй, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах байх хэмжээний завсарлага авахгүй байхыг намын бүлгүүд эрхэмлэнэ” гэсэн хориглон хамгаалалт тавьсан тул Ардчилсан нам энэ удаад сөрөг хүчний үүргээ дөнгөлүүлж хоцорсон юм. “С.Батболдын танхимаас намаа гаргах л болно” хэмээн шазуур зууж яваа УИХ-ын гишүүн З.Энхболд ч энэхүү хориглон хамгаалалтыг тойрч чадахааргүй байлаа. Түүний хувьд Ардчилсан намын даргын албанд Н.Алтанхуягтай өрсөлдөж байхдаа “Хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжиж байна” хэмээн мэдэгдсэн удаатай. Тэгэхээр УИХ-ын 2008 оны дараахь Ардчилсан намд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх тэнхээ, дархлаа байхгүй байсан нь эндээс тодорхой харагдаж байгаа юм. Харин олонхи нь хүсэл зорилгоо тулгахгүй байх тухайд асуудал арай өөр. Ерөөс хүсэл зорилгоо тулгадаггүй эрх баригч хүчин гэж улс төрийн ямар ч тавцнаа үгүй. Тийм ч учраас МАХН нэр, үзэл баримтлалаа шинэчилсэн ч хамтарсан Засгийн газрын хуучин гэрээг хүчин төгөлдөр мөрдсөөр байна.

С.БАТТУЛГА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж