С.Дэмбэрэлд итгэл үзүүлэх үү, бизнесмэнүүд ээ!

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

С.Дэмбэрэлд итгэл үзүүлэх үү, бизнесмэнүүд ээ!

Монголын Үндэсний ху­далдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ гэдэг Төрийн бус байгууллага ардчилалтай зэрэг шахам мэндлээд 20 жилийн нүүр үзэж байна. Албан ёсоор хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, бизнесийн болон хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд гол дэмжигч нь байх ёстой гэж зо­рилгоо тодорхойлсон бай­даг. Ард иргэдийнхээр бол “Хэ­рэглэгчдийн найд­вар­тай түнш” өргөмжлөл тарааж, “Шилдэг компани” шалгаруулдаг бо­лолтой юм. Үнэндээ манай биз­несмэнүүдийн талаас илүү хувь нь “Тамирын голыг до­лоох шахаж” байж хөрөнгө хуримтлуулснаас биш энэ танхимаар дэмжүүлж өдий зэрэгт хүрээгүй гэдэг юм билээ.

Ямартай ч хувийн хэвш­лийнхэн Монголын эдийн засгийг нуруундаа үүрч яваа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өнөөдрийг хүртэл төр нь үйлд­вэрлэгчдээ дэмжих бус да­рамтлах зарчмаар төр, биз­несийн харилцаа таагүй явж ирлээ. Манай улс эрх чөлөөг дээдлэх үндсэн зарчимтай ардчиллын замаар замнасан цагаасаа эхлээд бизнесийн эрх чөлөө гэдгийг шууд гээсэн этгээд түүхтэй. Уг нь МҮХАҮТ үүнийг төрд сануулж бизнесмэнүүдийг тө­лөөлж бизнесийн эрх чө­лөөний төлөө туг барин тэмцэж явах учиртай байгууллага юмсан.

Зөвхөн Монголд бус нийгэм даяар иргэний нийгэмд аюул учруулдаг ганцхан “дайсан” байдаг нь засаг, төр байдаг. Төр иргэдийн хүсэл зорилгыг сонсохгүйгээр материаллаг болон материаллаг бус нөөц баялгийг цөлмөсөөр ирсэн болохоор тэр л дээ. Мөн эдийн засгийн болон шашны үйл ажиллагаа идэвхтэй байж л хүнийг хөгжүүлдэг гэж үздэг ч онол буй. Хүн хөгжвөл улс хөгжинө. Эдийн засаг бол сонголтын ухаан. Сонголтын нөгөө талд алдагдсан боломж буй. Төр эдийн засгийн харилцаанд хэт их оролцсоноос болж сайн дурынхны харилцаа бага болдог. Хар л даа, өнөөдөр хувийн хэвшлийнхний идэвх хэрхэн суларч, татварын дарамтанд яаж туйлдаж, сульдаж байна. Жишээ татъя. Францад XVII зууны үед далайн худалдаа их хөгжсөн. Тэр үед Францын хаан худалдаачдаа дуудаж “Худалдааг улам сайн хөгжүүлэхийн тулд би юу хийх вэ” гэж асуужээ. Хариуд нь худалдаачид “Та юу ч хийх хэрэггүй. Түүгээрээ л бидэнд тус болно. Дэлхий өөрөө эргэдэг юм” гэж хариулсан байдаг. Өөрөөр хэлбэл төрийн оролцоог багасгаснаар чөлөөт зах зээл, эдийн засаг хөгжинө. Монголд үйл ажиллагаа явуулж байсан 65 мянга гаруй аж ахуйн нэгжээс 45 мянга нь “чагтан” тайлан өгчээ. Ашиг нь хасах тэмдэгтэй гарсан хэрэг. Энэ бол Монгол бизнес эрхлэх боломж муу байгаагийн илэрхийлэл.

Засгийн газар 2010 оныг  “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан. Зарлаад л гүйцээ. Юу ч хийсэнгүй. Хийж ч чадахгүй. Чухам юу хийх ёстойг нь хэлж өгч, төрийг бизнесийнхэнтэй холбох гүүр “МҮХАҮТ, түүний дарга С.Дэмбэрэл” боломжийг ашиглаж чадсангүй.  Хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалсан ямар нэг шаардлага тавьсангүй. Зайлшгүй өөрчлөх хэрэгтэй хуулийн төслийг ч санал болгосонгүй. Уг нь  МҮХАҮТ Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалж, тулгамдаж буй асуудал, шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтад гол анхаарлаа хандуулах үүрэг хүлээсэн байгууллага шүү дээ. Өнгөрсөн тавдугаар сард Монголын том, жижиг гэлтгүй 2000 компани нэгэн зорилго дор нэгдэж Тавантолгойн орд газрыг гаднынханд өгөх гэж байсан төрийн харалган шийдвэрийн эсрэг зогссон. Хамгийн түрүүнд дэмжих ёстой байсан С.Дэмбэрэл дарга харин үүнээс санаа авч, хамгийн том таван компанийг олзлоод бусдынх нь эсрэг зогсч байхыг харав. Олонхийн эсрэг зогссоноор барахгүй эрх мэдэл, боломжоо ашиглан “том таван компани”-ийнхаа төслийг Ерөнхий сайдад өөрийн гараар гардуулсан. Жишээ нь түүнтэй нэр нэгт, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 76 гишүүнийхээ тавыг нь л дэмжээд байдаг бол суудал дээрээ удна гэж үү. Түүнд хэн ч итгэхгүй болж, олонхийн хүсэлтээр зайлах л болно. Ардчиллын зарчим тийм шүү дээ. С.Дэмбэрэл даргын дээрх үйлдэл, гажуудалтай байр сууринд дээрх 2000 компаниар зогсохгүй, “С.Дэмбэрэлийн тав”-д ороогүй бүх хувийн хэвшлийнхэн, тэдний ар гэрийнхэн дургүйцэж байсан юм.

Энэ сарын дундуур МҮХАҮТ-ын даргын сонгууль болно. Дараагийн “Дэмбэрэл”-ийг төрүүлэхгүйн төлөө ухаалаг сонголт хийх хэрэгтэй болж байна. Дарамтлах дуртай төртэй үг хэлээ ололцох, шаардлагатай бол хэвийн хэвшлийнхнээ өмөөрөөд тэмцэх чадвартай, эдийн засгийн өндөр мэдлэг, нөхцөл байдлын мэдрэмж сайтай, Монголын үндэсний бизнес эрхлэгчдийн төлөө цохилох зүрхтэй хүн л энэ байгууллагыг удирдах ёстой. Наадмаар өмсөх дээл, цагаан сарын гоёлдоо бус лангууны бизнесийг томруулах, компаниудын өрсөлдөж чадварыг дээшлүүлэх тухай бодож явдаг хүнийг л МҮХАТ-ын даргаар сонгохыг Монголын хувийн хэвшлийнхэн, бизнесмэнүүд, аж ахуйн нэгжүүд хүсч байна.

Б.БААТАР


Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж