
Монголын эдийн засаг хямралын өмнөх үеэс хойш үсрэнгүй хөгжиж байна гэсэн дүгнэлтийг гадны зарим шинжээчид хийж, Засгийн газар, Монголбанкийг хөөрөгдөж байна. Үнэхээр ч гадаад валютын нөөц 1.8 тэрбум ам.долларт хүрсэн сайн мэдээ байгааг магтахаас аргагүй. Харин энэ хөрөнгийг эргэлтэд оруулахгүй дараад хэвтээд байгаа Монголын Засгийн газрын тэнэгийг гайхахаа бас мартсангүй. Манай төв банк заавал байлгах валютын нөөцийг зургаан долоо хоног буюу 42 хоногийн нөөцөөр тогтоосон байдаг. Одоогоор зургаан сарын нөөцтэй болчихоод байгаа юм байна. Үүнээсээ заавал байлгах 42 хоногийн нөөцийг үлдээгээд бусдыг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих ажиллагаанд зарцуулахаар Засгийн газарт хүүтэй зээлүүлж болох юм. Наад зах нь одоо барих гээд байгаа тавдугаар цахилгаан станцыг бүтээн байгуулалтад зарцуулж болох юм.
Тавдугаар цахилгаан станцыг барихад олон улсын дундаж жишигт нийцсэн хамгийн тохиромжтой хувилбарыг сонговол 600 mb-ийн хүчин чадалтай станц байж болно. Үүнд 1мвт-ийг нэг сая ам.доллараар тооцвол 600 сая ам.доллар хэрэгтэй. БНХАУ зэрэг зарим орон 1 MBт-ийг 800 сая ам.доллараар барих төсөл ч санал болгосон сурагтай. Ямартай ч энэ мөнгийг гаднаас хүүтэй зээлэх биш, Монголбанк нь Засгийн газартаа дэлхийн жишгээр 0.25 хувийн хүүтэй, бүр хүүгүй ч зээлж болох шүү дээ. Засгийн газар ч энэ талаар сонирхож, санал тавьж байсангүй. Тэд мэдэхгүй байх учиргүй. Эсвэл хүүтэй мөнгө хохиролтой ч гэсэн “амттай” байдаг юм болов уу.
Социализмын үед манай дарга нар гадны зочдод “Энэ үйлдвэрийг Орос ах нар барьж өгсөн, түүнийг Чехүүд бэлэглэсэн гээд яриад явдаг байж. Та нар өөрсдөө юу хийсэн юм бэ гэхэд нь “Бид социализм байгуулж байгаа” гэсэн онекдот байдаг. Манай IV цахилгаан станцын үүдээр ормогц одоо цагт музейд л байдаг болов уу гэмээр Д.Сүхбаатар, В.И.Ленин нарын хөшөө бий. Түүнийг авч, эсвэл нүүлгэн шилжүүлж болдоггүй. Учир нь энэ хоёр эрхэм уг цахилгаан станцыг Оросын тусламжаар барьсан юм шүү гэдгийг сануулах “үүрэг” хүлээдэг. Одоо хэр нь манай улсын эрчим хүч хойд зүгээс хараат хэвээр байна. Тиймээс XXI зуунд Монгол Улс өөрийн хүч хөрөнгөөр, хэний ч туслалцаагүйгээр цахилгаан станцаа барьчихвал ирэх зуунд ч түүх болон үлдэнэ шүү дээ. Тэр цагт харин тавдугаар цахилгаан станцын үүдээр ормогц Ерөнхий сайд С.Батболд, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын цээж баримал угтаж мэдэх юм. Хамгийн гол нь үүний цаана эдийн засгийн өсөлт, эрчим хүчний талаар гаднаас хараат бус байх гээд улмаар үндэсний аюулгүй байдалд ч олон эерэг үр дүн авч ирэх сайн талтай.
Яагаад энэ хувилбарыг судалж үзэхгүй гадны зээл, тусламж, хөрөнгө оруулалтад найдаад байна вэ гэдэг дээр манай Засгийн газар хөрвөх чадвар дутаад байгаа юм биш биз. Нөгөө талаас Монголбанк хөрөнгийг зөвхөн хадгалах бус өсгөх талаар бодлого боловсруулахгүй байгааг ч шүүмжлэхгүй байх аргагүй. Аливаа үйлийг хийснээрээ бус хийхгүй байснаараа улсдаа хохирол учруулдгийн нэг жишээ энэ. Эрх мэдлийг нь өгсөөр байтал ажлаа хийдэггүй хүмүүстэй хариуцлага тооцох тогтолцоо Монголд хэрэгжихгүй байсаар 20 жилийн нүүр үзлээ. Арилжааны банкийг аврах боломж байсаар байтал гар хумхиж суусаар санаатайгаар унагасан хариуцлага ч мөн л дээрх хоёр “нөхөр”-тэй холбоотой. Бас нэг жишээ дурьдъя. Эрдэс баялаг, эрчим хүчний яам олон улсын түвшинд нийцсэн тендерийн баримт бичиг боловсруулах техникийн нарийвчилсан судалгаа, тэр тусмаа байгаль орчны болон усны нөөцийн судалгааг дахин гүйцэтгэх шаардлагатай байна гээд Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн оны долдугаар сард санхүүжилт хүсч байсан. Үүний дагуу Сангийн яам, ЭБЭХЯ болон Азийн хөгжлийн банкны хооронд уг нарийвчилсан судалгаанд шаардлагатай 1.7 сая ам.долларын санхүүжилт олгох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ санхүүжилтийг ч дотооддоо зохицуулж болох л байсан.
Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу 40 мянган айлын орон сууц хөтөлбөр, өнөөгийн Засгийн газрын 100 мянган орон сууц, төрийн албан хаагчдын 4000 орон сууц гээд дулааны хэрэглээний ачаалал улам ихэсч байна. Өвлийн ид ачааллын үед Улаанбаатар хотод эрс хүйтэрсэн нөхцөлд 100 MBт дулааны эрчим хүч зайлшүгүй дутагддаг. Оргил ачааллын зөрүүг бид ОХУ-аас импортолдог цахилгаан эрчим хүчээр нөхдөг билээ. Энэ зөрүү 2010 оны сүүлч гэхэд 160 МВт хүрэхээр байгаа. Ойрын үед шинэ эх үүсвэрийн асуудлыг шийдэхгүй бол өндөр үнэтэй, торгуулийн хатуу нөхцөлтэй импортын эрчим хүчний хэмжээ улам нэмэгдэнэ. Монгол Улсыг хөгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөрүүдээс харахад 2020 он хүртэл нийслэлийн дулааны хэрэглээ 1000 гаруй гегакалори, цахилгааны хэрэглээ 700 гаруй мегаваттаар өснө гэсэн тооцоо бий. Иймд “хав дараад” байгаа валютын нөөцийн зохистой хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэх хувилбарыг яаралтай боловсруулж хөгжлийн төлөө “тархиа ажиллуулж”, зоригтой алхам хийх хэрэгтэй байна. Үүнийг ухаарч Засгийн газар, Монголбанктай хэлэлцээрийн ширээний ард сууж, эхний ээлжинд дээрх асуудлыг шийдвэрлэснээр олсон амжилтаа хүн ардын сайн сайхны төлөө зориулдаг, төрийн байгууллагууд хамтын шийдвэрт хүрч цаг үеэ мэдэрсэн хувилбар боловсруулж болдог зөв жишгийн эхлэлийг тавихад юу нь буруу байх билээ юм.
Тиймээс Монголбанкны ерөнхийлөгч та зориг гаргаад зөвхөн тавдугаар цахилгаан станцыг байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газарт хүүгүй зээлүүлээч.
У.ОРГИЛМАА

"Улс төрийн тойм" сонин