Би ийм ажилд очмоор байна гэж гуйж яваагүй

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Би ийм ажилд очмоор байна гэж гуйж яваагүй

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Б.Баярмагнайг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Өнгөрсөн долоо хоногт өөрөө нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн болсон байсан?

-Тийм ээ, нийслэлийн есөн дүүргийн манай намын залуус хуралдаж, намайг сонгосон юм.

-Холбооныхоо төвлөрсөн суурин газар хариуцсан ерөнхийлөгч гэдэг утгаар тань удирдлагын зүгээс дэмжлэг байсан уу?

-Тийм юм байхгүй ээ. Өрсөлдөөний зарчмаар л санал хураалт явагдаж, залуус намайг дэмжсэн. Би олонтойгоо явахыг хүсдэг болоод ч тэрүү гэнэтийн огцом үсрэлт хийж, олныхоо дундаас тасрахыг хүсдэггүй.

Анх оюутан байхдаа Монголд байгаа хамгийн тулхтай улс төрийн хүчин, Монголын хөгжлийг доошлуулчихгүй аваад явчих байх гэж бодсондоо энэ намыг сонгож байсан. Тэгээд ч өөрийн гэсэн мөртэй, бүтээсэн бүтээлтэй амьдрах юмсан гэж бодож энэ улс төр рүү орж байсан.

-Залуу хүн гэхэд ямар гүн бодол вэ. Өөрийн гэсэн мөртэй, бүтээсэн бүтээлтэй байхын тулд улс төрд орсон гээд л. Хүн болгоны ард хүссэн ч, эс хүссэн ч зам мөр үлдсэн л байдаг шүү дээ. Үүнийг заавал улс төртэй хольж хутгах хэрэг байна уу. Залуу хүн тусмаа?

-Хүн хүний бодол өөр байх л даа. Гэхдээ миний хувьд анхнаасаа бодож төлөвлөсөн зүйлээ хийгээд, эхнээсээ үр дүн нь гараад явж байгаад баяртай байдаг. Худлаа ярихаас илүү үр дүнтэй болгочих юмсан гэж хүсдэг. Энэ онд гэхэд их бололцооны сайхан жил боллоо. Гурван сайхан хөлбөмбөгийн талбайг хамт олныхоо дэмээр байгууллаа. Ирэх онд сайхан мөсөн коток байгуулна. Б.Явуухулан агсны нэрэмжит Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил маань дуусах талдаа явж байна.

-Таныг дүүргийн удирдлага дунд харьцангуй залуу нь гэж сонссон?

-Харьцангуй залуудаа орох байх аа. Одоо 31 настай.

-Өөрийн тань албыг хашиж буй хүнээс хэн ч гэсэн зангараг, буурь суурь, туршлага гээд олон зүйлийг  харах ёстой болов уу гэж бодож байна?

-Анх 26-тайдаа би энэ албанд томилогдсон. Бараг таван жил нухлагдаж байна. Яагаад ч юм их баяртай байдаг. Дүүргийн Засаг даргын орлогч гэдэг том алба. Ард олныхоо зовлон жаргал дунд залуу насаа өнгөрөөж байгаадаа баяртай байдаг.

-Тэр үед яагаад хотын удирдлагууд 26-тай залууд томоохон дүүргийн хоёрдугаар хүний эрх мэдлийг олгох болсон юм бэ. Энэ талаар өөрөө ямар бодолтой явдаг вэ?

-Намын нөхөд, хотын удирдлага, хамт олон маань итгэл хүлээлгэсэн.

-Тэр үед хотын дарга хэн байсан бэ?

-М.Энхболд дарга.

-Өмнө нь та хотын захиргаанд ажиллаж байсан юм уу?

-Үгүй ээ, намын Удирдах зөвлөлд улс төрийн ажилтан байсан. Би эрх зүйч мэргэжилтэй л дээ.

-Танай намынхан миний аав, ээж энэ намын итгэл үнэмшлээр хүмүүжсэн учраас би сонгосон гээд л ярьдаг даа. Өөрөө бас тийм хариулт өгөх үү?

-Манай аав, ээж хоёр тэтгэвэртээ суусан хөгшчүүд. Тэд маань мэдээж өөрсдийн гэсэн итгэл үнэмшилтэй. Миний хувьд ардчилсан нийгмийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа л өөрийн итгэл үнэмшлээр энэ намыг сонгосон. Ардчилсан нам 1996-2000 онд төрийн эрх барих үед засаг маш их савлагаатай байсан. Тэр үеийн МАХН-ын лидерүүдийн үг, байр суурь их зөв санагдаж байсан нь надад нөлөөлсөн. Хувь заяа, өөрийн итгэл үнэмшлээр намд орж, оюутан байхаасаа намын ажилд оролцож эхэлсэн.

-Өөрийн тань тухай нэг мэдээний дор “М.Энхболдын улс төрд оруулсан хөтөлгөө морьдын нэг” гэсэн сэтгэгдэл байсныг санаж байна?

-Тухайн үеийн намын лидерүүд бүгдээрээ л намайг дэмжсэн. М.Энхболд дарга яалт ч байхгүй тэр үед хотын даргаар ажиллаж байсан. Тухайн үед намайг “Ажил хийж чадах сайн залуу” гэж ярьсан гэж сонссон.

-М.Энхболд дарга уу?

-Тийм ээ. Д.Идэвхтэн дарга ч намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсныхаа хувьд итгэсэн байх. Иймд би итгэлийг нь алдахгүй ажиллах юмсан гэж боддог. Яах вэ, зарим хүний атаа жөтөө байдаг л байх. Ямар ч байсан миний хувьд хүмүүсийн итгэлийг алдахгүй, хамт олонтойгоо нэг баг болоод хариуцлагатай ажиллахыг л зорьдог.

-Анх энэ саналыг тавих үед та нарын хооронд ямархуу яриа өрнөсөн бэ?

-Үнэндээ тавигдахаа хүрвэл амархан гэдэг шиг л юм болсон. Өглөө гэртээ унтаж байсан чинь Д.Идэвхтэн дарга утасдаад л “Миний хүү, М.Энхболд даргатайгаа уулзаж, анкетаа өгөөрэй” л гэсэн. Тэгээд л удаагүй Чингэлтэйн Засаг даргын орлогч болж, ажлаа хүлээж авсан.

-Тухайн үед айх, эмээх бодол төрөөгүй юү?

-Чадах юм болов уу гэж их айсан. Олон зүйл бодогдсон. Гэхдээ хамт олон маань зөвлөж, дэмжиж ирсэн учраас өдрөөс өдөрт суралцаад л явж байна. Тухайн үед иргэдийн амьдрал ахуйд гүн гүнзгий ордоггүй, өөрийнхөө орчинд л явдаг байсан. Хүндрэлтэй асуудал маш их тулгарч байсан. Дүүрэгт ирснээс хойш иргэдийн амьдралыг таньж мэдэж, тулгамдсан асуудлыг нь шийдэхдээ хамаагүй бодитоор хардаг болсон.

-Хотын удирдлагуудын талаар “Улаанбаатарыг хот шиг хот болгож чадахгүй байна” гэдэг шүүмжлэл их гардаг. Өөрт тань ч бас хамаатай байх болов уу?

-Энэ бас их харьцангуй дүгнэлт л дээ. Хотод шүүмжлэлтэй олон асуудал бий нь үнэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирч байгаа гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Улаанбаатар хотыг эрчимтэй хөгжүүлэх олон санаачилга бодит байдал болохоор хэрэгжиж байгаа. Харамсалтай нь, бидэнд ирдэг мөнгө нь маш бага. Бид байгаа төсвөөрөө боломжтой гэсэн бүтээн байгуулалтыг хийж байна. Үүнийг анзаардаг хүмүүс нь анзаардаг л байх.

-Залуу хүний хувьд асуухад хотын соёлыг төлөвшүүлэхийн тулд юу хийх ёстой гэж боддог вэ. Урлаг соёл, бизнесийн салбарын залуус нэгдэж “Хотын соёлын төлөө” гэж бие биенээ уриалах болсон байна шүү дээ?

-Мэдээж хотын соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Үүний төлөө хэн ч гэсэн гараа өргөх л байх. Гэхдээ аль, аль нь санаа тавьж байж л төлөвшүүлж чадна. Хотын удирдлагын зүгээс боломжтой бүхнээ хийж байхад эргээд иргэд нь өөрсдөө бүтээгээгүй учраас гэж хандалгүй тэр бүхнийг хайрлаж, хамгаалах хэрэгтэй санагддаг. Ядаж л хотын гудамжаар алхахдаа хогоо хаячихдаггүй байх хэрэгтэй. Нас биенд хүрчихсэн хүнд тэгж хэлээд нэмэргүй юм билээ. Харин өсвөр насныханд багаас нь тэр соёлыг төлөвшүүлвэл илүү үр дүнтэй болов уу. Яг энэ соёлын тухай ярихаар иргэдийн амьдрал, тэдний амьжиргааны чадавхийн талаар ярих хэрэгтэй болдог. Иргэд өнөөдөр ядуу байна. Өдрийн хоолныхоо мөнгийг хүчрэхгүй хүн Улаанбаатар хотоор дүүрэн байгаа. Ийм нөхцөлд тэднийг наад зах нь нүүрс бус утаагүй түлш түл гэж шаардах боломжгүй. Бид  шаардаад ч өнөөдрийн орлого нь тэдэнд боломжийг нь олгож чадахгүй байгаа. Энэ тохиолдолд юун түрүүнд иргэдээ ажилтай, өөрөө өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх тэр арга зам руу нь шахаж өгөх хэрэгтэй болов уу гэж боддог. Энэ тухай ярихаар зарим хүн хотын соёлд энэ сэдэв хамаагүй гэж магадгүй. Гэвч асуудлыг бодитоор харахын тулд цаад учрыг нь олох хэрэгтэй биз дээ.

-Тэгвэл жил, жилийн энэ үед сэдэрдэг Улаанбаатарын утааг арилгах гарцыг өөрөө яаж олж харж байна. Нөгөө л утаагүй түлш, гэрийн тусгай дулаалга гэх мэт зүйлийг нэрлэх үү. Аль эсвэл өөр гарц байна уу?

-Байлгүй яах вэ. Одоогийн хэрэглэж байгаа арга хэмжээнүүд үнэндээ үр дүнгээ өгөхгүй байгаа нь үнэн. Миний харж байгаагаар  шөнийн ээлжинд Улаанбаатар хотын, тэр дундаа захын хорооллын цахилгааны үнийг тэгэлчихвэл зүгээр юм шиг санагддаг. Тэртээ тэргүй өдөр ажилладаг зардал нь шөнө адилхан л гарч байдаг.

Тэгэхээр шөнийн цахил­гааныг нь тэглээд, халаалт бага хэрэглэдэг технологийн бизнесийг дэмжих хэрэгтэй. Энэ бол хамгийн түрүүнд үр дүнд хүрэх арга. Ингэхдээ мэдээж хотын цахилгааны хүчдэлийг нэмэгдүүлэх шаард­лагатай. Алдагдалтай ч гэсэн энэ аргыг хэрэглэчихвэл асууд­­лыг шийдэж чадна. Өнөөдөр төрийн үүрэг юу билээ, бодоод үз л дээ. Мэдээж иргэнээ хамгаалах биз дээ. Энэ утгаараа энэ төрлийн арга хэмжээг авахад үр дүнгээ богино хугацаанд өгөх юм шиг санагддаг. Өнөөдөр би ч гэсэн хотын утаан дунд л амьдардаг. Гэрийнхээ цонхыг утаанаас болоод онгойлгож чадахгүй суугаа л айлын нэг.

-Нуулгүй хэлэхэд хүмүүс нийслэлийн удирдлагуудыг хотоос гадагшаа амьдардаг байх гэж бодоод байдаг юм билээ. Тэгээд л утаа­ны зовлонг мэдэхгүй боло­хооро асуудлыг шийдэх со­нирхолгүй байдаг гэж шүүмжилдэг?

-Тийм юм байхгүй. Миний мэдэхийн манай Мөнхбаяр даргынх манай хажууханд, яг энэ утаан дунд байдаг. Залуу хүний хувьд үр хүүхэд, эрүүл мэндээ бодвол гадагшаа ч юмуу явчихаж болох л байх. Гэхдээ би Улаанбаатартаа амьдрах дуртай. Болохоос нь болохгүйг нь хүртэл, ча­да­хаасаа чадах­гүйгээ хүртэл ажиллаад, за­луучуудтайгаа хамтарч ажил­лаж нэг үр дүнд хүрч, түүнээсээ кайф аваад суух нь илүү сайхан л даа.

-НАМЗХ-ны залуусын нийгмийн оролцоо нь өөрөө Монголын улс төрд маш онцгой гэмээр арга барилтай улс төр. Энэ улс төрд хувь хүнийхээ хувьд онцгой байсны зорилго юу байдаг юм бол?

-Онцгой гэдгийг өөрөө ямар утгаар нь хэлж байгаагаас бас тайлбар нь өөр, өөр байх болов уу. Энэ байгууллага идэвхгүй, үхээнц байсан бол хэн ч бидний тухай ярихгүй байх байсан. Хэн ч шүүмжлэхгүй байх байсан. Нэг талаасаа энэ бол ердөө л төрийн бус байгууллага. Яах вэ, намын дэргэдэх гэдэг утгаараа залууст улс төрд орох боломж олгодог нь үнэн. Гол нь залуус яах гэж улс төрд орж байгаа вэ гэдэг зорилгоо их зөв таних хэрэгтэй. Өнгө мөнгө, эрх мэдэл, алдар нэрийг хэн нэгэн буянтай ахыг дагаж гүйснээрээ олж болно гэсэн сэтгэлгээгээр хандаж, тэр дагуудаа орох юм бол хэрэггүй л дээ. Гэхдээ энэ холбоонд орсон залуусын цөөхөн хэдэн нь л дарга, цэрэг болдог. Бүгд болдоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Залуучууд дор бүрнээ бодолтой байх хэрэгтэй болов уу.

-Яг үнэндээ тэдний дунд амжилттай явахын тулд жаахан бүдүүлгээр хэлэхэд үмхий санаатай байх хэрэг гардаг уу?

-Яг ч тэгж хэлж бо­лохгүй л дээ. Ер нь дот­роо бодолтой байх хэрэгтэй л дээ. Гэхдээ дотуур тамир, дотроо бодолтой байх хоёр өөр биз дээ. Өөрөө алдаа гаргаад л, бусдыгаа тэрэндээ татаж оруулж унагаагаад байж болохгүй.

-Өөрийгөө “За, одоо ингэж болохгүй шүү” гэх мэтээр цензурдах үе байх уу?

-Байлгүй яахав. Багын найз нартайгаа, дотныхоо хүмүүстэй сайхан чөлөөтэй суух үе байна. Зарим үед буруу үг хэлчих вий гэж бодох үе байдаг. Чөлөөтэй бүжиглээд л, залуус шиг чөлөөтэй хөгжилдөөд явахад бас хэцүү. Зарим үед их гоё, залуу хүн шиг баймаар л санагддаг. Би гэхдээ олны танил хүн биш шүү дээ. Гэсэн ч жаахан л алдаа гаргавал дэвэргээд л, асуудал болгоод л хүч нэмэх хүн хангалттай олон байгаа нь ойлгомжтой. Энэ үүднээсээ бодох, болгоомжлох зүйл байдаг гэдгийг л хэлж байна л даа.

-Өөрөө энэ холбоонд элссэн бүх залуу албан тушаалд ирдэггүй гэж хэлсэн. Тэгвэл өөртэй тань адил албан тушаалд суугаад байгаа залуусын онцгой дэмжлэг нь юү юм бэ?

-Би бусдын өмнөөс ярьж мэдэхгүй байна. Миний хувьд чадвал бусдад тус болоод чадахгүй бол гай болчихгүй явах юмсан гэж хүсдэг. Нөгөө талаасаа хүний итгэлийг алдчихгүй ажлаа сайн хийж, хариуцсан ажилдаа эзэн болохыг зорьдог. Тэр­тээ тэр­гүй хэн нэгэн хүн бусдын дэмжлэгээр л ажил албанд очдог. Энэ утгаараа намайг ч гэсэн “Энэ залуу ажил хийж чадна” гэж энд суулгасан. Тэр утгаараа залуучуудынхаа дунд байх дуртай.

-Өөрийн тань ярилцлагад итгэл даах гэдэг үг олонтаа гарч байна. Үүнийг улс төрд итгэл даах гэдгээс илүү “Ашиг сонирхлыг нь хамгаалах, ашиг сонирхлын нэгдэл” гэх утгаар нь илүү хэрэглэдэг шиг санагддаг?

-Ашиг сонирхлыг яаж тайлбарлахаас л хамаарах байх. Өнөөдрийг хүртэл надад “Ажлаа сайн хийгээрэй” гэж хэлж байснаас бус “Миний сонирхлыг хамгаалаарай” гэж хэн ч хэлж байгаагүй. Би хувьдаа намынхаа удирдлага дээр “Би ийм ажилд очмоор байна” гэж ганц ч удаа орж байгаагүй. Нэг удаа л “Гадагшаа сургуульд явмаар байна” гэж хэлж байсан. Өөр гуйлт, тулгалт гээд байх зүйл надад огтхон ч байхгүй.

-Танай холбооны залуус сүүлийн үед “Сэлбэ гол урсахад ямар улс төр байх юм бэ. Сэлбэ гол урсвал гоё биз дээ” гээд л ярих болсон байна лээ?

-Энэ санаачилгыг бид уриалгын түвшинд бус хэ­рэгжилт, бодлогын түвшинд тавьж ажиллаж байгаа. Сэлбэ гол урсч, тэр дагуу хотын төлөвлөлтийг сайжруулвал тэнд чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой болно. Эргээр нь хүүхдээ хөтлөөд алхвал гоё биз дээ. Би ажил хийхдээ хүний төлөө бус өөрийнхөө төлөө хийж байна гэж боддог. Бид өөрсдийнхөө төлөө хийж чадвал улаанбаатарчуудын төлөө хийж чадна. Хүн аливаа зүйлд өөрийнх гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй. Хүнд юм хийж өгч байна гэж бодвол тэр ажил урагшлахгүй гэж боддог.

-Сэлбэ гол урсаад эхэлбэл “Бид урсгасан юм” гээд л баахан сурталчилгаа хийхээ бол мартахгүй байх. Тийм үү?

-Яагаад болохгүй гэж. Хүн бүр, байгууллага болгон өөрийнхөө нэр хүндийг өсгөхийг хүсдэг биз дээ. Биднийг гэж онцлоод байгаа нь өөрөө сонин байхгүй юу. Энд бухимдаад байх юм байхгүй. Харин худлаа шоу байсан уу, бодит ажил болж чадав уу гэдгийг цаг хугацаа харуулах байх. Бид хэзээ ч муу юм хийхгүй. Бусдын амны зугаа болчих ажил хийхгүй. Уг нь залуус ажил хийх гээд явж байхад дэмжих хэрэгтэй. Нэгнээсээ илүү гарчихна гэж айгаад байх хэрэггүй л дээ. Манай холбооны залуус сайн ажиллаж байгаа болохоор л шүүмжлэл их гараад байдаг болов уу. Би энэ асуудалд ийм л бодолтой байгаа.

-Танай дүүргийн Монгол Ардын намын үүр нэлээд их асуудал үүсгээд байх шиг байна. Нэг ёсны намын тань эсрэг “довтолгоо”-ны баатрууд Чингэлтэйгээс гарч ирээд байгаа. Энэ талаар намаас тань та бүхэнд тусгай даалгавар өгсөн үү?

-Манай дүүргээс онцгой мундаг, тэмцэгчид гарч ирээд байгаа юм байхгүй. Бидэнд намын зүгээс онцгой үүрэг даалгавар ч өгөөгүй. Хүмүүс үзэл бодлоо л илэрхийлж байгаа байх. Тэрийгээ нийтлэг байр суурь гэж хэлж болохгүй. Чингэлтэйн намын үүрийн төлөөлөл гэж яриад байгаа эмэгтэйн ээж нь насаараа хорооны дарга хийсэн хүн. Тэтгэвэртээ гарахдаа охиноо хорооны дарга болгож, ажлаа өгсөн байсан. Ямар хаант засаглал биш дээ. Тэгж болохгүй шүү дээ. Түүнийг нь болиулж, ондоо ажилд оруулахад өөрөө ажиллаж чадаагүй. Тэгээд өнөөдөр намыг хагалж, бутаргах гээд л шударга царайлж олон юм яриад яваа нь харамсалтай хэрэг. Хэн байгаад хэн болчихов оо гэдэг чинь өөрөө асуудал биз дээ. Баахан хамаатан саднаа хороогоор дүүргэсэн байсан шигээ одоо тэр арга хэмжээндээ ч гэсэн ах дүү нараа л цуглуулчихсан сууж байна лээ. Тэднийгээ бүгдийг нь намын гишүүн болгочихоод шударга хүн болж яриад байж болохгүй л дээ. Ингэхгүй бол маргааш амьдарч чадахгүй юм шиг, хорооны дарга л хийхгүй бол ажиллаж чадахгүй юм шиг шантааж хийгээд байх нь хэр зохимжтой юм. Өөрсдөө тэрийгээ мэдэж байгаа байлгүй дээ. Гэнэт нэг их сайн хүний дүр эсгээд байгаад нь би үнэндээ эмзэглэж байгаа. Болж л өгвөл хэн нэгнийг шимж, сорж амьдрах гэсэн ийм сэтгэлгээ хол явахгүй байх гэж бодож байна.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж