Монгол-дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Монгол-дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч

Эрчим хүчний эрин зуун монгол нүүрсээр амьсгалж байна. Дэлхийн илчит зуухны эрэл Азийн Төв хэсгийг чиглэн урссан нь энэ. Тиймээс ч Тавантолгой, Нарийн сухайт  гээд бидний нэрийн хуудас болсон төслүүд Монгол Улсын үсрэнгүй хөгжлийн эхний хаалгыг Оюутолгойн үйлдвэрлэлийн хүрд эргэхээс урьтаж нээх нь. Ирээдүйн энэхүү томоохон үйл явдлын гэрч нь “Coal Mongolia-2011” чуулга уулзалт байх нь гарцаагүй юм. Энэ талаар Mining.mn веб сайтын Ерөнхий захирал, Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.

-“Монгол нүүрс” чуулга уулзалт болох гэж байна. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Mining.mn веб сайт Ашигт Малтмалын газартай хамтран ирэх оны хоёрдугаар сарын 24-25-нд энэхүү чуулга уулзалтыг “Чингис хаан” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтыг олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдад зориулж байгаа юм. Чуулган Монголын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт ба Монгол -Дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч гэсэн сэдвээр зохион байгуулагдана. Үүнээс өмнө манай улсад нүүрсний салбарыг тойрсон жижиг хурлууд зохиогддог байсан ч энэ удаагийнх шиг өндөр дээд хэмжээнд болж байгаагүй. Тиймээс “Coal Mongolia” чуулга уулзалт манай улсын хувьд анхных.

-Манайд нүүрсний салбарын тухай олон хурлууд зохиогддог. Энэ чуулганд олон нийтийн анхаарлыг татах ямар сэдвүүд хөндөгдөх бол?

Чуулганд төр засгийн бодлого тодорхойлогчдоос гадна нүүрсний гол төсөл хэрэгжүүлэгч, үйлдвэрлэгч компаниудын ерөнхий захирлууд илтгэл тавина. Түүнчлэн гадаадын томоохон хөрөнгө оруулагч, техник технологи нийлүүлэгч компаниудын захирлууд оролцоно. Тиймээс чуулган нүүрсний салбарын бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт, техник технологи, байгаль орчины тулгамдсан гол асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ. Чуулганы менежментийг Mining.mn –ний мэргэжлийн баг гүйцэтгэнэ. Ашигт Малтмалын газар дэмжлэг үзүүлж холбогдох яамдуудаар бодлогын илтгэлүүд тавиулах, засгийн газрын болон их хурлын гишүүдийг чуулганд урьж оролцуулахаар хамтран ажиллаж байгаад баяртай байна. Мөн саяхан үйл ажиллагаагаа эхэлсэн Монголын уул уурхайн клуб, түүний гишүүдийн зүгээс ихээхэн дэмжлэг үзүүлж, чуулганы гадаад харилцааны асуудлыг хариуцан ажиллахаар болсоныг дуулгахад таатай байна.

-Ер нь яагаад заавал нүүрсний салбарыг онцолж авсан юм бэ?

-Хэд хэдэн шалтгаан бий. Албан ёсны статистикийн мэдээгээр манай улсад нүүрсний салбар бусад салбаруудаасаа тэргүүлээд эхэллээ. Өмнө нь зэсийн үйлдвэрлэл манай ДНБ-ний гол жинг дардаг байсан бол одоо ийн өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, 2010 оны арваннэгдүгээр сарын байдлаар нүүрс олборлолтын хэмжээ анх удаа 20 сая тоннд хүрлээ, оны эцэст 24 сая тоннд хүрч, тэрбум гаруй ам долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх магадлалтай байна. Тэгэхээр Монгол Улсын түүхэнд нэлээд онцлог үйл явдал тохиож байгаа юм. Ойрын жилүүдэд нүүрс үйлдвэрлэл 40 сая тоннд хүрэх баримжаа ажиглагдаж байна. Энэ тохиолдолд Монгол улсын эдийн засагт 3,0 орчим тэрбум ам долларын орлого нүүрсний экспортоос орж ирэх боломжтой. Тиймээс л манай эдийн засагт нэлээд том жин дарах гээд байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн үйлдвэрлэл эхлэхээс өмнө нүүрсний үйлдвэрлэл манай улсын эдийн засгийг авч явах нь.

-Уулзалтаас та бүхэн хөгжил дагасан ямар санал, санаачилгуудыг хүлээж байна. Тэр бүхнийг мэдээж уншигчид их сонирхох байх?

-Сүүлийн жилүүдэд нүүрсний олборлолт маш хурдацтай өсөж байгаа. Гэсэн хэдий ч шийдвэрлэх олон тулгамдсан асуудал байна. Цаашид энэ салбарын өсөлтийг тогтвортой барихын тулд төр, засгийн зүгээс урт  болон богино хугацааны бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал нүүрсний төслүүдэд хөрөнгө оруулалт татах, гадаад зах зээлд нүүрсний үнийг нэмэгдүүлэх, татвар, хууль эрхзүйн орчины зохицуулалтыг боловсронгуй болгох, нүүрсийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хотжилт, дэд бүтцийн бодлогоор нүүрсний аж үйлдвэрийг дэмжих зэрэг чухал зорилтууд тулгарч байна. Иймд бодлого тодорхойлогч, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч нарыг нэг дор цуглуулж, нээлттэй ярилцах нь энэ салбарын төдийгүй улс орны маань цаашдын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр болно гэж үзэж байна.

-Нүүрсний олборлолт 20 сая тоннд хүрсэн, цаашдаа нэмэгдэнэ гэж та хэллээ. Нүүрсний экспортын үнэ дэлхийн зах зээлийн үнэтэй харцуулахад 2-3 дахин бага байгаа. Ийм бага үнээр худалдаж байгаа бид чинь баялгаа цөлмүүлээд байна уудаа гэж бодогдох юм?

-Шууд тэгэж ойлгож болохгүй л дээ. Хятад уруу Монголоос гадна Австрали, Индонези, Канад зэрэг арав гаруй улс орон боловсруулсан нүүрс нийлүүлж байгаа. Үндэсний компаниуд маань өнөөдөр гадаадын үндэстэн дамнасан корпорациудтай өрсөлдөж Хятадын зах зээлд нүүрс нийлүүлж байна. Бизнес хийж буй байгууллага мэдээж өндөр үнээр бараа бүтээгдэхүүнээ зарахыг эрмэлзэнэ шүү дээ. Тиймээс Монголын баялгийг гадаад зах зээлд үнэгүй гаргаж байгаа  гэдэгтэй би хувьдаа санал нийлдэггүй. Харин нүүрс үнэд хүрч чадахгүй байгааг далайд гарцгүй манай орон Хятад гэдэг монополь ганц хэрэглэгчтэй байгаатай шууд холбон авч үзэж болох юм.

-Нүүрс үнэгүйдээд байгаа нь боловсруулахгүй экспортлоод байгаатай холбоотой  юм биш үү? Ер нь боловсруулаагүй нүүрсийг хилээр гаргахаа болих тал дээр?

-Болдог бол тэгмээр л байна. Гэхдээ цаг нь биш. Нүүрс угаах, кокс нүүрс үйлдвэрлэх зэрэг нь асар их хөрөнгө оруулалт шаардана. Өнөөдөр үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд дөнгөж хөл дээрээ босож ирж байна шүү дээ. Тэд ирээдүйд нүүрс боловсруулах үйлдвэр барихаар олон туршилт, судалгааны ажил хийж байгаа. Магадгүй боловсруулах үйлдвэрийг яаран барих шахалт үзүүлбэл гадны хөрөнгө мөнгөтэй корпорациуд л нүүрсний ордуудыг эзэмших болно. Иймд боловсруулах үйлдвэр хэрэгтэй ч олон улсад өрсөлдөх чадвартай үндэсний томоохон корпорациудийг бий болгох зорилгоор дотоодын компаниудад цаг хугацааны хувьд боломж олгох ёстой гэж боддог. Тэгэхээр үндэсний корпорациудыг чадавхижих хугацаанд нүүрсийг боловсруулахгүйгээр экспортлох нь зөв байх. Экспортын нүүрсний үнийг өндөр байлгах тал дээр зөвхөн хувийн хэвшил биш засгийн газар санаачилгатай ажиллах ёстой гэж бодож байна. Бид зөвхөн Хятад гэлтгүй Япон, Солонгос зэрэг гуравдагч оронд нүүрсээ экспортолж, монополь хэрэглэгчийн хараат байдлаас гарах хэрэгтэй байна. Саяхан Монгол улс Владивостокоор дамжуулж Солонгос улс уруу нүүрс экспортолох туршилт хийсэн нь их зөв бодлого болсон. Энэ мэтчилэн хөрш орнуудын далайн боомтуудаар дамжуулж гуравдагч оронд нүүрс гаргах тээврийн коридоруудыг нээх нь нэн чухал. Мөн түүнчлэн нүүрсний ангилалыг яаралтай батлах хэрэгтэй. Өнөөдөр бид нүүрсний үнэ л гээд яриад байгаа болохоос хүрэн нүүрс, чулуун нүүрс, коксжих нүүрс гэж юу юм, эдгээр нь чанар болон үнийн хувьд ямар их зөрүүтэйг мэдэхгүйгээс жирийн иргэдийн дунд нүүрсийг хямд гаргаад байна гэх хардлага бий болсон.

-Монгол улс саяхан төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баримталсан. Тэгэхээр дэд бүтэцийн гол асуудал шийдэгдсэн гэж үзэж болох уу?

-Энержи Ресурсез болон МАК зэрэг компаниуд төмөр замын бүтээн байгуулалт хийх визээ засгийн газраас авсан. Гэвч төмөр замын ашиглалтын асуудал тодорхой бус байна. МАК, Энержигээс гадна тэдгээрийн барьсан төмөр замын ойролцоох нүүрсний болон өөр төрлийн ашигт малтмалын ордууд ашиглалтанд орохоор бол тээвэрлэлтийг яах вэ? Бид Австралийн жишээг давтаж болмооргүй байна. 1960-аад оны үед Австралийн Пилбарад BHB Биллитон, Рио Тинто нар төмрийн төсөл хэрэгжүүлэхээр Хедландын боомт хүртэл 400 км төмөр зам барьсан байдаг. Гэтэл төмөр замын дагуух төмрийн том, жижиг уурхай нээгдэж уг төмөр замыг ашиглах гэсэн болов ч хувийн хөрөнгөөр төмөр замаа барьсан Рио Тинто BHB нар өрсөлдөгчийнхөө тээвэрлэлтийг хийхээс эрс эсэргүүцжээ. Тэгээд арга буюу бусад уурхайн хөрөнгө оруулагч нар нийлж уг төмөр замтай зэрэгцээгээр дахин төмөр зам барьсан байдаг. Энэ нь ихээхэн хөрөнгө шаардсан муу жишээ юм. Энэ алдааг давтахгүйн тулд төр бодлогоор зохицуулалт хийх ёстой. Мөн төмөр замаас гадна уурхайг дагасан хотжилтын асуудал бодлого төлөвлөлтгүй байна. Уурхай болгон жижиг хотхонтой байх уу? Эсвэл нэг томоохон хот төлөвлөж дэд бүтцийг шийдвэрлэх үү? гэдэг асуудлыг өнөөдөр ярих цаг нь болсон байх. Түүнчлэн хөрш зэргэлдээх нүүрсний ордуудын үйлдвэрлэлийн барилга байгууламж, хөрсний болон хаягдлын овоолгын байршил, цахилгаан, усан хангамжийн шугамын шийдлүүдийг нэгдсэн нэг төлөвлөлтөөр, үр ашигтай зохицуулах шаардлага зүй ёсоор тулгамдаж байна. Энэ нь ялангуяа Тавантолгой, Нарийн сухайтын нүүрсний бассайнд орд эзэмшиж буй компаниудад толгойны өвчин болсон нь нууц биш юм.

-Таван толгой, Нарийн Сухайтаас гадна ойрын үед хэрэгжих магадлалтай том төслүүд бий юу? 

-Олон төсөл байгаа. Жишээ нь Монголын хойд бүс нутагт “Профиши Ресурс” болон “Спайр майнинг” компаниуд нүүрсний томоохон ордуудыг илрүүллээ. Бразилийн Вэйл корпорацийн хөрөнгө оруулалттай Тэфис майнинг хүрэн нүүрсний арвин нөөцтэй орд эзэмшиж байна. Мөн Мон Эн Ко компанийн эзэмшиж буй Хөшөөтийн нүүрсний орд гээд олон төсөл байна. Эдгээр нь хэрэгжээд эхэлбэл Тавантолгой болон Нарийн сухайтын ордуудтай адил хэмжээнд яригдана. Саяхан “Энержи Ресурсэз” болон Хүннү Коал зэрэг компаниуд гадаадын хөрөнгийн биржээс амжилттай хөрөнгө босголоо. Энэ мэтчилэн бусад төслүүдийг гадаад зах зээлд гаргах нь сонирхолтой болж байна. Бид чуулга уулзалтанд Хонг Конг болон Австралийн хөрөнгийн биржийн төлөөлөгчдийг илтгэл тавихаар уриад байгаа. Нүүрсний хайгуул, олборлолтын төсөл эзэмшиж буй компаниудыг энэ чуулга уулзалтанд идэвхитэй оролцуулахаар ажиллаж байна. Монгол улс нүүрсээр дэлхийн зах зээлд томоохон тоглогч болох боломжтойг “Coal Mongolia” гэрчилэх болно.

-Ийм том үр дүн хүлээж байгааг бодоход зохион байгуулалтын хувьд ч нэлээд өвөрмөц хийгдсэн байх, тийм үү?

-Тийм ээ. Чуулганы үндсэн хуралдааны хажуугаар салбар, дэд хуралдаан VIP танхимуудад явагдана. Тэнд хөрөнгө оруулалт татахуйц нүүрсний сонирхолтой төслүүдийн танилцуулга хийгдэнэ. Мөн танхимд нүүрс олборлолт, байгаль орчины шинэ технологиудын талаар илтгэлүүд тавигдана. Тэндээс үйлдвэрлэгчид маань сонирхсон технологиудынхаа талаар мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн энэ салбарт нийлүүлэгдэж байгаа орчин үеийн программ хангамжууд, дэвшилтэт инженерийн шийдлүүдийг танилцуулна.

-Энэ бүхнээс харахад компаниуд оролцох хүсэлтээ хэдийнэ илгээгээд эхэлчихсэн байх. Хэдэн компани санал ирүүлсэн бэ?

-Хурал эхлэхэд гурван сар үлдээд байна. Олон улсын хэмжээнд, өндөр дээд зэрэглэлд зохиогдож байгаа учраас бид ийнхүү эрт зарлаж байгаа юм. Энэ тухайгаа дөнгөж хэвлэлээр мэдээлээд эхэлсний дараа гэхэд дотоодын нүүрс олборлолт, тээвэрлэлтийн арав гаруй компани, Дэлхийн банк, Тяньжин боомт дахь Монгол улсын засгийн газрын Улаанбаатар төлөөлөгчийн газар, гадаадын нэлээд хэдэн хөрөнгө оруулагч, техник технологи нийлүүлэгч компаниуд уг чуулганд албан ёсоор оролцохоо мэдэгдлээ. Хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч нар нэлээд анхаарал хандуулан уулзаж байна даа. Бид гадаад зах зээлд мэдээллээ өнөөдрөөс эхлэн цацаж байна.

-Хамгийн түрүүнд гарах үр дүн нь тэгвэл юу байх бол?

-Энэ хурлын үр дүнд Монголын нүүрс олборлолтын төслүүд хөрөнгө оруулагчаа татаж чадсан байгаасай гэж хүсч байна. Үйлдвэрлэгч шинэ, дэвшилтэт технологийг олж хараад түүнийгээ үйлдвэрлэлдээ нэвтрүүлээд эдийн засгийн үр ашгаа хүртсэн байгаасай. Яамдууд төлөвлөлтөө нэгтгэн, хөрөнгө оруулагч нарыг эргэлзэх зүйлгүй, тодорхой, оновчтой бодлогоор удирдан чиглүүлээсэй. Энэ уулзалтын хүрээнд бий болсон хөрөнгө оруулалт нь ирээдүйн Монголын ард түмний нийгмийн сайн сайханд чиглэсэн байгаасай гэж хүсч байна даа. 

-Нүүрсийг гол сэдэв болголоо. Дараагийн сэдэв нь юу байх бол?

-Бид үүнээс гадна олон улсын хэмжээний гурван чуулга уулзалт зохиохоор төлөвлөж байна. Улиралд нэг удаа гэсэн үг. Эхний улиралд Монгол нүүрс, дараа нь Монгол төмөр, Монгол алт, тэгээд Монгол зэс гэсэн нэрээр дарааллуулан хурлаа үргэлжлүүлнэ. Бид улиралд зохиогдох хурлуудыг олны анхаарлын төвд авчирахын тулд долоо хоногтоо нэг удаа телевизийн оргил цагаар тухайлсан дэд сэдвүүдээр судлаач, бодлого тодорхойлогч, төсөл хэрэгжүүлэгчдийн дунд шууд хэлэлцүүлэг өрнүүлэх болно. Мөн хурлын зохион байгуулалтын явцын мэдээллийг Mining.mn, Coalmongolia.mn веб сайтуудаар болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга цацна. Бид уулзалтын хоёр өдрийн турш хэвлэлийн бага хурлын индэрийг нээлттэй ажиллуулна. Иймд чуулганд ивээн тэтгэгчээр болон үзэсгэлэнгийн танхим авч оролцож буй компаниуд хэвлэл, мэдээллээр үйл ажиллагаагаа хүрээмжтэй сурталчилах боломж бүрдэнэ.

-Монголд анх удаа ийм томоохон хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа танай хамт олонд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Харин энэ ярилцлагыг уншаад та бүхэнтэй холбогдохыг хүссэн компаниудад та юу гэж хэлэх вэ?

-Чуулганы албан ёсны веб сайт нь www.coalmongolia.mn  юм. Тэнд хурлын зорилго, хөтөлбөр болон бусад шаардлагатай бүх мэдээлэл тавигдсан. Тэндээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж авч болно.  Мөн чуулганд оролцох болон ивээн тэтгэгчээр ажиллах сонирхолтой байгууллага, аж ахуйн нэгжүүдэд манай чуулган нээлттэй.

Ж.Цогзолмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж