Ван Бронкхорст: Голландын шигшээг ахална гэдэг хүүхэд байхын минь мөрөөдөл

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Ван Бронкхорст: Голландын шигшээг ахална гэдэг хүүхэд байхын минь мөрөөдөл

2010 онд Өмнөд Африкт зохион байгуулагдах дэлхийн цомын тэмцээнд Европын хэсгээс Испани болон Английн шигшээ багийн зэрэгцээ Голландын шигшээ хэсэгтээ цахиур хагалж яваа. Сонгон шалгаруулалтад нийт таван тоглолт хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байгаа Голландын шигшээ баг айлын хаалганд нийт 12 гоол хийсэн бол ердөө ганхцан гоол л хаалгандаа алдсан. Улбар шарууд ямар ч эргэлзээгүйгээр Европ тивийн есдүгээр хэсгийг манлайлж яваа билээ. Харин энэ багийг ахалж, ногоон талбайд чухал үүрэг гүйцэтгэж яваа хүн бол Жованни ван Бронкхорст. Өдгөө 34 насыг зооглоод буй ахмад тоглогч гэж болох тэрбээр талбай дээр ч, талбайн гадна ч тун сайн удирдагч төдийгүй Голландын шигшээ багийн түлхүүр тоглогчдын нэг юм. 1993-94 онд нутгийнхаа “Вальвик”, дараа нь 1994-98 онд онд “Фейеноорд” клубт хүчин зүтгэж явсан Ван Бронкхорст 1998 онд Британийг зорьж, “Рейнжерс”-ийн өмсгөлтэйгээр гурван улирлын тоглолтод оролцсоны дараа хөлбөмбөгийн хууччуулын нэг Англид ирж, нийслэл Лондон хотын “Арсенал” клубт хүчин зүтгэх болсон байна. Премьер лигт хоёр улирлыг өнгөрүүлсний дараа Жо Испанийн “Барселона” клубын бүрэлдэхүүнд багтах болсон бөгөөд “Барса”-чуудын хамт 2006 онд Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн аваргын цом хүртжээ. Тэрбээр хөлбөмбөгийн замналдаа очсон газар бүртээ, тодруулбал, эх нутаг Голланд төдийгүй Шотланд, Англи болон Испанийн лиг, түүнчлэн чансаа өндөртэй уралдаан, тэмцээнээс аваргын цом хүртэж явжээ. Клубын тоглолтод амжилт гаргахаас гадна Жованни ван Бронкхорст эх орныхоо үндэсний шигшээ багт амжилт гаргаж яваа нэгэн. Тэр ирэх жил ӨАБНУ-д зохион байгуулагдах ДАШТ-д багаа манлайлан оролцох учиртай юм.

-Та өнгөрсөн хугацаанд “Барселона”, “Арсенал”, “Рейнжерс” болон “Фейеноорд”-д хүчин зүтгэж явсан. Энэ дөрвөн баг дөрвүүлээ Европын шилдгүүд. Харин хамгийн сэтгэлд ойр үлдсэн баг гэвэл?

-Би “Фейеноорд”-д өсч торнисон гэж болно. Гэхдээ миний хамгийн амжилттай байсан үе маань “Барселона”-д өнгөрсөн. Тэгэхээр Испани үнэхээр миний сэтгэлд гүн дурсамж үлдээд чадсан гэж болно.

-“Фейеноорд” UEFA Cup-аас хасагдчихсан. Бас Голландын лигийн хүснэгтэд дөнгөж дунд хавьцаа л явж байна. Роттердамд ер нь юу болоод байна аа?

-Хэд хэдэн зүйл буруугаар эргэчихсэн. Гэхдээ өнгөрсний буцаах боломжгүй шүү дээ. Одоо хамгийн чухал нь сайхан ирээдүйн төлөө тэмцэх явдал.

-Та Аваргуудын лигийн аваргын цом хүртэж байсан хүн. Бас хэд хэдэн улсын үндэсний лигээс аваргын алтан медаль хүртсэн. Харин цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна даа?

-Миний хамгийн том зорилго бол “Фейеноорд”-ын хамт Голландын лигт түрүүлэх явдал. Бас ирэх жил Өмнөд Африкт болох ДАШТ-д оролцохыг хүсч байна.

-Өөр ямар нэг клубт тоглохыг хүсч байна уу?

-Би “Фейеноорд”-ыг бас Голландын шигшээ багийг төлөөлж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

-Ногоон талбай дээр та хамгаалагчийн, бас хагас хамгаалагчийн байрлалд аль алинд нь тоглодог. Харин та алинд нь илүү дуртай вэ, яагаад?

-Миний хувьд энэ нь илүү гэх зүйл байхгүй ээ. Зүүн жигүүрт хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх сайхан байдаг. Гэхдээ мэдээж хэрэг хагас хамгаалагчийн байрлалд тоглох сайхан шүү дээ.

-Таван тоглолт хийж, таван хожил авчихсан байгаа Голландын шигшээ ирэх жил Өмнөд Африкийг зорих нь бараг л тодорхой болоод байна. Ямар нэг зүйл орвонгоороо эргэчихгүй бол шүү дээ…

-Ингэж хэлэх нь танд амархан байгаа байх л даа. Гэтэл үнэн хэрэгтээ байдал яаж ч өөрчлөгдөж болно шүү дээ. Бид бүх зүйл тодорхой болтол амьсгаа авалгүй хичээх болно.

-Хэрэв Голландын шигшээ баг шалгарч чадна гэж таамаглавал ДАШТ-ий үеэр та 35 настай байна. Магадгүй таны хувьд сүүлчийн томоохон тэмцээн байна гэж бодож байна?

-Тийм гэж мөрийцсөн ч болно байх аа.

-Эх орныхоо шигшээ багийг төлөөлнө гэдгийг хувь хүний үүднээс тайлбарлавал…

-Голландын шигшээ багийн бүрэлдэхүүндээ байгаадаа би өөрийгөө үргэлж азтайд тооцдог. Үндэснийхээ шигшээ багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж байгаадаа бахархаж байна. Бүр хүүхэд байхын минь мөрөөдөл юм.

-Ирэх жил дэлхийн аваргаас Голландын шигшээ аваргын цом хүртэх хэр боломжтой вэ?

-ДАШТ гэдэг олимпиос тэс ондоо шалгуур. Чи тийшээ ялах л гэж явдаг. Гэхдээ түрүүлж чадаагүй гэдэг муу тоглосон гэсэн үг биш л дээ.

-Голландын шигшээ багийн хувьд томоохон уралдаан, тэмцээнд үргэлж ширүүн өрсөлдөгчдийн нэг байсаар ирсэн. Гэтэл хамгийн сүүлд 1988 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, өндөр амжилт гаргаснаас хойш 20 жилийн турш цом гардсангүй. Та нарыг түрүүлнэ гэсэн хөгжөөн дэмжигчдийн таамаглал, бодит байдал хоёр зөрж байгаагийн гол шалтгаан нь юу гэж бодож байна?

-Хэдийгээр олон сайн тоглогчтой боловч үнэн хэрэгтээ бид ганцхан л удаа шилдэг бүрэлдэхүүнтэйгээр оролцож байсан. Бразил, Итали, Герман, Аргентин нарын түрүүлээд сурчихсан шилдэг багуудтай харьцуулахад бид үнэхээр өчүүхэн шүү дээ. Энэ бүхнийг харахад бид хоёр удаа мөнгөн медаль хүртэж, цөөнгүй удаа хагас шигшээд шалгарсан гэхэд тийм ч муугүй шүү.

-Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд Голландын шигшээ хэр амжилттай яваа баг вэ?

-Бид FIFA-гаас гаргадаг дэлхийн багуудын чансааны жагсаалтын гуравдугаарт бичигдээд байгаа. Тэгэхээр одоохондоо бол дэлхийн шилдгүүдийн нэг гэж бодож байна.

-Та шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаж 80 гаруй тоглолтод оролцсон. Харин хамгийн дурсгалтай тоглолт гэвэл?

-Бразилийн шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтод оруулсан анхны гоолоос минь гадна Австри болон Швейцарьт болж өнгөрсөн “Евро-2008”-ын үеэр дэлхийн цомын эзэн Италийн шигшээтэй хийсэн тоглолт үнэхээр сайхан байсан.

-Таны шүтээн?

-Бага байхдаа би Дьего Марадонаг шүтэж, түүнийг дууриадаг байлаа. Ер нь хүүхэд бүр л тийм байсан байх.

-Хөлбөмбөгийн ногоон талбайг орхисны дараа амьдралаа хэрхэн төлөвлөж байна вэ?

-Энэ талаар бодож эхлээгүй л байна. Ямар ч байсан хэзээ нэгэн цагт бөмбөг өшиглөх хугацаа маань дуусах байх.

С.Шүр /2009 оны 4 сарын 10/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж