Бие биелгээчдийн уралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Бие биелгээчдийн уралдаан боллоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дэлхийн Соёлын өвд бүртгэгдсэн Бие биелгээний өв санг баяжуулах, өвлөн урламжлагчдыг тодруулах, сэргээн сурталчлах, бие биелгээний арга барил, дэг сургуулийг залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээх, авьяастнуудыг тодруулах зорилгоор  “Биеэр мэтгэсэн угалз” бие биелээчдийн уралдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

    Монгол Улсын ардын уламжлалт урлагийг дэмжих Үндэсний хөтөлбөрийн хүрээнд БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороо, Соёлын өвийн төв, Монголын язгуур бие биелгээ өвлүүлэх холбоо, Монголын бүжгийн урлагийн зөвлөл, Монгол ардын язгуур урлагийн Бие-биелэг холбоо, “Өв эрдэнэ” Бие биелгээ шавь сургалтын төв хамтран тус уралдааныг зохион байгуулсан юм.
    Уралдаан хоёр үе шаттайгаар гоцлол, хамтлаг, бяцхан биелгээч гэсэн гурван ангиллаар болсон бөгөөд нийт 120 биелгээч оролцож шилдэг бие биелээчдээ өчигдөр тодрууллаа.

    Уралдааны тэргүүн байрыг биелгээч Г.Эрдэнбаатар, Гоцлол биелгээчээр  нэгдүгээр байрт 71 настай 2001 оны Ардын урлагийн их наадмын алтан медальт Г.Лхагваа, биелгээч Т.Арслан, хоёрдугаар байрт залуу биелгээч Г.Тамир нар тус тус шалгарав. Харин хамтлаг, гэр бүлийн ангилалд биелгээч Д.Балган ахлагчтай “Хотон” хамтлаг, хоёрдугаар байрт Налайх дүүргийн н.Энхжин ахлагчтай “Цагаан сарнай” хамтлаг, бяцхан биелгээчийн төрөлд шилдгээр Х.Шинэ-Од, биелгээчийн шилдэг ая тоглогчоор Т.Цэмбэл, үндэстэн ястны онцлогоо бүрэн илэрхийлсэн хувцас чимэглэлтэй биелгээчээр Т.Чулуун нар шалгарч байр эзэллээ. Мөн уралдаанд Хамгийн өндөр настай биелгээчээр оролцсон 80 настай М.Дарьсүрэнд Соёл, урлагийн хороо хүндэтгэл үзүүлэв.

    Уралдаанд оролцогч биелгээчдэд дурсамж бичиг гардуулж, ахмад 12 биелгээчдийг Соёл, урлагийн хорооноос хүдэтгэлийн медалиар шагналаа.

    М.Дөл  

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж