Францад их хэмжээний цас орж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Францад их хэмжээний цас орж байна

Франц улсад их хэмжээний цас орж, гэнэт хүйтэрсний улмаас зам тээврийн саатал үүсч, замууд хаагджээ. Бямба гаригт Парисын эргэн тойрон болон нутгийн хойд хэсэгт их хэмжээний цас орсон байна. Францын үндэсний цаг уурын агентлагаас есөн мужид температурын огцом өөрчлөлт гарсныг анхааруулжээ.

Цаг уурын урьдчилсан мэдээгээр Францын хойд хэсэгт мөсөн бүрхүүл үүссэн бөгөөд замын хөдөлгөөнд оролцоход ихээхэн бэрхшээлтэй болжээ. Цас их орсны улмаас жолооч нар хурдны зам дээр гацаж, хаа сайгүй бөглөрөл үүсч замууд хэсэгчлэн хаагдсан ч одоогийн байдлаар томоохон осол болсон мэдээ гараагүй байна. Бямба гаригт өдрийн цагаар “Roissy Charles-de-Gaulle” нисэх буудлын нислэгээс бусад нийт нислэгийн 20 хувь нь саатсан гэж Францын иргэний нисэхийн удирдлагууд мэдээлжээ.

Түүнчлэн их цасны улмаас Францын хойд хэсэгт орших “Flamanville” атомын цахилгаан станцын дээвэр хэсэгчлэн нурж цөмийн аюулгүй байдалд түгшүүр бий болгоод байна. Францын Цөмийн аюулгүй байдлын удирдах газрын дарга Томас Хоудрийн хэлснээр дээвэр нурсны улмаас цөмийн алдагдал үүсч болохыг анхааруулсан байна.        
    
Цасан шуурга, тэсгим хүйтэн нь ховор тохиолддог ч энэ удаа хэвийн бус үзэгдэл болж байна хэмээн Францын цаг уурч Фредрих Натан хэлжээ. Цаашид цанын баазуудад цасан нуранги үүсч болзошгүй байгаа бөгөөд цас нэмж орж байгаагаас Даваа гариг гэхэд аюулын хэмжээ өсөх хандлагатай байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж