“Зүүд биш л байгаа даа” нэвтрүүлэгт оролцов

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

“Зүүд биш л байгаа даа” нэвтрүүлэгт оролцов

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын удирдлагууд ард иргэд, залуусаа дэмжих, сурталчилах олон ажлыг санаачилж, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал залуу гэр бүлээ дэмжих, урам зориг өгөх үүднээс өнөөдөр II багийн малчин Д.Сансардаваа гэх залууг ТВ-9 телевизийн “Зүүд биш л байгаа даа”  нэвтрүүлэгт оролцуулан “гайхшруулжээ”.   Тэрбээр эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг, 30 орчим насны залуу бөгөөд өөрийн гэх орон байртай болж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн аж.  Түүнд нэвтрүүлгийн зүгээс таван сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн тавилгатай таван ханатай гэр өгсөн бөгөөд МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх С.Чинзориг, МХЕГ-ын дарга Я.Содбаатар, бизнес эрхлэгч  Д.Батдорж,  Ц.Эрдэнэбаяр, Ц.Отгонбаяр нар тус бүр 500 мянган төгрөг, Арвайхээр сумын Засаг дарга Т.Гончигдорж, иргэн Г.Түмэнбаяр нар тус бүр 300 мянган төгрөг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, сумын Засаг дарга Х.Гэрэлмаа, ИТХ-ын дарга Ч.Цэрэндорж нар тус бүр 100.0 мянган төгрөг хандивласан байна.

Өнөөдрийг хүртэл ямар ч “сэжиг” аваагүй байсан Д.Сансардаваагийн гэр бүл чухам “магнайгаа хагартал” баярлаж байгаа гэнэ. Төгрөг сумын ИТХ-ын дарга Ч.Цэрэндорж хэлэхдээ “Жаахан дэмжлэг үзүүлээдхэвэл дээшээ явах боломжтой, дундын амьдралтай хүмүүсээ дэмжье гэж ярилцаад энэ залууг сонгосон” гэлээ.  Тус сумаас ТВ-9 телевизийн “Эгэл баатрууд” тодруулах нэвтрүүлэгт өндөр настан Ч.Дамбыг уламжлаад байгаа аж. Тэрбээр сум, нэгдлийн даргын албыг олон жил хашсан, өндөр насны тэтгэвэрт гараад уламжлалт аргаар бариа засал хийж хүн төдийгүй мал амьтанд амьдрал хайрлаж яваа буянтан юм. Түүнийг төрөлх нутгийнхнаас гадна Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Улаанбаатарчуудаас ч андахгүй.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж