Нарны энергиэр ажиллах завь далай гатлав

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Нарны энергиэр ажиллах завь далай гатлав

TURANOR PlanetSolar нэртэй нарны эрчим хүчээр ажиллах дэлхийн хамгийн том завь дэлхийг тойрон аялах анхны аяллаа амжилттай хийжээ. Тус завь Монакогоос гарч Майами хүртэл Атлантын далайгаар аялсан байна. Швейцарь инженерүүдийн бүтээсэн энэхүү завь есдүгээр сарын 27-нд Монакогоос гарч, өнгөрсөн долоо хоногт Майамид хүрчээ.

31 метр урттай, 15 метр өргөн TURANOR PlanetSolar завь нь нарны эрчим хүчээр ажиллах дэлхийн хамгийн том завь юм. Завь бүхэлдээ сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бөгөөд хүчин чадлын 22 хувийг нарны эрчим хүч хангах ажээ. Завины дээврийн хэсэгт 500 кв.метр талбайтай нарны зайг суурилуулсан ба энэ нь зах зээл дээрх хамгийн томд тооцогдож байна. Түүнчлэн энэхүү асар том талбайг хамрах нарны зайгаар хоёр цахилгаан хөдөлгүүрийг ажиллуулах боломжтой бөгөөд үүний тусламжтайгаар TURANOR PlanetSolar 14 нот хүртэл хурдлахаас гадна гурван өдрийн турш тасралтгүй далайд аялах боломжтой юм.

Майамигаас гараад TURANOR PlanetSolar Мексикийн Канкунг зорьж, НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конвенцид Швейцарийн Засгийн газраас зохион байгуулж буй арга хэмжээнд оролцох ажээ. Улмаар дэлхийг тойрох аяллаа үргэлжлүүлэх бөгөөд Сан Франциско, Сидней, Сингапур, Абу Даби зэрэг хотуудад зочлоод буцаад Монакодоо очих гэнэ.

Завины ахмад нь Францын иргэн Патрик Маршесе бөгөөд түүний хамт Швейцарь, Финлянд, Германы мэргэжилтнүүд хамт ажиллаж байгаа юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж