Клейстерс WTA холбооны оны шилдгээр тодров

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Клейстерс WTA холбооны оны шилдгээр тодров

Бельгийн шилдэг теннисчин Ким Клейстерс 2010 онд гайхалтай амжилт гаргаж, таван тэмцээнд түрүүлэхдээ “Их дуулга”-ын цуврал US Open тэмцээнд дараалсан хоёр дахь түрүүгээ авсан билээ. Түүнийг WTA холбооноос оны шилдэг теннисчнээр нэрлэсэн байна. Өдгөө 27 настай Клейстерс өмнө нь, 2005 онд энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болж байсан юм. Энэ жил тэрбээр Брисбейн, Майами, Цинциннатид болсон WTA-ын цувралууд, улирлын сүүлчийн Дохад болсон WTA-ын аварга шалгаруулах тэмцээн, мөн Нью-Йоркт болсон US Open-д аваргалсан билээ. Клейстерс “Их спортдоо эргэн ирээд ганцхан жилийн дараа оны шилдэг теннисчний шагнал хүртэнэ гэдэг үнэхээр гайхалтай” хэмээн ярьсан байна.

Харин өнгөрсөн нэгдүгээр сард талбай теннисний ертөнцөд эргэн ирсэн Бельгийн Жюстин Энен WTA холбооны 2010 онд эргэн ирсэн хамгийн шилдэг тоглогчоор тодорсон бол НҮБ-ын сайн санааны элчээр ажилласан ОХУ-ын Мария Шарапова оны шилдэг хүмүүнлэгийн үйлстэн тамирчнаар шалгарчээ. Түүнчлэн Аргентиний Жизела Далько, Италийн Флавия Пеннетта нар хосын төрөлд оны шилдгүүдээр тодорсон байна. Тэд он гарсаар нийт долоон тэмцээнээс аваргын цом хүртсэн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж