Завсарлагыг 21 хоногоор хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Завсарлагыг 21 хоногоор хязгаарлана

УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан сая завсарлаж, бүлгийн дарга Д.Лүндээжанцан мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн байна. Ажлын хэсгийн төвшинд дээрх хуулийн төслийг боловсруулахдаа намын бүлгүүдийн засварлага авах хугацааг тодорхой болгож өгчээ. Тодруулбал, УИХ дахь намын бүлэг нь чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага хүсвэл долоо хоног, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаас завсарлага хүсвэл тус бүр таван хоног байхаар тооцжээ. Эл асуудлыг тус бүлгийн гишүүд хэлэлцээд завсарлага авах хугацаа нийтдээ 21 хоногоор хязгаарлагдах ёстой. Завсарлагын хугацааг тодорхой заагаагүйгээс чухал асуудал дээр бүлэг завсарлага авч, улмаар энэ нь хоёр, гурван жилийн турш хэлэлцэгдэлгүй сунжирдаг  учраас энэ саналд нэгдэх ёстой гэж үзжээ. Энэхүү зарчмын санал дээр хоёр намын бүлэг хоёулаа дэмжиж байгаа гэнэ. Гагцхүү хуулийн төслийг батлагдсан даруйд мөрдөх үү, эс бөгөөс 2012 оны сонгуулийн дараа мөрдөх үү гэдэг дээр байр суурь эсрэг тэсрэг байгаа аж. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэхүү хуулийн төсөл батлагдсан цагт 2012 оноос мөрдөгдөх ёстой гэж үзэж байгаа бол Монгол Ардын нам хууль батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжих нь зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй байр суурь баримталж буй ажээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж