МАХН-ын төлөөлөгчийг хуралд оролцуулаагүй

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

МАХН-ын төлөөлөгчийг хуралд оролцуулаагүй

Энэ сарын 3-ны өдөр Монгол Ардын Намын нийслэлийн намын хороо хуралдаж сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дотооддоо авч хэлэлцсэн талаар бид мэдээлж байсан. Тус хуралдаанаар МАХН-ын түр хорооны гишүүн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг МАН-аас хасах шийдвэр гаргасан байна. Нөгөөтэйгүүр  МАХН-ын УИХ дахь бүлэг нь МАН-ын УИХ дахь бүлэг болж өөрчлөгдсөн болохоор бүлгийн гишүүн байхаас татгалзаж байгаа тухай УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр  МАН-ын бүлэгт албан ёсоор мэдэгдэж  УИХ-ын даргад хүсэлтийг нь уламжилж өгөх өргөдөл гаргажээ.

МАН нь хууль ёсны дагуу УИХ-д суудалтай нам мөн эсэх талаар маргаан дэгдээд байгаа, энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн байр суурийг лавласан боловч Үндсэн хуулийн цэц нь шүүх эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага учир энэ тухайд хариулт өгөх боломжгүй, хуулийн дагуу хориотой байдаг гэж татгалзсан юм.

Харин МАН-ын нийслэлийн намын хорооны дарга өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдтэй уулзалт хийсэн байна. Уг уулзалтад тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч буюу СХД-ийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн оролцохоор очсон боловч дүүргийн МАН-ын хорооны хурал учир МАХН-ын төлөөлөгчийг хуралд оролцуулаагүй тухай Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн мэдэгдсэн юм. Одоогоор МАХН-ын түр хорооны гишүүд хөдөө орон нутгаар иргэдтэй уулзалт хийж байгаа аж. 

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж