Бээжин-Шанхайн галт тэрэг хурдны рекорд эвдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Бээжин-Шанхайн галт тэрэг хурдны рекорд эвдлээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос тус улсын санхүүгийн нийслэл гэгддэг Шанхай хотын хооронд зорчих хурдны галт тэрэг туршилтын үеэр цагт 486,1 км хурдалж, дэлхийн хурдны дээд амжилтыг эвдсэн тухай Хятадын төмөр замын яам мэдэгджээ. Тус галт тэрэг ийнхүү хоёр сарын өмнө тогтоосон амжилтаа эвдсэн байна. Энэ талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Ёнпин “Бээжин-Шанхайн хурдны төмөр замын бүтээн байгуулалтад шинэ амжилт тогтоогоод зогсохгүй Хятадын технологийн салбарын томоохон ололт, амжилт боллоо” гэсэн байна. Гэхдээ Хятад улс хурдны галт тэрэг бүтээхэд зааж, зөвлөж байсан гадны зарим “акулууд” дээрх мэдэгдлийг үгүйсгэж байгаа тухай Wall Street Journal мэдээлжээ. Түүнд дурдсанаар “Хурдны рекорд Хятадынх байж болох ч технологи нь тэднийх биш” хэмээсэн байна.

Ямартай ч Бээжин, Шанхай хотуудын хооронд галт тэргээр 10 цаг аялдаг байсан бол хурдны галт тэрэг ашиглалтад орсноор ердөө дөрвөн цагийн дотор энэ зайг туулах юм. Хэдийгээр онгоцоор нисэхэд хоёр цаг зарцуулдаг ч гаалийн шалгалт, ачаа тээш гээд багагүй цаг алддаг учир галт тэрэгний дөрвөн цагийн аялалтай бараг л дүйцнэ. Гэхдээ хурдны галт тэрэг 2012 онд анхны зорчигчоо хүлээн авах ажээ.

Бээжин-Шанхайн хурдны галт тэрэг Хятад улсын төмөр замын өргөтгөлийн нэг хэсэг бөгөөд 2020 он гэхэд 120 км урт төмөр замыг тавих юм. Энэ ажилд Хятадын талаас 120 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж