Д.Зоригт: 45 сая тонн зэсийн 31.1 сая тонныг нь үр ашигтай нөөцөд бүртгүүлж чадсан

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Д.Зоригт: 45 сая тонн зэсийн 31.1 сая тонныг нь үр ашигтай нөөцөд бүртгүүлж чадсан

Оюутолгойн орд газрын ашиглалтын
Техник эдийн засгийн үндэслэлд ямархуу ахиц гарсан талаар Эрдэс баялаг
эрчим хүчний сайд Д.Зоригтоос лавлалаа.

-Оюутолгойн
ордын нөөцөд бүртгэгдсэн 44 сая тонн зэс нэлээн маргаан дэгдээсэн.
Техник эдийн засгийн үндэслэлд түүнээс хэдэн тонныг нь ашиглах
бололцоотой гээд бүртгээд авчихав?

-Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөл 2009 оны долдугаар сарын 1-нд Оюутолгойн орд газрын
нөөцийг анх хэлэлцсэн байдаг. Энэ нөөцийг хэлэлцэхдээ шинжээчийн багийг
оролцуулж, шинжээчдийн багийн дүгнэлтийг хэлэлцсэн. Уг хуралдаанаар
нөөцийг 100 хувь бүртгэж авсан байдаг.  Тухайлбал, зэсийн нөөцийг 45 сая
тонн, үүнээсээ 25 гаруй сая тонныг үр ашигтай нөөц. Харин 19 сая гаруй
тонныг нь тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц гэж баталсан. Үүнээс хойш
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл тодруулж хэлбэл, өнгөрсөн оны
арванхоёрдугаар сар, мөн өнгөрсөн гуравдугаар сард Техник эдийн засгийн
үндэслэлийг дахин авч хэлэлцсэний дараа  тодорхой нхөцөлд үр ашигтай
нөөц хэмээн тодорхойлогдож байсан 19 сая тонноосоо 5 сая гаруй тоннын
нөөцийг үр ашигтай нөөц рүү шилжүүлж, нийт үр ашигтай нөөцийн хэмжээг
31.1 сая тоннд хүргэсэн. Үүний дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл
нөөцийг 100 хувь бүртгэж авсан.

-Тодорхой нөхцөлд
ашигтай гэж тодорхойлоод байгаа нь их бөөрөнхий юм биш үү?

 –Тодорхой
нөхцөлд ашигтай гэдэг нь техник технологийн дэвшил гараад, металлын зах
зээлийн үнэ сайжраад байгууллагын үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэх юм
бол энэ 19 сая тонносоо үр ашигтай нөөц рүү шилжүүлж болно. Шилжүүлэх
тоолондоо Техник эдийн засгийн үндэслэлдээ тодотгол оруулна. Таван жил
тутамд Техник эдийн засгийн үндэслэлээ тодотгож, шинэчилнэ. Үүнийгээ
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр албан ёсоор хэлэлцүүлнэ гэсэн. Эрдэс
баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт ч гарсан,  бас тушаал ч гарсан,
энэ бүхнийг хөрөнгө оруулагч тал зөвшөөрсөн гэсэн үг л дээ.  Үүний
үндсэн дээр гэрээ хүчин төгөлдөр болох арван үндэслэлийн нэг болсон.

Мөн
Оюутолгой төслийн ТЭЗҮ-д тусгасан байсан хөрөнгө оруулагчид төлөх ашигт
малтмалын нөөц ашигласны төлбөрт тооцсон хоёр хувийн роялтиг Эрдэс
баялгийн мэргэжлийн зөвлөлөөс өгсөн шүүмжийн дагуу хассан. Ус ашиглалтын
талаарх бүрхэг асуудлуудыг нэгмөр цэгцэлсэн гээд Оюутолгойн ашиглалтын
Техник эдийн засгийн үндэслэл дээр маргаан дагуулж байсан асуудлууд бүгд
тодорхой болж, манай талд ашигтайгаар шийдвэрлэгдсэн байгаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж