Компаниудыг эрэмбэлэх нь үндсэн ажил биш

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Компаниудыг эрэмбэлэх нь үндсэн ажил биш

Э.Тамир: Хэдхэн компанийг хооронд нь өрсөлдүүлж эрэмбэлэх нь Худалдаа аж үйлдвэрийн үндсэн ажил биш шүү дээ

Монголын бизнес эрхэгчдэд ямар дарамт, саад учирч байгаа талаар “Коммит сервис”ХХК- ын зөвлөх Э.Тамиртай ярилцлаа.

-Засгийн газраас 2010 оныг эдийн засгийн шинэтгэлийн жил болгон зарласан. Энэ ажил хэр үр дүнтэй болсон санагдаж байна. Монголд бизнес эрхлэхэд таатай орчин бүрдсэн үү?

– Манай үе үеийн Засгийн Газар дандаа л нэг хоосон уриа гаргаж лоозогнож байх юм. Социализмийн үеийн сэтгэлгээ давамгайлаад байна ч гэж харж болохоор байна. Монгол Улс 1990-ээд оноос зах зээлийн эдийн засагт шилжсэн шүү дээ. Тухайн үед бараг хүн бүхэн бизнес эрхэлж байсан. Гахай зөөж, лангуун дээр зогсч үзээгүй хүн бараг байхгүй байх. Гэвч өнгөрсөн 20 жилд манай улс классик бизнесрүү хөл тавьж чадсан уу гэдэг нь учир дутагдалтай. Одоогоор Монгол Улсад бизнесийн салбарт юу ч өөрчлөгдөөгүй. Засгийн Газар шинэчлэл хийхийг уриалсан хирнээ  ямар ч үйлдэл хйисэнгүй. Одоогоор манай бизнесийн төвшинг “лангууны” гэж тодорхойлмоор байна. Юу ч хийхгүй хоосон уриа гаргаж хадчихаад суугаад байвал лангууны төвшнөөс өндийхгүй л дээ.

-Лангууны гэдгийг юу гэж ойлгох вэ

-Бизнес хамгийн доод шатандаа хөгжиж байна гэсэн үг. Хамгийн доор байлгах ажлыг төр л хийгээд байгаа юм шдээ.  Тухайлбал, алтны уурхайнууд ид ашигтай ажиллаад улс орны төсөвт нэмэр болж эхлэх гэж байтал гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гэгчийг гаргаад ирэх жишээтэй.  Хууль эрх зүйн хувьд ярих асуудал маш их бий. Жишээ нь одоогийн хууль тогтоомийн дагуу монголд хувьцаат буюу хязгаарлагдмал гэсэн хоёр төрлөөр л үйл ажиллагаа явуулах боломжтой, гэтэл дэлхийн эдийн засаг өргөсөхийн хирээр олон янзын хэлбэр бий болсон. Холдинг, групп, консерциум, траст … гээд. Гэтэл манайд хуулийн нөгөөх хоёр заалт л үйлчилсээр байгаа ш дээ. Шинэчлэл ярьж байгаа бол үгүй ядаад энэ зүйлээ өөрчилөөд эхэлмээр байгаа юм. Ерөөсөө Монголын төр засаг аж ахуй нэг, пүүс компаниудаа томроод ирэхээр нь элдэв янзын аргаар нухчин дардаг. Бизнес хийх ямар ч эрх чөлөө, бололцоо олгодоггүй. 2008 онд валютын ханш огцом өсөхөд  олон компани ам.доллар, төгрөгийн ханшны зөрүүнээс болж дампуурлын ирмэгт хүрсэн. Тэр үед төр засгийн зүгээс болоод салбар байгууллагуудаас ямар ч дэмжлэг өгөөгүй шүү дээ. Төрийн энэ бүх үйлдэл бизнесийн салбарыг “лангууны” байхаас хэтрэх боломж олгохгүй байна.

– Яаж “лангууны” байдлаас ангижрах вэ.

– Монголын төр засаг үндэсний үйлдвэрлэгчидээ дэмждэг болсон тэр цагт л “лангууны” байхаа болих байх даа.  Өнгөрсөн хугацаанд зөвхөн гадаадын компаниудын л эрх ашгийн төлөө ажиллаа ш дээ. Учир битүүлэг байдлаар. Уг нь  хамгийн энгийн логикоор бодход ямар ч улсын төр засаг үндэсний бизнес эрхлэгчидээ л дэмжиж ажилламаар юм.

-Бизнес эрхлэгчдийн эрх ашгийн төлөө ажиллах байгууллагууд ажлаа сайн хийж чадахгүй байгаатай холбоотой юу?

-Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг салбарын яам, холбоо байгууллага уг нь бий. Гэвч төр өөрөө хувийн хэвшлийнхэнтэй бүрэн утгаар нь хамтарч ажиллаж  чаддаггүй. Ер нь бол боломж ч байхгүй л дээ. Харин энэ харилцааг зохицуулж байх холбоод болоод ТББ нь сайн ажиллах ёстой юм. Төр болон хувийн хэвшлийнхний хооронд гүүр болох нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байгууллага болох МҮХАҮТ гэж газар байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бас л юу ч хийсэнгүй. Одоогийн байгаа нөхцөл байдлыг хархад л шууд ийм дүгнэлтэнд хийхэд хүрч байгаа юм. Одоогийн байдлаар монголд явагдаж байгаа бизнесийн үйл ажиллагааг 100 хувь гэж үзвэл төрийн хяналтанд 52 хувь нь байгаа юм. Бизнест төрийн оролцоо давамгайлаад ирэх юм бол хувийн хэвшлийнхэнд боломж олдохгүй, харин тэднийг нухчин дарах үйл ажиллагаа идэвхжээд ирнээ л гэсэн үг. Энэ байдлыг харсаар суугаа “МҮХАҮТ” юу хийв ээ. Ийм л зүйл дээр гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй юм бол ийм байгууллага байсны хэрэг гэж байхгүй шдээ. Компанийн захирлууд ямар шагнал авахын өвчтэй хүмүүс биш. Жил бүр л шагнал гардуулж  зангий нь засчихаад л үндсэн үйл ажиллагаагаа умартаад байж болохгүй л дээ. Монголын бизнес эрхлэгчид үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг. Төрийн дарамт  ихтэй, худалдан авагчдын чадамж бага,  банкны хүү нь өндөр гээд тоочвол зовлон их бий. Энэ бүхнийг л төрд ойлгуулж таатай орчин бүрдүүлж өгөхийн төлөө ажиллах ёстой байгууллага нь таг чиг байхаар байдал яаж дээрдэх вэ дээ.

-Худалдаа аж үйлдвэрийн танхим чухам ямар ажил хийх ёстой вэ, таныхаар?

-Бизнесийн орчин ямар байна гэдэг дээр дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төслүүд дээр нь ажиллах ёстой. Түүнийгээ батлуулах “лоббиг” хийх ёстой. Зах дээр зогсож байгаа бүсгүйчүүдээс авхуулаад  бизнесийн бүхий л салбарт танхимын үйл ажиллагаа мэдрэгдэж байх ёстой. Танхимын дэргэд байгаа арбитрийн шүүхийг ч манайхан бүрэн дүүрэн ашиглаж мэддэггүй. Оюу толгой дээр гэхэд л Английн арбитрийг сонгосон байх жишээтэй. Үйл ажиллагаа нь үнэхээр унтаа, сул дорой байна л даа. Хэрэв бүрэн дүүрэн ашиглаж чадвал бидэнд үнэхээр тустай байх болно. Гэтэл тийм байгууллага байдаг эсэх тухай ч мэдэхгүй байна ш дээ. МҮХАҮТ гэж байдаг гэдгийг мэдэхээс бус түүний үйл ажиллагааны чиглэл зорилго нь юу юм бэ гэдгийг мэддэг хүн цөөхөн. Танхим нь болохоор монопол болсон том компаниудтайгаа их дотно. Харин “жижиг гарууд”-тай бол харьцахгүй.  Ийм эрүүл бус үйл ажиллагаатай байж болохгүй л дээ.

-Энэ нь удирдлагынх нь  буруу алдаатай үйл ажиллагаанаас болж байна уу?

-Удирдлагуудынх хувийн бизнесийн эрх ашитай л холбоотой. Монгол Улсын хөгжлийн гол гарц бизнесийн орчныг сайжруулах шүү дээ. Ингэхийн тулд бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах. Дотооддоо үндэсний томоохон үйлдвэрлэгчдийг бий болгох, тэдний төлөө ажиллах ёстой. Худалдаа аж үйлдвэрийн танхим үүний төлөө ажилладаг байх ёстой байгууллага.

-Танхимдаа шаардлага тавьж болдоггүй юм уу?

– Танхим хурал зөвлөгөөн хийхээрээ тоотой хэдэн том компаниудыг цуглуулж асуудлаа яриад л болчихдог шүү дээ. Өнгөрсөн хавар “Монгол 999” нэгдэл байгуулагдаж 2000 гаруй компани нэгдсэн. Үүнийг хамгийн түрүүн танхим дэмжиж урд нь гараад гүйх байх гэж бодтол шал эсрэг юм болсон. Нөгөөх С.Дэмбэрэл маань  том гэсэн хэдхэн компанийг нь тасалж аваад нөгөө талд нь гараад зогсчихсон. Бүр Засгийн Газар төсөл хүртэл өргөн барьсан. Ийм ялгавартай хандаж болохгүй  ш дээ. Жижиг дундуудаа огт тоохгүй, томчуудад нь хөл алдаад байдаг байж таарахгүй.

-Тэгэхээр Худалдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай болжээ?

-Тийм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд үндэсний ядаж нэг том компани гараад ирчих боломж байлаа.Гэвч манайд үндэсний бөгөөд гадаадад өрсөлдөх чадамж өндөртэй компани алга л байна. Үүний төлөө худалдаа аж үйлдвэрийн танхим хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Одоо энэ байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, чадварлаг хүнд нь даатгах цаг болсон.

-Тэгвэл Монголд бизнесийн орчныг сайжруулахын тулд яах ёстой вэ. Та юу гэж бодож байна?

Цаг хугацаагаа мэдэрч өөрчлөлт хийх ёстой. Бизнесийн салбарын мэргэжлийн холбоо байгууллагууд дэргэдээ хяналтын байгууллагатай байх ёстой. Тэд Монголд явуулж байгаа бизнесийн болоод бусад үйл ажиллагаанд хяналт тавибал бүх зүйл чанаржина. Нөгөө талаар Монгол Улсад явагдаж байгаа бүх ажлын стандартуудыг өөрчлөх ёстой. Зам, барилгаас эхлээд ажлын стандартыг өөрчлөх цаг болсон. “Эрдэнэс МГЛ” гээд төрийн мэдлийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байгаа л гэж байна. Үүнийг төр 100 хувь эзэмших үү, ард түмэн 100 хувь эзэмших үү гэдгийг шийдэх ёстой, жишээ нь шүү дээ.  Төр засаг бодлогоо барихаас биш үйл ажиллагаа явуулж болохгүй. Тэгэхээр төрийн өмчит компаниудыг хувьчлах ёстой.

-Засгийн газар хувьчилна гээд байгаа шүү дээ?

-Хувьчлагдахгүй байгаа. Хувьчилъя гэхээр төрийн гар, хөл болсон хэдхэн нөхдүүд хүч түрээд байдаг талтай. Хувьчлал шударга болж чаддаггүй. Одоогийн байдлаар Монголд аль нэг салбарын дарга нарынх нь амьдрал сайжраад байхаас өөр сайжирч байгаа юм алга.Томоохон албан тушаалууд Монголд үе залгамжилдаг болсон байна. Монголчууд социализмын үеийн энэ сэтгэхүйгээсээ салах цаг хэдийнэ болсон.

Т.ОТГОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж