Мөрөөдөлгүй
хүн даль жигүүргүй шувуутай л адил. Тэнгэр бурхан зах хязгааргүй огторгуйн
уудамд элин халин нисэхийн тулд шувуудад даль жигүүр өгсөн бол хүнд зах
хязгааргүй уудам орон зайд сэтгэн бодож, сайн сайхан бүхэнд тэмүүлэх мөрөөдлийг
өгсөн. Мөрөөдөл шувуудын далавчнаас хавьгүй хүчтэй даль жигүүрийг хүнд
хайрлана. Мөрөөдөл
хэмээх хүчит даль жигүүрийнхээ тусламжтайгаар хүн өндөр сүрлэг уулсын оргилд ч
дүүлэн гарч, хөлгүй гүн тэнгисийн гүнд ч шумбан орж, алсын одод руу аялан
жуулчилж, хүслийн далайдаа чөлөөтэй сэлнэ.
Байгаль
дэлхийдээ заяамал тавилангаараа амьдарч байгаа шувуудын дүүлэн нисэхийг хэн ч
хааж хориглож дийлэхгүй. Хүний зүрх сэтгэлийн ертөнцийг мөрөөдөлгүй болгох нь
дэлхий ертөнцийг агаар мандалгүй болгохтой адил.
Ухаант
хүн бүхэн орон зайн хязгааргүйгээр мөрөөдөж болох ч мөрөөдлөө биелүүлэх боломж
нь орон зайн хязгаартай.
Мөрөөдлийн
хязгаартаа хүрэхээр тэмүүлэх нь залуу хүн бүрийн амьдралын зорилго, амьд
яваагийн утга учир байх ёстой.