“UBS” фракцийн Б.Баттөмөр

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

“UBS” фракцийн Б.Баттөмөр

Гаалийн Ерөнхий газрын дарга асан Б.Баттөмөрийг Увс аймгийн  Тэс сумын уугуул болохоор нь “UBS” фракцийнх гэж цоллодог. Түүнийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаас даргын албан тушаалд дэвшихэд нь ч “Ху намд увсынхан олон юм уу. Монголчууд дотор увсынхан илүү ухаантай юм уу” гэх хошин яриа гарч байлаа. Х.Баатар дарга дээлээ нөмөрч гаалийнхныг “авлигач” гэж цоллож байх үед тэрбээр тус байгууллагын нэгдүгээр хүнээр томилогдсон. Б.Баттөмөр дарга ч ажлаа авсан даруйдаа гаалийн салбарт    сэвтчихээд байсан намынхаа нэрийг “цэвэрхэн” аваад гарсан гэж дүгнэдэг юм билээ. Гаалийг онлайн болгож, хилийн боомт дээрх байцаагчийн ажлыг төвөөс хянадаг болсны автор нь яах аргагүй Б.Баттөмөр дарга. Харин спиртэд 15 хүн хордож амиа алдахад Б.Баттөмөр “алдаа” гаргасан. Тэрбээр “Гаалиар хортой спирт орж ирээгүй” гэж мэдэгдсэнийхээ хариуцлагыг өөрөө хүлээж сайн дураараа ажлаа өгсөн нь төрийн байгууллагынхан дундаа “шинэ үзэгдэл” болсон билээ. Элдэв тайлбаргүй ажлаа өгөөд явсан нь иргэдээс “ок” үнэлгээг авсан. Түүнээс хойш тэрбээр Н.Багабандийн “Титэм үг”-ээс үлгэр авч эдийн засгийн нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн шиг нийгэмд өөрийгөө сануулж байлаа. Харин өдгөө Ардын намынхан     нөлөө бүхий гишүүнээ дахин мандуулахаар шийдэв бололтой.

Түүнийг Татварын ерөнхий газрын даргаар томиллоо гэх дуулиан өнгөрсөн долоо хоногт дэгдээд намжив. Гэхдээ одоохондоо биш ч удахгүй тэр татварынхныг даргалах нь тодорхой болсон гэнэ лээ. Ц.Оюунбаатарын оронд яагаад Б.Баттөмөр вэ гэдэг асуултад “Нэр хүнд нь унасан гаалийг шинэ  шатанд авчирсан туршлагатай. Орчин    үеийн дарга нарын суудлаа тавьж өгдөггүй, тамгаа аваад зугтдаг дүрийн эсрэг имижийг бүрдүүлснээрээ төрд эргэн ирж байгаа” гэсэн хариулт тохирох биз ээ.

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж