1385 метрийн гүнд 50 км урт тунел байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

1385 метрийн гүнд 50 км урт тунел байгуулна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх  Оюутолгойн орд газарт төслийнхөн нэгдүгээр босоо амыг 2008 оны нэгдүгээр сараас эхлэн барьж байгуулжээ. Босоо амын гүний хэмжээ 1385 метр бөгөөд уг амаас хажуу тийш 50 км урт тунел байрьж байгууулах юм. Өнгөрсөн хугацаанд уг төслийнхөн 1,8 км тунел байгуулсан. Тунел өрөмдөж тэслэх, дотоод хучилтыг хийх зэрэгт дэлхийн хамгийн сүүлийн үеийн багаж, техник хэрэгсэл, технологийг ашигладаг ажээ. Тунел нь 5,5 метр өндөртэй, таван метрийн өргөнтэй юм. Харин ханыг нь 70 см-ийн зузаантайгаар хийжээ. Уул уурхай хөгжсөн орнуудад 50 см-ийн зузаантайгаар хийдэг бөгөөд тэр нь 20 тоннын даацтай байдаг аж. Тунел рүү найман хүний багтаамжтай тусгай зориулалтын өргүүрээр зорчих бөгөөд 1385 метрийн гүн рүү зорчиход ердөө л дөрвөн минут зарцуулдаг байна. Тунелийн доторлогооны ажилд нэг ээлжиндээ 30 орчим хүн ажиллаж байсны дөрвөөс бусад нь монголчууд байлаа. Тэдний хувьд газрын доор ажиллахад хүчилтөрөгч дутагдах аюулгүй бөгөөд онцгой тохиолдолд амь нас, эрүүл мэндээ аварч үлдэх аюулгүйн буланг 30 метр тутамд байгуулсан байна. Түүнчлэн 20 хүний багтаамжтай аврах байр хэд хэдийг байрлуулжээ. Тэдгээр байруудад  20 хүнийг 36 цагийн турш хүчилтөрөгчөөр хангах аппараттай юм. Газрын гүнд ажиллах хүмүүсийн хувьд хүчилтөрөгчийн аппарат, гэрэл чийдэн, бэхэлгээ зэргийг өвч бүрэн авч явдаг бөгөөд тусгай зориулалтын хувцастайгаа нийлээд 10 кг ачаа болдог ажээ. Одоогийн байдлаар тунел байгуулах ажлыг Австрали, Канадын мэргэжилтнүүд удирдан гүйцэтгэж байгаа аж. Газрын гүнд ажиллагсдыг тусгай самбарт байрлуулсан пайзаар нь бүртгэхээс гадна хяналтын камерууд ажиллуулдаг байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж