Миний тухай мэдээлэл худлаа гэдгийг У.Хүрэлсүх мэдэж байгаа

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Миний тухай мэдээлэл худлаа гэдгийг У.Хүрэлсүх мэдэж байгаа

МАХН-ын Түр штабын гишүүд “Нарантуул” худалдааны төвд өөрсдийн явуулж буй улс төрийн үйл ажиллагааг танилцуулж, гишүүнчлэл бүртгэсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр гарсан. Түүнчлэн Монгол ардын намын Хяналтын хорооноос МАХН-ын Түр штабын зохицуулагч Н.Удвалыг шүүхэд өгсөн гэдгээ мэдээлсэн билээ. Иймд дээрхи хоёр асуудлын  талаар МАХН-ын Түр штабын зохицуулагч Н.Удвалтай ярилцлаа.

-Та бүхнийг “Нарантуул” худалдааны төвөөс гишүүн элсүүлж байна гэдэг мэдээлэл олны сонирхлыг их татсан. Үүнтэй зэрэгцээд “Н.Удвал гудамжны улс төр хийж эхэллээ” гэсэн шүүмжлэл ч бас зарим нэг хэвлэлд гарсан харагдлаа?

-Энэ их утга учиртай алхам. Өмнө нь улс төрийн намууд ийм үйл ажиллагаа хийдэггүй байсан учраас эвэртэй туулай харсан юм шиг хүлээж авч байх шиг байна. Бидний үзэж байгаагаар бол МАХН ард түмний, олон нийтийн нам. Жирийн иргэдийн нам. Энэ нам дарга нар болон баячуудын нам биш. Бид Онц их хурлын бэлтгэл ажлын хүрээнд намын гишүүнчлэлийн бүтцийг анхаарч судалсан.

Тэгэхэд аль ч улс төрийн хүчинд хамаарагддаггүй, үр дүнг нь ч хүртдэггүй хэсэг бүлэг хүн байна. Тэд бол хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс.

-Тэд тэгээд та бүхний хүссэн шиг таатай хандаж байна уу?

-Маш эерэг сэтгэгдэлтэй байсан. Бид үйл ажиллагаагаа танилцуулж, та нар дэмжиж байгаа бол элсээрэй. Манай Түр штаб тэнд байрлаж байгаа шүү гэдгийг хэлж явсан. Тэд “МАН-ыг ерөөсөө ардын төлөөлөл байхгүй. Дандаа дарга нарын нам болсон байна. Бидний эрх ашгийг хамгаалах хүн алга” гэж ярьж байсан. Энэ утгаараа тэдний асуудлыг шийдэхийн тулд төлөөллийг нь бодлого боловсруулах түвшинд оруулж ирэх хэрэгтэй.

-Танай үйл ажиллагааг дэмжсэн хүмүүсийг шууд гишүүнчлэлээр бүртгэж байгаа юмуу?

-Үгүй ээ, бид нэг ч хүнд үнэмлэх олгоогүй. Бид хуулийн хүрээнд ажиллана. Одоо бол зөвхөн анкет бүртгэх зарчмаар л ажиллаж байгаа. Тэгэхэд биднийг үнэмлэх тараасан гэж гүтгэчихсэн байна лээ.

-Таныг МАХН-ын Түр штабын зохицуулагчийн тань хувьд МАН-аас шүүхэд өгсөн байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би нэхэмжлэл аваагүй байгаа учраас яг тийм, ийм гэж хэлэх боломжгүй байна. Ямар ч буруу зүйл хийгээгүй учраас гайхаж л байна.

-МАХН гэдэг МАН-ын өмчлөлийн нэрээр улс төр хийж байгаа нь Оюуны өмчийн тухай хууль,  холбогдох журмыг зөрчсөн гэ­сэн дүгнэлт таныг шүүхэд өгөх болсон эхний үндэслэл бололтой юм билээ?

-Бидний үйл ажиллагаанд хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй. Үндсэн хуулийн  Цэцийн 2005 оны нэгдүгээр сарын 14-ний 01 дүгээр тогтоолоор Улс төрийн намуудын тухай хуулиас намын нэрийг хэн нэгэн өмчлөх тухай заалтыг хүний эрх зөрчсөн гэж үзээд хассан. Мөн Дээд шүүхийн шүүгч Амарсайхан хүртэл саяхан “МАХН гэсэн бүртгэлтэй нам манайд байхгүй” гэж ярьсан байна лээ. Бүртгэлтэй нам байхгүй юм бол түүнийг хэн ч авч болно гэсэн үг. Мөн Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр өөрийн итгэл үнэмшлээ хамгаалах боломжтой гэж заасан. Иймд МАХН-д гишүүнчлэлээр элссэн тэр итгэл үнэмшлээ бид цаашид ч хадгалж явах эрхтэй. Хамгаалах ч эрхтэй.

-Гэхдээ танд анхнаасаа МАХН-д гэсэн тэр суурь итгэл үнэмшил байсан эсэх нь эргэлзээтэй санагдаж байна. Яагаад гэвэл таныг олон нам дамжсан гэдэг мэдээлэл гарсан байсан?

-Наад яриа чинь МАХН-д элссэний дараа тодорхой хэсэг хүмүүсийн зохиосон яриа. Би энэ асуудлаар шүүхэд хандана. Энэ мэдээллээ худлаа гэдгийг нь У.Хүрэлсүх дарга өөрөө мэдэж байгаа. Намайг Социал демократ намын гишүүн байсан гэж хоёр жил бичиж байна. У.Хүрэлсүх дарга өөрөө энэ асуудлаар тухайн үеийн Социал демократ намын дарга руу хүртэл утасдсан байдаг. Би одоо бол үүнээс өөрийг ярихгүй. Би цагийг нь ирэхээр тодорхой бүлэг асуудлаар шүүхэд хандана. Надад Социал демократ намын гишүүн байгаагүй гэдэг баталгаа бий. Сүүлдээ бүр Үндэсний шинэ намын гишүүн байсан гэж бичих болсон байна лээ. Ногоон дээл өмсч, цай аягалдаг хүүхэн байсан ч гэх шиг. Би насаараа цай зөөлгөж явснаас бус цай зөөж үзээгүй хүн. Тийм түүх надад байхгүй. Хүнийг тэгж гутаан доромжилж болохгүй л дээ.

-Тэгэхээр МАХН-аас өөр намын үнэмлэх танд байхгүй гэсэн үг үү?

-Би  эрдэм шинжилгээний ажил олон жил хийсэн. Гадаадад олон улсын байгууллагад олон жил ажиллаж байгаад л энд ирж МАХН-д элссэн. Надад тэгж олон нам дамжиж явах зав ч байгаагүй. Намайг тэр ч бүү хэл У.Хүрэлсүх дарга “Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед Ц.Элбэгдоржийн бичсэн “Манай Ерөнхийлөгч” гэсэн номыг Н.Удвал редакторлож, хэвлүүлсэн” гэж хүртэл гүтгэж байсан. Хүн гүтгэнэ гэдэг Монголд хууль ёсны болчихсон байна. Би үүнийг өөрчлөхийн төлөө ажиллана, тэмцэнэ.

-Таны анзаарч бай­гаагаар иргэд МАН-ыг МАХН гэдэг утгаар нь харж байна уу?

-Үгүй юм шиг байна лээ. Харин Г.Баасан ламын байгуулсан Монголын ардын намд дагаар орсон МАХН л гэж хараад байгаа юм шиг байна. Хүмүүс эхлээд арай л итгэхгүй байснаа одоо учрыг нь олж байх шиг байна. Бүр МАХН-аас гарсан байсан хүмүүс ч эргээд “Та нар МАХН нэрээ л авах юм бол элсмээр байна” гээд байх болсон.

-Та одоогоор МАН-ын гишүүн үү. Учир нь МАХН-ын гишүүд автоматаар МАН-ын гишүүн болох ёстой. Хэрэв дургүй бол өргөдлөө өгч гарсан тохиолдолд гишүүн биш гэж үзнэ гэдэг тайлбар яваад байгаа?

-Би МАН-д элсээгүй, МАХН-ын гишүүн хэвээрээ байгаа. Улсын бүртгэлд шинээр бүртгүүлж, нэрээ өөрчилсөн бол гишүүнчлэлийг шинээр хийнэ гэсэн хуулийн заалт бий. Нэг ёсны гишүүд нь өргөдлөө өгч байж шинээр бүртгүүлэх ёстой. Түүнээс биш шууд автоматаар шилждэг хууль Монголд байхгүй.

-Тэгвэл МАН-ын Хяналтын хороогоор таны асуудлыг хэлэлцэх ёсгүй гэсэн үг үү?

-Тийм юм байхгүй ээ. Би ямар Ардын намын гишүүн биш намайг хяналтын хороогоор оруулаад яах вэ дээ. Тэр хүмүүстэй ч уулзах  шаардлаггүй. Бид чинь хоёр өөр намын гишүүн болсон шүү дээ.

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж