Гэмтлийн эмнэлэгт өнгөрүүлсэн 14 хоног

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Гэмтлийн эмнэлэгт өнгөрүүлсэн 14 хоног

Манай сайтын цахим шуудангийн хайрцагт АНУ-ын Вашингтон хотод амьдарч байгаа Ё.Гантөмөр захидал ирүүлжээ. Тэрбээр захидалдаа “Сайн байна уу? Та бүхэнд ажлын амжилт хүсье. Салбартаа байгаа дутагдлаа ойлгоосой гэсэндээ өөрийн нүдээр харсан, амссан бүхнээ бичлээ. Би Вашигнтон хотод амьдардаг, багш хүн. Газар дээр ганц ахтай, түүнтэйгээ арван жилийн дараа ухаангүй байхад нь Улаанбаатарт ирж, уулзаад талийгаач болсоны дараа нутаглуулаад буцсан. Бусдад сургамж болох гэсэн үүднээс үүнийг илгээлээ. Хүлээн авч нийтэл өгнө үү” гэжээ.

Түүний захидлыг бид бүрэн эхээр нь танд хүргэж байна.
 
Гэмтлийн эмнэлгийн хоёр давхрын хүйтэн хонгилд 14 хоногийг өнгөрүүлэхдээ аливаа бэрхшээлийг  үл анзаарч зөвхөн өвчтөныхөө төлөө л залбирч билээ. Энэ өдрүүдэд нарт ертөнцийг хэдэн ч хүн орхив доо. Би ч бас азгүй хүн. Өөрт тохиолдсоноо дараад өнгөрөөж болох боловч цаашид анхаарахгүй бол болохгүй шүү гэдгийн үүднээс үзсэн харсанаа үнэнээр өгүүлье.

Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа өдрөөс өдөрт сайжирч  ололт амжилтаар дүүрэн байгаа энэ зуунд ердийн өчүүхэн зүйлээс эмнэлгийн нэр хүнд унана гэдэг байж болшгүй. Улсын гэгдэх том эмнэлгийн Сэхээний тасагт өвчтөний сахиурын өрөө байхгүй, ус халаагч байхгүй, бие засах газаргүй байх жишээтэй. Сахиурууд хаана бие засч байгаа нь ойлгомжтой эмнэлгийн эргэн тойронд шүү дээ. Сахиурууд тодорхой байргүй учраас хонгил, цахилгаан шатны булан тохойд унтаж амарч хооллож ундалж эмч ажилчдад хөөгдөж туугдаж байна. Хамгийн аймаар нь нас барсан хүн хадгалдаг өрөөний дэргэд бид байрлаж байлаа.Харин “мөнгө байвал тусгай өрөөнд өвчтөнтэйгээ орж болно шүү дээ” хэмээн тасгийн дарга Эрдэнэбат гэх залуу гар харна.

Уг асуудалд эмнэлгийн болон тасгийн зүгээс хэн ч анхаарал хандуулдаггүй юм байна лээ. Эмч ажилчдад байдлыг хэлэхэд “удирдлагад хэл дээ, урд нь энд сахиурын өрөө, амралтын болон ариун цэврийн өрөө байсан юм аа. Хувийн компьютерийн аппарат суурилуулах гээд хаачихсан” гэх тайлбарыг өгнө. Сонирхолтой нь ард иргэд рүүгээ чиглэсэн  үйлчилгээ үзүүлнэ гэсэн уриатай байтлаа хувийн хэвшилд найр тавьдаг үйлчилгээтэй байх юм .

Хувийн хэвшил энэ эмнэлэгт томоохон байрыг эзэлж байлаа. Компьютер томографи эвдэрсэн учир өвчтөнөө III эмнэлэг рүү хэд хэд зөөлөө, ЭХО хийлгэнэ, рентгенд зураг авахуулна, хагалгаанд оруулна бүгд хувийн  үйлчилгээтэй. Үүнийг учрыг ойлгож ядаад байх юмгүй, бүгд төлбөртэй. Төлбөр авч бололгүй яах вэ гэхдээ үйлчилгээ гэдгээ мэддэгүй юм байна лээ.

Улсын эмнэлэг мөнгөгүйг далимдуулан гадаадаас хувиараа оношлогооны компьютер томографи аппарат оруулж ирээд бизнес хийж саятан болсон  эмч залуу байдаг юм байна лээ . С.Батзориг гэх энэ тасгийн эрхлэгч залуу хуучин аппаратын өрөөндөө шинэ MRI аппарат байрлуулахын тулд эвдэрсэн гэж  шалтгаан тоочиж суух юм.  Гэвч энэ бол энгийн асуудал байлаа.

Хамгийн гол нь эмнэлэгтээ түрээс, гэрэл, цахилгааны мөнгө төлдөггүйгээс гадна хор, пленкийг  Гэмтлийн эмнэлэг хангадаг, учир нь, захирал нь хамтарсан бизнесийн сүлжээтэй байх жишээтэй.

Эмчилгээ үйлчилгээ, эмчийн зан ёс суртахууны тухайд

Би амьдралдаа үзээгүйгээ юмаа энэ хоногуудад үзлээ. Өвчтөнийхөө талаархи мэдээллийг  эмч бүр өөр өөрөөр тайлбарлах юм.Ямар оноштойг нь тодорхой хэлэхгүй маш хүнд гэчихээд яваад өгнө. Эмч нар нь өвчтөнөө үздэггүй нь эмч нарын энэ ярианаас мэдрэгдсэн. Хэн нь эмчилдэг, хэн нь эмчийг мэдэхгүй 14 хоносон доо. Харин энэ тасгийн сувилагч нар нь эмчээсээ илүү мэдээллийг өгч байх жишээтэй, хурдан, шуурхай, яриа хөөрөөтэй хааяа оруулж гаргана арга ч үгүй биз дээ, олон 10 жил ажилласан болохоор хүний зовлонг ойлгодог юм байна лээ.

Аль ч улс оронд эмчилгээ үйлчилгээ үнэ тарифтай байлгүй яах вэ. Энэ бол ойлгомжтой. Нэг гайхалтай ойлгоогүй зүйл бол эмчилгээ үйлчилгээ хийгээд дуусаны дараа төлбөр тооцоо хийгддэг байтал яг тухайн агшин бүрт л мөнгө төгрөг тооцоо нэхэж бэлнээр өөрсдийн гар дээр авах юм.

Энэ юу вэ ? Нөгөө авлигал чинь биш үү ? Бэлэн мөнгөгүй хүмүүс чинь сандарч эхэлхээрээ юугаа ч хамаагүй зардаг юм байна лээ. Миний дэргэдэх сахиур хашаа байшингаа зараад ч хиймэл яс суулгах хагалгааны үнийг төлж чадаагүй. Бүх мөнгөө эм тариа аваад дууссан гэсэн зовлонг өдөр бүр сонсож хачин юмыг нүдээр үзсэнээ товч бичлээ.

Ийм байхад яаж  эрүүл мэндийн салбарын нэр хүнд сайжрахав дээ . Өвчтөний ар гэр, сахиуруудад  зориулсан өрөө тасалгааг нь хувийн хэвшил эзлэхээр сахиурууд тасгийн ойролцоох булан тохой, цахилгаан шатны ойролцоо хооллож, унтаж, сэтгэлийн давхар дарамтыг авч байна.

Эдгээр энгийн боловч газар авсан асуудлыг тухайн удирдлагууд анхааруулж өгөхийг Эрүүл мэндийн сайд таниас хүсэж байна.

Ё. Гантөмөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж