Ажиллах хүчний 9.3-18.6 хувь нь гадаадад гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Ажиллах хүчний 9.3-18.6 хувь нь гадаадад гарчээ

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар өнөөдөр хэвлэлтээс гарчээ. Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Ан агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Энэ хуулиар агнуурын ажил эрхлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг тогтоож өгөх, ан хийхэд тавигдах шаардлага, ан амьтныг тэжээврээр үржүүлэх, агнуурын амьтны сан, түүний байршил нутгийг эзэмших, ашиглахад иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэхээр зохицуулжээ. Мөн агнуурын амьтныг шөнө агнах, хавх тавих, гэрэлтүүлэх, тул загасыг ахуйн зориулалтаар агнахыг тус тус хориглохоор хуульчилсан байна. Тусгай төлбөртэй агнуулж буй ан амьтны хураамжийн орлогын 30 хувийг тухайн агнуурын амьтны байршил нутгийг хариуцан хамгаалж буй орон нутгийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалтаар олгохоор хуульчилжээ.

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч оролцож болохгүй үндэслэл, шүүхийн шийдвэр хүчинтэй болох, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, тэдгээрийг хүчингүй болгох, өөрчлөх, давж заалдах гомдол гаргахтай холбоотой хуульд ямар нэмэлт, өөрчлөлт орсныг эмхтгэлээс танилцах боломжтой.

Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг мөн нийтэллээ. Дархлаажуулалтын бэлдмэлийг хаанаас худалдан авах, заавал хийх дархлаажуулалтад ямар тарилгууд хамаарах талаарх нэмэлт заалтыг хуульд тусгасан байна.

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Монгол Улс бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эдийн засаг, нийгмийн салбарт хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдон 2010-2015 онд өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт шаардагдах ажиллах хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн зах зээл дээр нийт 40000 гаруй ажлын байр шинээр бий болохоос, 6000 гаруй нь инженер, техникийн ажлын байр байгаа аж. Өнөөдрийн байдлаар албан бус тоогоор 116000-200000 Монгол Улсын иргэн хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа нь манай улсын нийт ажиллах хүчний 9.3-18.6 хувийг эзэлж буй бөгөөд хилийн чанадад өндөр боловсрол, мэдлэг, ур чадвар эзэмшин ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо урт, богино хугацаагаар эргэн ирж ажиллах, бизнес эрхлэх, гадаадын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, мэдлэг дамжуулах, хөрөнгө оруулалт татах зэрэг олон хэлбэр, чиглэлээр эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх хөтөлбөрийг боловсруулсан байна.

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх салбар, чиглэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээр онц шаардлагатай ажлын байранд ирж ажиллах тохиолдолд урамшуулал олгохоор хөтөлбөрт тусгажээ. Хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөтөй танилцахыг хүсвэл “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг уншаарай.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50,7 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэн байна.

Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж