Монгол Улсын 2011 оны “маш муу” төсөв

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Монгол Улсын 2011 оны “маш муу” төсөв

УИХ өнгөрсөн сарын 25-ны өдөр Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг баталсан. “Маш муу” гэсэн тодотголыг аль хэдийнэ хүртэж араасаа шүүмж дагуулж буй эдгээр хуулийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -9.9 хувь болж байна.

Үүнд, Улсын төсвийн 2011 оны нийт орлого 2,492.3 тэрбум төгрөгт хүрч, нийт зарлага 2,782.7 тэрбум төгрөгт төлөвлөгдөн улсын төсвийн нийт тэнцэл 290.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

Харин Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 301.2 тэрбум төгрөг, нийт зарлага 805.2 тэрбум төгрөг байхаар батлагдлаа.

УИХ-аар баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогоор хуримтлал үүсгэх зорилгоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож анх удаа төсвийн тогтворжуулалтын санд 183.1 тэрбум төгрөг хуримтлуулахаар төлөвлөлөө.

Ирэх 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 627.7 тэрбум төгрөг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 48.2 хувийг авто зам, эрчим хүч, цахилгаан дулаан, барилга, хот байгуулалт зэрэг дэд бүтцийн, 15.7 хувийг боловсрол, соёл, шинжлэх ухаан, 11.5 хувийг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын, 6.6 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, 3.6 хувийг хууль, хяналтын байгууллагуудын хөрөнгө оруулалтын зардал тус тус зарцуулахаар төлөвлөлөө.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу иргэн бүрт хувь, хишиг хүртээх зорилтыг биелүүлэх үүднээс:
-Хүний хөгжил сангийн хөрөнгөөр 2011 онд иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг жилдээ нийт 252 мянган төгрөг олгох,

-Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль коллежид суралцаж байгаа 165,000 оюутны 2010-2011 оны сургалтын төлбөрөөс оюутан тус бүрт 500 мянган төгрөгөөр тооцож дэмжлэг олгох,

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу бүх иргэдийг заавал даатгалд хамруулах чиглэлээр одоо эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгаа 344.4 мянган иргэний 4.5 жилийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөд 9.3 тэрбум төгрөгийг шилжүүлэх,

-Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг 1,356 сая иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхөд 10.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар тусгалаа.

Та энд дарж Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийг, энд дарж Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийг  үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж