Зарлигийн нэгдүгээр хэсэгт Монгол Улсын хүн амын орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор "Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүрийн дөрөвдүгээр сард явуулж, үнэлэлт, дүгнэлтийг үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.
Зарилигийн хоёрдугаар зүйлд, биеийн тамир, спортыг нийтийн үйл хэрэг болгох зорилгоор дунд болон их, дээд сургуулиудад биеийн тамир, спортыг сургалтын тэргүүлэх чиглэл болгож, сурагч, оюутнуудыг спортоор хичээллэх таатай орчин нөхцлөөр хангах, спортын хамтлаг, клубын тогтолцоог нэвтрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн бүх байгууллага, нийт ард иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгч уриалсан байна.
Мөн "Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил"-д бүх нийтээрээ хамрагдаж эрүүл чийрэг амьдралын хэвшилтэй болохыг уриалж, ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчид уг сорилыг өгөхөөр болжээ.
Б.ГАЛ