Дэлхийн хамгийн шаргуу, хөдөлмөрч хөлбөмбөгчдийн нэг гэгддэг Карлос Тевез өөрийн багийн дасгалжуулагч Ферги, “Манчестер Юнайтед” болон Аргентиний шигшээ баг дахь ирээдүйнхээ талаар ярьжээ.
1984 оны хоёрдугаар сарын 5-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрос хотноо мэндэлсэн тэрбээр 2001 онд “Бока Жуниорс” багаас хөлбөмбөгчийн замналаа эхэлж, “Коринтианс”, “Вест Хэм Юнайтед” клубт хүчин зүтгэж байсан юм. Харин өдгөө Английн төдийгүй дэлхийн шилдгүүдийн нэг “Манчестер Юнайтед” клубт довтлогчийн үүрэг гүйцэтгэж байна.
-“МанЮ”-г энэ жил Аваргуудын лигт аваргална гэсэн яриа хэдийнэ гараад байгаа. Харин шөвгийн наймын эхний тоглолтдоо талбай дээрээ хоёр гоол алдаж, “Порто”-той тэнцсэний дараа энэ яриа эргэлзээтэй болж эхэллээ. Аваргын цом хүртэх хэр боломжтой гэж бодож байна?
-Мэдээж хэрэг бид тэмцээнээс хасагдаагүй байгаа цагт энэ бол боломжтой зүйл. Бидэнд түүхийн шинэ хуудас нээх боломж байна. Гэхдээ бид дараагийн тоглолтын тухай биш аваргын цомын талаар бодож эхэлвэл аюул нүүрлэж байна гэсэн үг.
-Ирэх зуны арилжаа наймааны цонх нээгдмэгц таныг “Реал Мадрид” руу явах гэж байгаа гэж яригдаж байна. Энэ үнэн үү?
-Би өнөөдөр ч, маргааш ч Мадридын талаар бодож чадахгүй. Миний зээлийн гэрээ зургадугаар сард дуусна. Гэхдээ би Юнайтедаас өөр багийн тухай бодож чадахгүй нь. Юнайтедын фанатууд намайг хүндэлж, хайрладаг. Би болон миний гэр бүлийнхэн ч гэсэн Англид, Манчестерт аз жаргалтай амьдарч байна. Миний бодож, зорьж байгаа зүйл бол “Манчестер Юнайтед”-ын хамт аваргын цом хүртэх явдал. Хэрэв миний хүсэл биелвэл ирэх жил ч гэсэн би Манчестерт байна гэдэгт найдаж байгаа. Би өөр ямар нэгэн багт тоглохыг хүсэхгүй байна. Би үргэлж зүрх сэтгэлээ дагадаг. Харин дотоод хүн намайг Английн хөлбөмбөгийг орхих нь байж боломгүй гэдгийг үргэлж хэлж байгаа /Инээв/.
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд та Англид амьдарлаа. Шинэ газар дасан зохицоход хэцүү байсан уу?
-Анх “Вест Хэм”-д ирж байх үед хэл мэдэхгүйн зовлон алхам бүрт маань тулгардаг байсан. Харин өнөөдрийн тухайд би сэтгэл хангалуун, тав тухаа олчихсон амьдарч байна. Багийн нөхөд, хөгжөөн дэмжигчдийн хайр хүндэтгэлийг мэдрэх тутам шинэ хотод дасан зохицоход дөхөм болж байсан. Одоо Манчестер миний гэр орон болсон. Англи хэл маань ч сайжирсан. Аргентиний шигшээтэй бэлтгэлд гарч байх үедээ би Жонас Гутеррез, Фабрисио Колоччини хоёртой наргидаг юм. Тэр хоёр хоёулаа “Ньюкастл Юнайтед”-д тоглодог. Харин тэд англиар маш муу ярьдаг. Тэр хоёртой харьцуулбал би хажууд нь англиар ус цас ярьдаг шүү.
-Алекс Фергюсон үнэхээр сүрдмээр нэр хүндтэй хүн. Та хоёрын харилцааны талаар сонирхвол?
-Тэр жинхэнэ босс хүн, гэхдээ жинхэнэ эр хүн, жинхэнэ жентльмен. Анх “МанЮ”-д ирсэн цагаас хойш тэр надтай хүний ёсоор хүндэтгэлтэй харьцсаар ирсэн. Энэ бол Сэр Фергюсоны хамгийн сайн чанар. Түүний хувьд “од тоглогч” гэж байдаггүй. Долоо хоногт хэдэн саяын цалин авдаг тоглогч ч бай, багийн төлөө ганц, хоёрхон тоглолтод оролцсон залуухан тоглогч ч бай тэр яг л ижилхэн харьцдаг. Түүнийг ажлаа хийж байгааг нь харахаар Аргентиний “Бока Жуниорс”-т тоглож байх үед намайг дасгалжуулж байсан Карлос Бьянкиг санагдуулдаг. Энэ хоёр хүн хоёулаа надад асар их нөлөө үзүүлсэн хүмүүс. Тэд хоёулаа хүнтэй хэрхэн харьцахаа маш сайн мэддэг.
-Клубын төвшинд Сэр Фергюсоны удирдлага дор, харин олон улсын хөлбөмбөгийн төвшинд та Дьего Марадонагийн удирдлага дор тоглож байгаа. Энэ хоёр хүнийг харьцуулбал?
-Клубын, олон улсын хөлбөмбөг гэдэг маш их ялгаатай. Ноён Фергюсон, Марадона хоёр ч гэсэн хувь хүний үүднээс тэс ондоо хүмүүс. Гэхдээ яг л “Манчестер Юнайтед”-д байдагт адилаар Марадона биднийг ялах сэтгэхүйтэй болгож, ялалтад хүргэхийг зорьдог. Бид уулзах бүрт Марадона энэ талаар ярьдаг. Өөрийнхөө тоглогчдыг ялагч болгон хувиргаж чаддаг Фергюсоны чадварыг Марадона гайхаж, биширдэг гэдгээ нуудаггүй юм. “МанЮ”-гийн тухайд бид үргэлж ялалтын төлөө, ялах итгэл сэтгэлээр тоглодог. Марадона үүнийг мэддэг болохоор Аргентиний шигшээ багийг яг л тийм байгаасай гэж хүсдэг.
-Криштиан Рональдотой нэг багт тоглох ер нь ямархуу байдаг вэ? Та түүнийг дэлхийн шилдэг хөлбөмбөгч гэдэгтэй санал нийлдэг үү?
-Заримдаа түүний тоглолт, чадвар яг л өөр гаригаас ирсэн юм шиг байдаг. Тэр онцгой авьяас чадвартай тоглогч гэдэг үнэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар Аргентиний шигшээд хамт тоглодог Лионель Мессиг би түүнтэй ижил төвшинд хүрсэн сайн хөлбөмбөгч гэж хэлж чадна. Месси одоо “Барса”-д тоглож байгаа. Миний бодлоор тэр хоёр хамтдаа амжилт гаргаж чадна. Тэд бол өөрсдийн хүчээр ялалт байгуулж чаддаг тоглогчид. Хувийн чадвар өндөртэй, гайхалтай хууралт гүйцэтгэдэг, бас гоолын мэдрэмж сайтай тоглогчид шүү дээ. Тэр хоёртой хамт нэг багт тоглоно гэдэг сайхан хэрэг.
-“Олд Траффорд”-ын хөгжөөн дэмжигчдийн байдал танд их чухал юм шиг санагдлаа?
-Аргентинд хөлбөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчид намайг “фанатуудын тоглогч” гэж нэрлэдэг. “Манчестер Юнайтед”-ын фанатуудын хувьд ч гэсэн надаас тэр мөн чанарыг олж харсан шиг санагддаг юм. Энэ нь ч надад сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Миний хувьд хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал, сэтгэл санаа маш чухал. Хөгжөөн дэмжигчгүйгээр хөлбөмбөгч хэн ч биш. Харин тэдэнд сэтгэлийн цэнгэл, баяр баясгалан бэлэглэх нь миний ажил гэж бодож байна.
-Та Премьер лигт гурван улирал тоглосон. Хамгийн хэцүү хамгаалагч гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Английн хөлбөмбөгт олон шилдэг хамгаалагчид бий. Гэхдээ тэдний дотроос “Манчестер Сити”-гийн Мика Ричардс бол үнэхээр хатуу самар. Тэр том биетэй, хүчтэй, хурдтай, түүнийг давж гарах чамгүй бэрх даваа шүү.
-Төгсгөлд нь, та өөрийнхөө хөгжмийн хамтлагийн тухай яриач.
-Би хөгжимчин биш ээ, бас би яаж дуулахыг ч мэдэхгүй. Гэхдээ Буэнос-Айрост байдаг найзууд маань надад санал тавьсан болохоор би “Пиола Ваго” хамтлагт орсон юм. Хамтлаг маань саяхан тарах шахсан ч би бүгдийг нь цуглуулж, дахин нэгдсэн. Би хамтлагийнхаа гоцлол дуучин нь. Гэхдээ би өөрийгөө сайн гэж хэлж чадахгүй ээ, зүгээр л хөгжилтэй байдаг юм. Биднийг “Манчестер Юнайтед”-ын фанатуудад зориулсан дуу хийх гэж байгаа гэсэн яриа гарсан байна лээ. Харамсалтай нь энэ бол ердөө цуурхал. Бид Англид амжилт гаргаж чадна гэдэгт итгэлгүй байна.
С.Шүр /2009.04.14/