Урт нэртэй хуулийн уршиг

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Урт нэртэй хуулийн уршиг

Сонгуулийн өмнөх  жил эх орончийн дүрд хувилсан гишүүдийн амбици ид оволзож байх үеэр УИХ нэгэн хууль баталсан юм.

Эх орон гэхээр газар нутаг, эх оронч гэхээр газар шорооныхоо төлөө тэмцэгч гэсэн хэвшмэл ойлголт монголчуудад байдаг. Энэ нь яс маханд нь байдаг зүйл юм уу, дээхнэ үеийн түүхэн сэдэвт кино, зохиолоос үлдсэн хийсвэр ойлголт юм уу бүү мэд. Ямар ч байсан “эх нутгийнхаа алтан шорооноос сөөм ч газрыг бурхан байтугайд өгөхгүй” гэх зэрэг үгс монголчуудын сэтгэлийг хөөргөддөг. Ийм сэтгэл зүй дээр улс төр хийхийн тулд газар шороо, эх нутгийнхаа төлөө тэмцэгчийн дүрд хувилах нь өндөр үр дүнтэйг олон ч хүн харуулсан.

Тэдний  байнгын бай нь уул уурхай. Уул уурхай эрхлэгчид газар шороо ухдаг байж таарна, тэдэнтэй тэмцэх нь газар шороогоо хамгаална гэсэн үг. Газар шороо, байгаль, уул усаа хамгаалах нь эх орончийн үйл хэрэг. Гэхдээ “Эх орон” гэдэг ойлголтод нь “хүн” багтдаггүй, зөвхөн газар шороо л байдаг нь харамсалтай. Мөн үүнээс ч дутахгүй харамсалтай нэг зүйл нь эх орончид тэрхүү ариун дүрээр бамбай хийж байгаад ард нь ашиг хонжоо унагадаг явдал Монголд газар авсан. 

УИХ-аас 2009 онд баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль ээлжит эх орончдын маань сонгуулийн өмнөх санаачилга байв. Хамгийн гол нь үүний ард бас л өөр эрх ашиг нуугдсан байж магадгүй нь өнөөдөр ил болж байх шиг байна.

Гишүүн Ц.Мөнх-Оргил нарын санаачлан боловсруулсан энэ хуулийн үр дагавараар эдийн засгийн маш том асуудал үүсч, эцэст нь олон хүний амьдрал чирэгдэхийг тэр үед тооцоолоогүй эх оронч гишүүд баахан балиашигласан бололтой. Баргийн юман дээр дуугардаггүй Б.Бат-Эрдэнэ аварга хүртэл “Хэрлэн гол минь… энэ тэр гэж баахан санаа алдсан санагдана.

Энэчлэн тэр үедээ популизм болгож баталсан хууль өнөөдөр маш том асуудал үүсгээд байна.
Дээрх хуульд заасан хилийн зааг дотор хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл эзэмшиж байгаа нийт 1700 гаруй аж ахуйн нэгж бий. Эдгээрээс эхний ээлжинд 256 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гараад байна. Гэхдээ Засгийн газраас үйл ажиллагааг нь зогсоож, лицензийг нь хураахдаа тэдэнд нөхөн олговор олгох ёстой юм. Хоёр тал лиценз болоод нөхөн олговрыг баруун, зүүн гараараа солилцохоор холбогдох хууль, журамд заагаад буй. Энд эрх ашиг нь хөндөгдсөн компаниудын 40 хувь нь нөхөн олговор авах хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд нийтдээ хэмжээ нь 7-8 их наяд төгрөг болоод байна. Мөн эхний ээлжинд “цавчуулах” 256 компанийн 31 хувь нь нүүрснийх байна. Энэ дунд Шарын голын болоод Хөшөөтийн нүүрсний уурхайд багтаж байгаа ажээ.

Шарын голын уурхай л гэхэд Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг гол эх үүсвэр нь. Тэгэхээр эрчим хүч, дулаанаа зөвхөн нүүрс түлж гаргадаг, тэгээд энэ нь хүрэлцдэггүй Монгол Улсад Эрдэнэт, Дархан гээд нийслэлийн дараа орох томоохон хотууд нь гал, хөс алдахдаа тулах нь ээ.

Саяхан л хайгуулын лиценз олгоод газар нутгийнхаа дор юу байгааг мэдээд авья гэдэг бодлого баримталж байсан төрд одоо энэ нь хэрэггүй болоодохсон уу? Нэгэн цагт хууль журмынх нь дагуу зөвшөөрөл авч, улсад татвараа өгч, өчнөөн хүнийг ажлын байр, цалин хөлсөөр хангаад явж байсан аж ахуйн нэгжүүд одоо үүдээ хаахдаа туллаа. Дээрх хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа компаниудын зөвхөн  төсөвт оруулдаг орлого нь гэхэд жилд 400 гаруй тэрбум төгрөг болж байна. Тэгэхээр нийт эдийн засагт оруулж буй хувь нэмэр нь хэдий хэр болох нь ойлгомжтой. Олон хүний ажлын байр, тэдний нэг бүрийн ар дахь ахуй амьдрал, өрхийн орлого гэдэг асуудал энд бас хөндөгдөнө. Зөвхөн эдийн засгийн бус нийгмийн сөрөг үр дагавартай эл хуулийг батлахдаа улстөрчид өөр ашиг хонжоо харсан гэж эрх нь хөндөгдсөн компаниуд үзэхэд хүрч байна.

Уг нь либерал, чөлөөт эдийн засагтай улс оронд хувийн өмч, хувийн хөрөнгө оруулалтыг хөхиүлдэг бол манайд хөхиүлэх бүү хэл хүндэтгэж ч үзэлгүйгээр хууль журам зохиодог жишээ цөөнгүй. Тэр тусмаа дээрх урт нэртэй хуулийг хувийн хэвшил, эдийн засгаа боомилсон нэг том жишээ гэж дүгнэх ёстой.

Уул уурхайнхнаас лицензийг нь ийнхүү хавтгайруулан нийгэмчлэн хурааж байгаа энэ удаагийн алхам анхных нь биш. Өмнө нь Тавантолгойн ордын лицензийг төр мэдэлдээ хурааж авсан боловч хамгийн өндөр агуулга, өөрөөр хэлбэл, өрмийг нь “Энержи Ресурс” -д үлдээсэн байсан. Тус компанийн эзэмшиж байгаа Ухаахудагийн уурхай нь нийт орд газрын дөрвөн хувь боловч нийт нөөцийнх нь 20 орчим хувийг агуулдаг гэсэн тооцоо бий. Улс төрд өөрийн эрх ашгийг төлөөлдөг бүлэглэл бүхий дээрх компани шиг зарим нэг нь энэ удаад ч гэсэн лицензтэйгээ үлдэх, эсвэл бусдаас хураагдсан лицензийг үнэгүйдүүлж байгаад хямдаар авчих вий гэсэн болгоомжлол бас харагдаад байна. Чухам ийм зорилгоор энэ олон лицензийг хураасан байж магадгүй гэдэг байр суурийг лицензээ алдахад хүрсэн бизнесмэнүүд илэрхийлж буй юм. Тэдний түгшүүрийг “Хонгконгийн бирж дээрээс босгосон мөнгөнийхөө 250 сая ам.долларыг шинээр лиценз авахад зарцуулна” гэсэн мэдээлэл улам ч томруулж байгааг нуух хэрэггүй.

Мэдээж баялаг бүтээдэггүй төрд 7-8 их наяд төгрөгийг нөхөн олговорт өгнө гэдэг хэмжээлшгүй их мөнгө. Ийм их хохирол амсан байж энэ хуулийг хэрэгжүүлэх гэсний учир нь юу байж болох вэ гээд бодохоор янз бүрийн хардлага тэдэнд төрөх нь ч аргагүй юм. Том эрх ашиг том хохирол дагуулдаг гэдэг үг бий. Үнэнийг хэлэхэд урт нэртэй дээрх хуулийг дагалдан үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдал дээрээс улс төрийн тодорхой бүлэглэлүүд ирэх сонгуулийнхаа санхүүжилтийг босгох гэж байж ч болох юм гэх яриа тарж байна. 

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж