Эрчим хүчний салбарыг бие даах хүртэл төр ачааг нь үүрнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарыг бие даах хүртэл төр ачааг нь үүрнэ

УИХ-ын чуулганы баасан гари­гийн хуралдаанаар  “Түлш эрчим хүч­ний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.  УИХ-ын гишүүн А.Тлейхан, Н.Батбаяр нарын 12 гишүүн түлш, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхыг сайжруулах, эрчим хүчний үнийг бодит өртөгт хүргэн нэмэгдүүлж, тус салбарыг санхүүгийн хувьд бие даалган ажиллуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр багц асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгааг үндэслэн энэхүү тогтоолын төслийг боловсруулсан байна.
Энэхүү тогтоолын төслийг боловсруулах болсон нь сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарын санхүүгийн байдал доройтож их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаатай холбоотой бөгөөд тус салбарыг санхүүгийн хувьд бие даалган ажиллуулах хүртэл ачааллын зарим хэсгийг Засгийн газарт шилжүүлэн эрчим хүчний салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэд хэдэн арга хэмжээг төр, засгаас авах зэрэг зохицуулалтыг тусгасан аж.
Эрчим хүчний салбарт 2008 онд  салбарын  дүнгээр балансын алдагдал 24,4 тэрбум төгрөгт хүрч, 2007 онтой харьцуулахад 6 дахин өссөн. 2009 он гарсаар  байдал улам дордож, улирал бүр алдагдал нэмэгдсээр 2009 оны жилийн эцэст 69,6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан талаар тогтоолын төсөл санаачлагчид танилцуулсан бөгөөд ийнхүү алдагдалтай ажиллах болсон шалтгааныг мөн дурдсан байна.
Тухайлбал, Орон нутгийн үйлдвэрийн алдагдлыг төвийн бүсийн үйлдвэрүүдийн орлогоос нөхүүлж байсан. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт борлуулах цахилгааны үнийг хөнгөлөх, урьдчилгаа төлбөр хийсэнд хөнгөлөлт үзүүлэх зэргээр орлого буурсан. Эрчим хүчний үнийг бодит зардалд нийцүүлэн тухай бүр нэмэгдүүлж чадаагүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэнэ.
Чуулганы хуралдаан дээр энэ салбарт нэгдсэн бодлого байхгүй талаар гишүүд шүүмжилж, алдагдал хямралтай байдалд байсаар байна гэв. Шүүмжлэл хэлсэн гишүүдээс Н.Ганбямба “Эрчим хүчний үнийг нэмнэ гэж байгаа нь ард түмний нуруунд ихээхэн дарамт, ачаа үүрүүлэх болно. Түүнчлэн энэ салбарт хичнээн мөнгө хийсэн ч элсэнд хийсэн ус мэт алга болно. Энэ салбарыг хувьчлахгүй  бол шахааны бизнес байсаар байна” хэмээн хэзээ хувьчлах боломжтой эсэх талаар тодруулав.
Үүнд нь Д.Зоригт сайд “2011 оны төсөвт эрчим хүчний салбарт 11 тэрбум төгрөг тусгасан. Эрчим хүчний салбарын өр төлбөрийн асуудал одоогийн байдлаар сайжирч байна. Гэр хорооллын дулааны асуудлыг шийдвэрлэх зорилгоор  1600 өрхийн бүрээсийг шинэчилж, дөрвөн төрлийн газ, найман төрлийн халаагуур, хоёр төрлийн зуух  гээд нийтдээ 14 төрлийн шинэ бүтээгдэхүүн туршиж байна. Туршилтын хугацаа дуусахаар үнийн хөнгөлөлт үзүүлэх юм. УИХ-аас гаргасан 2012 он хүртэлх томоохон обьектын хувьчлалын жагсаалтад  IV цахилгаан станц орсон байгаа. Шахааны бизнес гэж Ганбямба гишүүн олон удаа хэлж байгаа. Энэ талаар тодорхой баримт, нотолгоог хэлэх хэрэгтэй. Эрчим хүчний салбарт ямар ч шахааны бизнес байхгүй” хэмээн хариулав.  
Шинэ эрчим хүчний эх үүсвэл барих тухай сэдэв гишүүдийн шүүмжлэлийг улам хөгжөөсөн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “1990 оны үед тавдугаар цахилгаан станцыг барих зарим тоног төхөөрөмж орж ирж байна гэж байсан санагдаж байна. Тавдугаар цахилгаан станцыг барих талаар хорин жил ярьж байна. Одоо ч мөн ярьсаар, хаана ч барихаа мэдэхгүй байсаар байна. Хичнээн олон газар салхины, нарны эрчим хүчний төсөл хэрэгжив. Тэр бүхэн нь ямар ч үр дүнгүй болсон шүү дээ” гэв.
Түүнчлэн гишүүд тус салбарын менежмент муу, төрөөс хөрөнгө, мөнгөөр маш их дэмжиж байсан ч ямар ч тооцоо судалгаагүй үрэлгэн зарцуулж, эдгээр  тооцоо судалгааг муу гаргаж ажлын хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцохгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Мөн хэлэлцүүлгийн явцад   түлш, эрчим хүчний төрийн өмчийн компаниудын урт хугацаат зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг Засгийн газар хариуцаж, хөрөнгө оруулалт болгон тооцох, дамжуулан зээлсэн зээлийн өрийг барагдуулах, ахуйн цахилгаан хэрэглээний үнийг шатлалтай болгон 2013 оноос зах зээлийн зарчмаар ажиллуулах, эрчим хүчний 5 дахь эх үүсвэрийг барьж байгуулах чиглэлээр оруулж байгаа заалтуудыг хэлэлцүүлгийн явцад сайтар нягталж үзэх хэрэгтэй гэсэн саналууд гарав.
Ийнхүү бүхэлдээ шүүмж саналууд дунд үргэлжилсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад   хуралдаанд оролцсон гишүүдийн  78 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжиж  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн байна.

Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж